Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Өсвөр насны шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хууль ёсны төлөөлөгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000415 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Өсвөр насны шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Өвгөн овогт Батбаатарын Цэрэннадмид

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэг ******* нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг “Баянбайдраг” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд*******ийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн зодож улмаар түүний хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, алимны салст, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатан өгсөн: .... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз нарын хамт явж байгаад Баянбайдраг дэлгүүрийн ойролцоо Амарбилэг болон түүний найз нартай таарч би нэг хүүхэдтэй нь юм яриад байж байтал Амарбилэг гэх хүүхэд хүрээд ирэхээр нь нүүрэнд нь мөргөсөн. Тэгээд эргээд хартал манай найз нар хүүхдүүдтэй барилцаад авсан байхаар нь би боль гэж хэлээд салгасан. Тэгтэл Амарбилэг нь ах нарыгаа дуудаж та нарыг зодуулна гэхээр нь айгаад бид нар яваад өгсөн... Амарбилэгтэй 2020 оны 10 сарын 01-ний өдөр таарч зөрөхдөө мөрлөлцөөд салсан юм. Тэрнээс болж 2020 оны 10 сарын 03-ны өдөр маргалдсан. Амарбилэгийг мөргөсний дараа түүний нүд хөхөрсөн байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 45-48/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт Өсвөр насны шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Насанд хүрээгүй хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз Баяндүүрэн, Намхайнямбуу, Ганчулуун нарын хамт Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Баянбайдраг дэлгүүрийн орчимд 21 цагийн үед явж байхад Цэрэннадмид гэх манай үеийн Номундалай сургуулийн 11 г ангийн хүүхэд 5-уулаа явж байгаад бид нарыг дуудахаар нь бид нар яваад очтол манай найз Намхайнямбуутай юм ярьж байгаад гэнэт бид нарыг зодсон. Цэрэннадмид гэх хүүхэд нь намайг татаж шууд миний нүүрэнд мөргөж миний зүү талын нүдийг хөхрүүлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 06-07/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв. 5. Насанд хүрээгүй гэрч Б.Баяндүүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз*******, Намхайнямбуу, Ганчулуун нарын хамт Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Баянбайдраг дэлгүүрийн орчимд 21 цагийн үед явж байхад Цэрэннадмид гэх манай үеийн Номундалай сургуулийн 11 г ангийн хүүхэд 5-уулаа явж байгаад бид нарыг дуудахаар нь бид нар яваад очтол манай найз Намхайнямбуутай юм ярьж байгаад түүнийг алгадахаар нь би дундуур нь ороод болиулах гэхэд миний араас Равдан гэх банди түлхэж миний шанаа орчим цохисон...гэх мэдүүлэг / хх-ийн 12- 13/,

6. Насанд хүрээгүй гэрч З.Энгүүн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянбайдраг гэх дэлгүүрийн өмнө хэдэн хүүхэдтэй таарахад Цэрэннадмид нэг хүүхэдтэй маргалдахад нэг хүүхэд голоор нь ортол Цэрэннадмид түүнийг мөргөж байгаа харагдсан. Шийрэвийн өөдөөс нэг хүүхэд гүйж ирэхэд Шийрэв түүний хацар хэсэгт цохиж авсан тэгээд тэр Хүүхдүүдээс бид нар салж явсан. Мөргүүлсэн 'хүүхДийг зүгээр үү гэхэд тэр хүүхэд та нарыг ах нарыгаа дуудаж зодуулна гэхээр нь бид нар зугтаагаад явсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /,

7. Насанд хүрээгүй гэрч Н.Шийрэвдамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг байх дэлгүүрийн орчимд Амарбилэг болон түүний найз нартай таарч бид хэд мөрлөлцөөд салсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянбайдраг дэлгүүрийн өмнө таарч манай найз Цэрэннадмид нэг бандитай маргалдахад тэр 2-ын голоор Амарбилэг ороход Цэрэннадмид түүнийг мөргөсөн..” гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /,

8. Насанд хүрээгүй гэрч Б.Ганчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Амарбилэг, Намхайнямбуу, Баяндүүрэн нарын хамт Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Баянбайдраг дэлгүүрийн орчимд явж байхад Номундалай сургуулийн 11 г ангийн хүүхдүүд бид дөрвийг дуудсан. Тэгээд явж очиход Цэрэннадмид Амарбилэгийг мөргөсөн. Тэгээд бид нар тэднийг салгасан өөр зүйл би хараагүй. Намхайнямбууг хүн зодоогүй, Баяндүүрэнг хүн зодож байхыг хараагүй. Намайг мөн хүн зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /,

9. Шинжээч эмчийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 556 дугаартай шинжээчийн 1.*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, алимны салст, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой .... гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоол, эвлэрлийн гэрээ /хх-ийн 98-99/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Баянбайдраг” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч*******ийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн зодож улмаар түүний хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, алимны салст, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт т болсон нь насанд хүрээгүй хохирогч*******, насанд хүрээгүй гэрч Б.Баяндүүрэн, З.ЭнгүүнЭрдэнэ, Н.Шийрэвдамба, Б.Ганчулуун нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 556 дугаар тус тус дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул өсвөр насны *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Өсвөр насны шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******ад түүний гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн түүний хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын, Хөгжлийн Газарт даалгаж шийдвэрлэв. Харин өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн ял оногдуулахаар заасныг дурдах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Өсвөр насны шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Өсвөр насны шүүгдэгч Өвгөн овогт Батбаатарын Цэрэннадмидыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Өвгөн овогт Батбаатарын Цэрэннадмидад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж зургаан / 06 / сарын хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн Газарт даалгасугай.

5. өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ