Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/360

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0353/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Э.Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох эрүүгийн 1718003200154 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.А-, 1967 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс *******, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1.1983 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 б-ээр 2 жилийн хорих ялыг хойшлогдсон,

2.1983 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 в-ээр 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж 1986 онд суллагдсан,

3. Дархан хотын ардын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 154 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 3-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Э.Э.А- нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой Дархан- Уул аймаг Дархан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны гадна үүдэнд иргэн Д.Д.Т-ыг банк руу оруулахгүй гэж гараа тавиулахаар түлхэж унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүгдэгч Э.Э.А- нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой Дархан- Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны гадна үүдэнд иргэн Д.Д.Т-ыг банк руу оруулахгүй гэж гараа тавиулахаар түлхэж унаган эрүүл мэндэд нь "зүүн хөмсөг, дагзны шарх, дух зүүн гуяны зулгаралт нүдний зовхи, дээд, доод уруул, зүүн гуяны цус хуралт, хоёр шүдний хөдөлгөөнтэй байдал" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Э.А- мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...2017 оны 10-р сарын 07-ны өдрийн 20 цаг өнгөрөөд 21 цаг болох гэж байхад би Дархан сумын 5-р баг ******* хамгаалагчаар ажиллаж байхад гаднаас согтуу хүн орж ирэх гээд гадаа үүдэнд ирэхэд нь би урдаас нь гарч очоод тэр хүнийг ийшээ орж болохгүй согтуу хүнд үйлчилдэггүй юмаа гэж хэлсэн чинь тэр хүн банк руу орно гээд янз бүрээр хэлээд хэл амаар доромжлоод миний зүүн талын гарын тохой дээрээс барьчхаад орно гээд байхаар нь би гараа татаж авах гээд татсан чинь нөгөө хүн арагшаа цас орсон байсан цасан дээр халтираад хойшоо шатнаас уначихсан. Тэгээд би араас нь гүйж очоод нөгөө хүнийг татаад босгосон чинь тэр хүний хөмсөг язарчихсан байхаар нь би нусны алчуур салфетка өгчхөөд түргэн, цагдаа дуудсан. Би тэр хүнийг унасных нь дараа татаж босгосны дараа надаас ахимаг насны хүн гэдгийг мэдсэн. Тэгээд тэнд зогсож байсан нэг залууг дуудаад гэрэл тусгаж харсан. Тэгээд тэр хүнийг босгож сандал дээр суулгаж байж байхад удалгүй цагдаа нар ирсэн чинь толгойных нь ард талд бас язарсныг нь мэдсэн тухайн үед хөмсөгнөөс их цус гарсан. Тэгээд тэр хүнийг эмнэлэг аваад явсан. Тэнд харсан залуу бас цагдаад мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Д.Д.Т-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   ...2017 оны 10-р сарын 07-ны өдөр Спортын төв ордонд шатрын тэмцээнд орчихоод ******* гэдэг найзтай Ихэр могойн доор байдаг пабад орж 0,5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Сууж байсан газраасаа хэзээ яаж гарсан ******* хэзээ явсан талаар мэдэхгүй санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь би Хаан банкны гадаа хаалганы бариулнаас барих гээд би хараа муутай шүү гэж хэлж байснаа санаж байгаа юм. Тэгээд өөр зүйл сайн санахгүй байна. Миний толгойд оёдол тавьсныг ч сайн мэдэхгүй байгаа. Тэр орой нь манай ах намайг эмнэлгээс гэрт хүргэж өгсөн байсан. Маргааш нь би босоод бас Спортын ордонд шатар тоглосон. Нөгөөдөр нь би унасан юм байх гэж бодоод Ихэр могой дээр очиж унасан талаараа асуухад Хаан банкнаас асуу гэж хэлсэн. Тэгээд Хаан банкнаас асуусан чинь намайг түлхсэн хамгаалагч залуу байж байсан мэдүүлэг,

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017.10.07-ны орой 20 цагийн үед биржийн урд байрлах Хаан банкны урд талд машин хүлээгээд зогсож байтал Хаан банкны урд талд тус банкны хамгаалагч бололтой хамгаалалтын албаны хувцастай эрэгтэй хүн өөр нэг халзан толгойтой 60 орчим насны согтуу хүнтэй маргалдаж байсан. Би тэр хоёрыг хараад зогсож байтал согтуу эрэгтэй нь Хаан банк руу орох гээд хөл дээрээ ч тогтож чадахааргүй болтлоо согтчихсон дайраад байсан. Хамгаалагч тухайн согтуу хүнийг банк руу оруулахгүй гээд маргалдаад банкны шатан дээр зогсож байсан. Уг согтуу хүн хамгаалагчийн гарнаас нь зуураад байсан. Тэгэхэд хамгаалагч эрэгтэй согтуу хүнийг хажуу тийш буюу шатны зүүн тийш түлхэхэд нөгөө согтуу хүн зүүн тийш эргээд шатан дээр байсан цасан дээр халтираад тэнцвэр алдаж шатны уруу унасан юм. Ингээд би цагдаа дуудсан, хамгаалагч эмнэлэг дуудсан гэх мэдүүлэг /хх 22/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны 1012 дугаар дүгнэлт:

 

“1.Д.Д.Т-ын биед зүүн хөмсөг, дагзны шарх, дух, зүүн гуяны зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд, доод уруул, зүүн гуяны цус хуралт, хоёр шүдний хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 27/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э.А-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Э.Э.А- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ