Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/134

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 1714000290013 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн  урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 07 сарын 17-18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут рашаан сувилалын газар *******г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар 17-ны өдөр сургалт, семинарууд болоод орой 18 цагийн үед хүлээн авалт болсон юм... Тэгээд хүлээн авалтаас гараад Шаргалжуутын амралтын газрын өрөөнд ажлын газрын Баярмаа, Цэрмаа нартай хамт байсан юм. Тэгээд юм яриад сууж байхад Цэрмаа надад хамт гарч бие засъя гэж хэлсэн. Тухайн үед 01 цагаас 02 цагийг үед байх. Тэгээд бид өрөөнөөс гараад 00 орсон юм. Тэнд очиход араас гэрэл тусгаад ******* хүрээд ирсэн. Ирээд танай өрөөний Баярмаа байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна гэсэн чинь чи өрөөнд байсан мөртлөө яагаад мэддэггүй юм бэ гээд надаас хэрүүл өдөөд байхаар би “чи яах гээд байгаад юм бэ” гэх хэлэхэд тэр миний зүүн шанаа, эрүүний орчим нэг удаа цохьсон. Тэгээд та намайг цохилоо шүү гэсэн чинь чамайг дахиад цохьсон ч яадаг юм гээд дахиад эрүүний орчим цохьсон. Тэгээд дахиад цохих гээд байхад нь Цэрмаа салгасан юм. Тэгээд би цагдаад мэдэгдэх болно гэж хэлээд Шаргалжуутын хэсгийн кобонд очиход цагдаа байхгүй байсан. Тэгсэн чинь ******* араас дагаж ирээд яасан цагдаад хэлдэг юм бэ гээд намайг нэг удаа өшиглөсөн... Өрөөнд орж ирээд удаагүй 5 минут л болсон байх араас ******* орж ирээд намайг орон дээр дээшээ хараад хэвтэж байхад чацага минь гэж хэлээд нүүрлүү цохисон... Тэгээд миний хамар эвгүй болоод хамраа дараад доошоо хараад хэвтсэн юм...”гэх мэдүүлэг /хх-н 24-27/ Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 06 сарын 17-ны өдөр бага хуралд оролцохоор Шаргалжуут 8 дугаар багт очоод хуралд оролцоод хүлээн авалтад орсон. Дараа нь амрах байранд Баярмаа, Дэлгэрдалай, Өлзийнаран бид нар хамт байж байгаад нэг нэг лааз пиво уусан... Дэлгэрдалайтай хамт бие засхаар 00 ороод дараа нь 00-ийн хажууд юм нөмрөөд тамхи татаад сууж байхад ******* гэх залуу ирээд Дэлгэрдалайтай юм ярьж байгаад ******* Дэлгэрдалайг чи миний өөдөөс томорлоо гэж хэлээд 1 удаа цохиж авсан. Дэлгэрдалай намайг хууль хамгаалдаг юм шүү гэхэд ******* чи яасан их хуультай юм дахин 2 удаа цохиж авсан. Дэлгэрдалай бид 2 амралтын байрандаа очоод Дэлгэрдалай орон дээр хэвтэж байхад *******, Мөнхболд бас нэг залуутай гурвуулаа орж ирээд ******* нь Дэлгэрдалайг шууд цохиод авсан. Баярмаа эгч Боль гээд салгасан. Дэлгэрдалайгийн хамраас цус гойжсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 277 дугаартай: *******н биед хамар ясны хугарал, таславчын мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ -*******гийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-21/ -Иргэдэд үйлчлэх автомат машины Б.*******ийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-47/ -гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, *******ийн Хонгорзулын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-48-49/ - ХААН банкны депизит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-56/ -Б.*******ийн Бакалаврын дипломийн хуулбар, /хх-ийн 60-63/, -гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо /хх-ийн 65/ -Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******гийн хүсэлт, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 68-72/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүгдэгч нар нь харилцан бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчоор өгсөн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.*******ийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундаа хэрэглсэн, согтуурлын байдалд байхдаа бусдыг өдөж, хэрүүл маргаан үүсгэж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нарын эзэмшлийн гар утасуудыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Самсунг Э-5 маркийн гар утасыг битүүмжилснийг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ