Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2363

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/02316 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, Багануур өртөөний буудлын жижүүрийн албан тушаалд хугацаа харгалзахгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 1 912 101 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь  2007 оноос Багануур өртөөний буудлын жижүүрээр ажиллаж эхэлсэн. УБТЗ-ын даргын А-03 тоот тушаалаар Багануур өртөөний хэсгийн амрах байрыг татан буулгаж шилжүүлсэн. Аж ахуй нэгж байгууллагын өмчлөл, харьяалал өөрчлөгдөхөд, тухайн аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болох үндэслэл болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь хөлсөөр ажиллах гэрээ гэж хөдөлмөрийн гэрээг нэрлэн ажилтан Ц.О-тай байгуулснаараа түүний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж нэрлэсэн байдаг боловч гэрээний агуулга нь бүхэлдээ хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах харилцааг зохицуулсан байдаг. Ажлын цагийг өглөө 7 цаг 30 минутаас ажил дээр ирж,  үдэш 17 цаг 00 минутанд ажлаа дуусгах гэсэн цагийн графикийг мөн гаргаж өгсөн байна. Ажилтан өөрөө тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж байх үндсэн шалгуур шаардлагыг тавьсан байна. Мөн гэрээний 2.5 дээр ажилчин нь гэрээний нөхцөл аюулгүй ажиллагааны дүрэм ажлын байрны хэв журам, хөдөлмөрийн сахилга зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг төлүүлж, гэрээг цуцлана гэж заасан байгаа. УБТЗ болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2017-2018 оны хамтын гэрээ гэж байгаа. Тасралтгүй ажилласан болон бүсийн нэмэгдлүүд нь хамтын гэрээн дээр заагдаагүй боловч хамтын гэрээний 2-р зүйлийн 3.11 дэх хэсэгт зааснаар олгогдох нэмэгдлүүд мөн хамаарч байдаг. Хамтын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тухайн ажлын байранд шинээр ажилтан авахдаа хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж гэрээний нэрийг хөлсөөр ажиллах гэрээ болгон өөрчилж, гэрээг хугацаатайгаар байгуулж, ажилтныг гомдол гаргана, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шаардлага тавихад нь “тэгвэл чамайг хална чи замаа бод, чи манай үндсэн ажилтан биш” гэх зэргээр ажилтныг илтэд ялгаварлан гадуурхдаг. Ажил албан тушаалын жагсаалтыг гаргаад ирэхэд бохирын үйлчлэгч гээд 2 албан тушаал явж байна. Энэ 2 албан тушаал нь нэхэмжлэгчийн хийж байгаа ажил үүргийн хувьд бол яг адилхан байна. Гэтэл Ц.О- нь хөлсөөр ажиллах гэрээгээр бусад нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Нэг ажлыг 2 хүн өөр гэрээгээр хийж байгаа нь хөдөлмөрийн харилцаанд илт ялгаварлалт тогтоож байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ гэдэг агуулгаар нь үнэлж, түүнд хууль тогтоомж, хамтын гэрээгээр олгогдохгүй байгаа нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг олгож өгч шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд “2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийт 512 426 /таван зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин зургаа / төгрөгийг гаргуулах, хөдөлмөрийн гэрээнд УБТЗ-ын нийт ажилтныг хамарч үйлчилдэг, хамтын гэрээнд заасан сар жилийн үр дүнгийн шагнал, бүсийн нэмэгдэл, тасралтгүй ажилласны нэмэгдэл зэргийг олгож байхаар тусгуулах, ээлжийн амралтыг хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эдлэхээр тусгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, иргэн Ц.О- нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд үнэлж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж байна. Ажилтан Ц.О- нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-нийг хүртэл хөдөлмөрийн хууль, хамтын гэрээнд заасан нөхцлийг эдэлж чадаагүйн улмаас дараах байдлаар хууль ёсны эрх ашиг нь хохирсон байна. Гэрээнд заасны дагуу цалин хөлс нь 446 050 төгрөг байх тул үүнээс нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагналыг тооцооллоо. Үүнд: УБТЗ-ын бүсийн нэмэгдэл - 6,2 хувь – 27 655 х 7 сар= 193 585 төгрөг, УБТЗ-д тасралтгүй ажилласны нэмэгдэл - 6 хувь – 26 763 х 7 сар= 187 341 төгрөг, УБТЗ-ын сарын үр дүнгээр олгох шагнал - 50 хувь – 223 025 х 7 сар = 1 561 175 төгрөг болж байна. Нийт 1 942 101 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас 1942101 / нэг сая есөн дөчин хоёр мянга нэг зуун нэг/ төгрөгийг хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь хууль тогтоомж хамтын гэрээ хэлэлцээрийг дордуулснаас учирсан хохирол хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь Багануур өртөөний даргатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байсан. 2016 оны 2 дугаар сард цуцлаад 2016-2017 онд хөлсөөр ажиллах гэрээгээр нэг жил ажилласан байсан. Ажил олгогчийн зүгээс амьдрал байдлыг харж үзээд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Цомхотголд ороод ажилгүй байсан гэсэн үг. Хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд ажиллаж байсан. Хөдөлмөрийн хуульд байнгын ажлын байр гэж юу вэ гэдгийг зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 дахь хэсэгт “мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байна. 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А163 тоот тушаалаар шинэчлэн баталсан. Буудлын жижүүрийн ажил нь дангаараа нормдоо хүрдэггүй учраас хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан норм норматив дотоод журмын 21 дэх хэсэгт байгууллагын түвшинд боловсруулсан  хөдөлмөрийн норм нормативыг холбогдох журмын хамт төлөөлөгч нартай тохиролцон ажил олгогчид танилцуулсны үндсэн дээр  баталж мөрдүүлсний дагуу дээр дурдсан тушаалыг 2008 оны тушаалын хавсралтаар баталсан нормыг ажилтны төлөөлөгч буюу үйлдвэрчний байгууллагатай зөвшилцөн баталсныг уг тушаалын арын хуудаснаас нь харж болно. Иргэний хуулийн 363.1 дэх хэсэгт “ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэж заасны дагуу УБТЗ нэхэмжлэгчийг ажлын байр  тоног төхөөрөмжөөр ханган ажиллуулж байна. Багануур өртөөн дээр зорчигчийн галт тэрэг явахгүй байгаа. Ц.О-ын ажиллаж байгаа буудалд хаа нэгтээ хүн бууна. Томилолтын хүмүүс л буудаг, хүн буухад нь л цэвэрлэгээ хийнэ. Хийж байгаа ажил нь ажлын хэмжээ нормдоо хүрэхгүй  болохоор нэг хүний орон тоог батлах боломж байхгүй. Багануур өртөө рүү ажилчдын автобус явдаг. Тэр автобусны мөнгө хураадаг. Эрээвэр хураавар ажил хийлгэж байж цалин олгодог. Яг цэвэр хийх ажил байхгүй. Орчин үед гараар хийх ажил багасаж байгаа учраас цомхотгол хийхээс аргагүй. Хөлсөөр ажиллах гэрээний асуудлыг шийдүүлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байна. Хөлсөөр ажиллах гэрээний үндэслэл нь хөдөлмөрийн норм нормативтай. Энэ хүний хийж байгаа ажил нь тэрхүү нормд хүрэхгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээний бас онцлог нь гэрээг байгуулах эсэх асуудал нь чөлөөтэй байдаг. Ц.О- сайн дураар өөрөө гарын үсэг зурсан байгаа. Хөлсөөр ажиллах гэрээний харилцааг Иргэний хуулийн 32 дугаар зүйлээр зохицуулдаг бол хуульд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэнэ. Харин ээлжийн амралт үр дүнгийн шагнал зэрэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад хамаарах бөгөөд  хөдөлмөрийн гэрээний харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хамтын гэрээний 3.7 дахь хэсэгт байнгын ажлын байранд шинээр ажилтан авахдаа хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн ажлын байр байнгын ажлын байр биш. Манай ажил албан тушаалд ийм ажлын байр байхгүй. Шинээр энэ хүнийг бол ажилд аваагүй. Цомхотголд орсон байсныг нь нэг жил ажлаар хангаж хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулахаар өөртэй нь тохиролцож байсан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдлыг харахад хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хамтын гэрээ хэлэлцээрээр дордуулсан гэж бичээд байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан  гэрээ бол хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ гэдгийг бүгд мэдэж байгаа. Мөн буудлыг нь татан буулгасан байгаа. Энэ шийдвэр бол 2016 онд гарсан. Тухайн үед 2016 онд буудлыг татан буулгасны дараа Ц.О-ыг өөрийг нь хүртэл цомхотгосон байгаа. 2016 онд Ц.О- өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж байна гэж үзсэн бол яагаад ямар нэгэн гомдол гаргаагүй юм бэ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад гэв гэнэтхэн өнөөдөр миний эрх ашиг хөндөгдөж байна гээд шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

     Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.8, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт холбогдох хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, Багануур өртөөний буудлын жижүүрийн албан тушаалд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 1 912 101 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 080 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

                  Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлтийг хийлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээтэй холбогдуулан хууль тогтоомж хамтын гэрээнд заасан нөхцлөөс дордуулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа "ажилтан аль тушаал, ямар гэрээнд гомдол гаргах нь түүний субьектив хүсэл зоригоос хамааралтай, ажилтанг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот тушаал, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээнд гомдол гаргах байсан гэж буруутгаж байгаа нь нэхэмжлэлчийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээтэй холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй” болох талаар тайлбарыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хэрэв байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд гомдол гаргахаар байхад уг гэрээний талаар болон орон тооны цомхотголд орсон асуудлаар нэхэмжлэгч маргахгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна." гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан дээр тус амрах байр үйл ажиллагаагаа явуулж нэхэмжлэгч тус амрах байрны болон Багануур өртөөний конторыг цэвэрлэх зэрэг ажлыг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний 3.1-3.22 хүртэл түүний хийж гүйцэтгэх ажил үүргийг зааж, энэ гэрээгээр тус өртөөний амрах байрны жижүүрийн төдийгүй гадна, дотно бүхий л цэвэрлэгээг хийж ажлыг гүйцэтгүүлэхээр заасан нь тус амрах байр үйл ажиллагаагаа явуулж байгааг нотлохоор байна. Тухайлбал тус гэрээний 3.7-д “Өртөөний ажлын байрууд, амрах байрны өрөөнд байгаа тавилга, эд аж ахуйг өдөр бүр цэвэр цэмцгэр байлгаж, угааж цэвэрлэх, бохир цагаан хэрэгслийг ээлжиндээ цаг тухайд нь угааж цэвэрлэнэ” 3.8-д "Өртөөний жижүүр, туслах жижүүр, тооцооны оператор, амрах байрны өрөөнүүд, саун, халуун усны өрөө, хувцас солих өрөө сургалтын танхим, зорчигчийн дээд, доод заал зорчигчийн заалны шат, зорчигчийн тавцан, гадна хуваарьт талбайг тогтмол цэвэрлэж өрөө тасалгаануудыг агааржуулах, өрөө заалны цэцэг арчлах үүрэг гүйцэтгэнэ” гэх зэргээр зааж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус амрах байр Багануур өртөөнд шилжин үйл ажиллагааг явуулж байх тул анхан шатны шүүх тухайн гэрээгээр хүлээж буй үүрэгт ажлыг анхаарч үзэлгүйгээр 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын А-03 тушаалыг үндэслэсэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-д Ажил, албан тушаалын жагсаалтыг ажил олгогч баталж мөрдүүлэхээр заасан атал Ц.О-ыг ажил үүргээ гүйцэтгэсээр атал түүний ажлын байрыг уг жагсаалтанд оруулж батлаагүй бөгөөд түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг эс хүлээн зөвшөөрч байсан. Бодит байдал дээр ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-д заасан ажил албан тушаалын жагсаалтад зарим ажлын байрыг оруулахгүй батлан ажлын байрыг батлаагүй атлаа үүнийгээ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх үндэслэлд тооцон хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажилтны хууль ёсны эрх ашгийг хохироож байгааг анхаарч үзэлгүйгээр дээрхи бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр ажлын байрыг татан буулгасан нь байнгын ажлын байр гэж дүгнэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Шүүх хөлсөөр ажиллах гэрээний агуулгад дүгнэлт хийсэнгүй. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг тухайлан ялгамжтайгаар зохицуулж өгчээ. Ажилтан Ц.О-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний агуулгыг авч үзвэл Хөдөлмөрийн гэрээний 4 үндсэн нөхцөл болон бусад нөхцлийг тохирон гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 1.2-д буудлын жижүүрийн албан тушаалд үндсэн цалинг 436 050 төгрөг байхаар байхаар, гүйцэтгэх ажил үүргийг 3.1-3.22 дугаар зүйлүүдэд нарийвчлан тохирсон байдаг. Мөн гэрээний 2.5-д "ажиллагч нь гэрээний нөхцөл, аюулгүй ажиллагааны дүрэм, ажлын байрны дэг журам, хөдөлмөрийн сахилга зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг төлүүлж гэрээг цуцлана.", 3.2-т " өглөө 7 цаг 30 минутад ажилдаа ирж, үдэш 17 цаг 00 минутанд ажлаа дуусгах буюу сарын ажлын батлагдсан графикийн дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ" 5.2-д "Төмөр замын тээвэрт ноцтой нөхцөл байдал үүссэн, байгууллагад эдийн засгийн хүндрэлтэй үед түүнийг даван туулах зорилгоор хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг ажилтантай харилцан тохиролцож ажлын цагийн үргэлжлэх хугацааг өөрчилж болно гэж заасан зэрэг нь тухайн ажилтан ажил олгогчийн хараа хяналтанд, байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд ажилтны өөрийн боломжид үндэслэн хөдөлмөр эрлэж байгаа биш болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүх энэхүү бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтын хуулийн болоод бодит үндэслэл, түүнийг хэрхэн шүүхээс үнэлж байгаа талаар тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай болоход нөлөөлсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд үнэлүүлэх, Монгол-Оросын хувь нийлүүсэн УБТЗ нийгэмлэгийн Багануур өртөөний буудлын жижүүрийн ажилд нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг даалгах, үүнээс учирсан хохирол 1 912 101 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

                                     

            Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулж, Багануур өртөөний буудлын жижүүрийн албан тушаалд хугацаа харгалзахгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 1 912 101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын Багануур хэсгийн амрах байранд нэхэмжлэгч Ц.О- нь 2007 онд буудлын жижүүрийн албан тушаалд томилогдон ажилласан үйл  баримтын талаар талууд маргаагүй, тус буудлын даргын 2016 оны 2 сарын 15-ны өдрийн 25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 71 дүгээр тал/

 

            Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. 

 

            Ажил олгогчоос 2016 оны 2 сарын 15-ны өдөр ажилтныг ажлаас чөлөөлж, түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ажиллуулж байгааг мэдсэн атлаа энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд 2017 оны 4 сарын 14-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хөлсөөр ажиллах гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан, уг гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээнд заасан нөхцлөөс дордсон байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь салбар нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай шаардсан тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь зөв болно.  

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/02316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                              А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ