Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2018/00083

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн  танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, дугаар гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.Бын   нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, дугаар байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ц.Рад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 31,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.С, хариуцагчийн төлөөлөгч А.Эн, гэрч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч К.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Рад 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр тохирч зээл өгсөн. Үндсэн зээл 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, 137 сарын хүүгийн төлбөрт 27,400,000 төгрөг нийт 31,150,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Р шүүхэд болон төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бтай 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг авсан, өгсөн тухайд маргахгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эрэн сурвалжлуулаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Ш.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Б 2,500,000 төгрөг Ц.Раас авна гэж ярьж байсан. Миний бие Ц.Рыг орон сууцны  маргааны улмаас хайж байсан гэхдээ шүүхэд хандаж байгаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ц.Рад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Р хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ц.Ртай 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлтэй зээл өгсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2,500,000 төгрөгийг өгсөн, авсан талаар маргаагүй.

 

 Хариуцагч Ц.Р үндсэн зээлийн төлбөрт 2,500,000 төгрөг, 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх нэг сарын зээлийн хүүгийн төлбөрт 200,000 төгрөг, зээлийн гэрээний 5-д зааснаар алданги 1,250,000 төгрөг нийт 3,950,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Талууд 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээ сунгагдаагүй байх тул хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бд 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс шаардах эрх үүссэн байх ба Иргэний хуулийн 75 зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацаа 2016 онд дууссан, түүний 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулийн хугацааг хэтэрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Рад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,150,000 төгрөг гаргуулах тухай Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ