Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/03150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................байранд байрлах Т банк /Регистрийн дугаар:/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ..................... оршин суух, ... овогт ....Ц /Регистрийн дугаар:8/,

Хариуцагч: ...........................тоотод оршин суух, ..... овогт ....... Б /Регистрийн дугаар: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 79.392.469 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, А.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.                                                                                                       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б нь манай банкны  салбарт ажилладаг байсан тул банкны хөнгөлөлттэй нөхцлийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр жилийн 6 хувь, сарын 0.5 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай 81.000.000 төгрөгийг орон сууцны зориулалттай зээлж ЗГ/ОЗ/21 тоот гэрээг байгуулсан. Хамтран зээлдэгчээр түүний нөхөр  А.Ц оролцсон. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2203032650 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 41б байрны 29 тоотод байрлах 45.77 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Т банк нь зээлийн гэрээний дагуу 81.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрлээ. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж, үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаатай мэдэгдэл, албан шаардлагуудыг удаа дараа хүргүүлсэн боловч хүлээсэн үүргээ эс биелүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 249.179 төгрөгийн төлбөр хийснээс хойш огт төлөлт хийгээгүй тул гэрээг нэг талын санаачлагаар цуцлах бүрэн үндэслэл болж байна. Үндсэндээ ажлаас гарснаас хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь энэ  хугацаанд үндсэн зээлээс 5.559.723 төгрөг, хүү 7.687.041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280 төгрөг, нийт 13.247.044 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч А.Ц нар үндсэн зээл 75.440.276 төгрөг, үндсэн хүү 3.933.974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.218 төгрөг нийт 79.392.469 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/ОЗ/21 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 79.392.469 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 41 б байрны 29 тоотод байрлах 45.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Анх гэрээ байгуулахад Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 74-29 тоот орон сууцыг барьцаасан нь үнэн. Гэхдээ энэ нь зээлийн төлөлт 30 хувь хүртэл үргэлжлэх түр барьцаа. Банкны зүгээс уг барьцааг суллаж өгөх юм. Иймд уг хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй, харин зээлийн мөнгөөр худалдан авсан орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хүү, эргэн төлөлтийн хуваарьт ороогүй, харин байгууллагын ажилтны хувьд холбогдох заалтуудад өөрчлөлт орсон. Анх авсан жилийн 6 хувийн хүүнд өөрчлөлт орсон зүйлгүй гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Т банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 81.000.000 төгрөгийг нэг жилийн 6 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн олгосноос хойш зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу нэг сард 684.300 төгрөгийг 1 жил 9 сарын хугацаанд төлсөн. Зээлд нийт 14.364.000 төгрөгийг төлөөд байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айл гудамж 41б байрны 29 тоотод байрлах 45.77 мкв 2 өрөө орон сууцыг анх худалдан авах үнийг 90.000.000 төгрөг байхаар худалдагч “Ариун-Очир” ХХК-тай тохиролцож тус компанид урьдчилгаа 10 хувийн төлбөр 9.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 81.000.000 төгрөгийг банкнаас зээлсэн. Үндсэндээ тус орон сууцанд урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө болон зээл, хүүд 23.364.000 төгрөгийг зарцуулсан. Энэ мөнгө бидний хөдөлмөрийн хөлснөөс төлөгдсөн. 2016 оны 9 сараас эхлэн миний бие ажлаасаа гарч санхүүгийн хувьд хүнд байдалд орсны улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ талаар банкинд хэлж, банкны төлөөллийг дуудах бүрт нь очиж уулзаж учир байдлаа хэлдэг байсан. Бидний энэ байдлыг харгалзаж зээл төлөх хугацаа хойшлуулах, эсхүл төлбөрийн нөхцөлийг багасгах боломж банкинд байсан. Бидний тухайд орон сууцаа худалдаж авсанаас хойш засаж тохижуулсан, урсгал засвар хийсэн, тавилга эд хогшил шинээр худалдаж авсан зэрэг хөрөнгө оруулалтыг өөрсдийн хэмжээнд хийсэн. Мөн тус орон сууцанд 23.364.000 төгрөгийг төлчихөөд орон сууцнаасаа чөлөөлөгдөх гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хөрөнгийг шилжүүлж авсан, энэ хугацаанд 13.247.044 төгрөг төлсөн, 2016 оны 9 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй гэдэгт маргахгүй. Мөн удаа дараа зээл төлөхийг шаардсан, гэрээ цуцлахыг мэдэгдсэн гэдэгт ч маргахгүй. Хариуцагч нар нэгэнт зээлийг төлөх боломжгүй байх тул хавраас барьцааны орон сууцыг суллаж банкинд өгөх хүсэлтэй байна. Хавар болтол суллах боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нь А.Ц, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 79.392.469 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Б.Б, А.Ц, Б.А нар нь Т банктай 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 81.000.000 төгрөгийг, 180 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 0,5  хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр,  үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028433 дугаарт бүртгэлтэй .............................т 71.76 мкв үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар БГ/03/21 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулжээ. Мөн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032650 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 41Б байрны 29 тоотод байрлах 45.77 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар 03/21/01 тоот барьцааны гэрээг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулжээ. /хх 9-18/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 Хариуцагч зээлийн хөрөнгийг шилжүүлэн авсан, энэ хугацаанд зээлдэгчээс  13.247.044 төгрөг төлсөн, 2016 оны 9 дүгээр сараас хойш эргэн төлөлт хийгээгүй, 2016 оны 10 дугаар сарын 04-нд, 2016 оны 11 дүгээр сарын 03-нд, 2017 оны 05 дугаар сарын 15-нд тус тус мэдэгдэл өгсөн гэдэгт зохигчид маргаагүй байна. /хх 22-24/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8.2.3-т зээлдэгч гэрээний дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар заасан байх бөгөөд хариуцагч нар 2016 оны 9 дүгээр сараас хойш хуваарийг зөрчсөн гэдгийг зөвшөөрч, урт хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцлахад татгалзахгүй гэж тайлбарлав.

Нэгэнт гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон, түүнчлэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Б, А.Ц, Б.А нар оролцсон байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй” гэж заасан тул хамтран үүрэг гүйцэтгэгч нараас хоёрт нь холбогдуулан үүргийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буруутгах үндэслэлгүй.

Иймд Б.Б, А.Ц нараас үндсэн зээл 75.440.276 төгрөг, үндсэн хүү 3.933.974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.218 төгрөг, нийт 79.392.469 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Хэрэгт авагдсан баримтаар уг зээл хоёр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байх боловч эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028433 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын 74 дүгээр байр 29 тоот 71.76 мкв үл хөдлөх хөрөнгө нь түр барьцаа, банк чөлөөлж өгнө гэж нэхэмжлэгч тайлбарлаж, нөгөө барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардаж байх тул шүүх энэ хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, А.Ц нараас 79.392.469 /далан есөн сая гурван зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөг гаргуулж Т банкинд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032650 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 41Б байрны 29 тоот үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 625.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч нараас 625.112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ