Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/135

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Хохирогч А.Оюунчимэг, Шүүгдэгч Б.Дамдин нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дамдинд холбогдох эрүүгийн 1714000130018 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбын Дамдин, /регистрийн дугаар ВЖ86091010/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Дамдин нь 2017 оны 06 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг Гүний ам гэх газар А.Оюунчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Оюунчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 06 сарын 25-ны өдөр 17 цагийн үед аавынхаа гэрт байж байгаад би Дамдины утасруу залгаад 2 хүүхэдтэйгээ ярья гэсэн чинь надруу уурлаад чи хаана байгаа юм гэж асуухаар нь би аавынд байна гэж хэлсэн чинь чамайг алнаа, наанаа байж байгаарай гэж хэлээд утасаа тасдаад удалгүй хүрээд ирсэн. Тэгээд аавын гэрт орж ирээд алнаа чамайг гээд хутга гутлынхаа түрийнээс гаргаж ирээд цээжрүү тулгаад ална гээд байсан. Тэгээд Дамдин өөрийнхөө гарыг тэр хутгаараа зүсээд байсан. Тэгээд ахыг нь дуудуулсан чинь ах нь ирээд хутгыг салгаж авсан. Тэгсэн чинь Дамдин унинаас барьж байгаад миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд Хүрлээ ах нь салгах гэд Дамдинг татахад барьж байсан унь нь хугарч унасан ба хугарсан хэсгээр нь миний баруун гарын бугуй хэсэгрүү цохьсон. Тэгээд ах нь аваад явсан. 40-өөд минутын дараа буцаад аавын гэрт ирээд тэр өгдөг газар нь өгөөрэй, би бэлэн байна, та нар миний мууг үзээрэй гээд наад гар чинь хэдэг төгрөгийн үнэтэй юм би хугална гээд миний гарыг мушгиж дараад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 6-7/

Гэрч Б.Хүрэлсүхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би цагийг нь сайн мэдэхгүй байна. Намайг мал дээр явж байхад Дамдины эхнэр Чимгээ залгаад хүрээд ир гэсэн. Намайг яваад очиход хоорондоо хэрэлдээд нэгийгээ зодох гээд байсан. Намайг Дамдинг аваад гарах гэхэд Дамдин хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд би аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 277 дугаартай: А.Оюунчимэгийн биед уруул, эрүү, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэх дүгнэлт /хх-ийн 27-28/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17/

-Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн Засаг даргын Б.Дамдинг тодорхойлсон тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа ХААН банкны депизит дансны дэлгэрэнгүй хуулга /ххийн 36-38/ -Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын Н.Баярмааг тодорхойлсон тодорхойлолт, Н.Баярмаагий иргэний үнэмлэхний хуулбар, Н.Баярмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-43/ -суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 45/ -Д.Мөнхжин, Д.Зол-Эрдэнэ, Д.Лхам-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-48/ -Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Дамдины хүсэлт, шүүгдэгч хохирогч нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 51-54/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Дамдинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Дамдин нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан А.Оюунчимэгийн хохирогчоор өгсөн болон гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.Дамдингийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Дамдин нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн гар утасыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбын Дамдинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дамдинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дамдинд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Дамдин нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дамдингийн эзэмшлийн ВКА маркийн гар утасыг битүүмжилснийг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дамдинд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дамдинд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ