| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0305/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/306 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга:О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914006790400 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн эх болох *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Ээж архи нэхэж дэлгүүрт орж ирдэг. Бид нарыг байнга зоддог дарамталдаг гэж хүмүүст ярьдаг. Хүүхэд тэвэрсэн байхад над руу дайрсан. Хүүхдээ хамгаалах 2 гээд түлхсэн. Бид нарыг тайван ажил хийлгэдэггүй. Сэтгэл санааны хүнд байдалд байдаг. Би ээжийг зодоогүй гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... тэр үед би өөрийн 10 сартай хүүгээ энгэртээ тэвэрсэн байсан учраас би ээжийг зодох гээд дайрах үед нь би зүүн гараараа ээжийн баруун гарыг бариад арагш нь түлхсэн. Түлхэх үед миний гарын хумс духны гол хэсэгт нь урсан юм шиг байсан, духнаас нь жоохон цус гарсан ... нэг гараараа ээжийг хойш нь түлхсэн, тэгээд урагшаа шат руу унасан, босч ирэхдээ баруун нүдээ дараад босоод ирсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн … 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед манай охин ах Шагдарсүрэнгийн гэрийг жуулчны баазаас авч ирээд барилгүй орхиод явсан, би барьж өг олон нялх хүүхэдтэй гэж *******д хэлэхэд чамд ямар хамаатай гэж хэлээд толгой руу гараараа цохьсон, ... дараа өдөр нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр орой 17 цагийн үед гэрийг нь барьж өгөөгүй хашаанд нь буулгаад орхисон байхаар нь гэрийг нь барьж өг, хүүхдүүдэд хоол хийж өгөхөд яадаг юм гэж хэлэхэд ******* хамар луу гараараа цохиход цус гоожсон сумын цагдаад мэдэгдсэн. Би зодуулсаныхаа дараа Баянхонгор аймаг руу явж биеэ үзүүлэх үедээ тэтгэврийн зээл 400,000 төгрөг аваад эмчилгээ хийлгэсэн мөнгөө гаргуулж авмаар байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... манай гэрийг эмэгтэй дүү ******* түрээсэлж авч яваад 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирээд хашаанд буулгаад явсан чинь ээж та нар ахынхаа гэрийг барьж өг гэхэд манай дүү хэрүүл хийж байгаад толгой руу нь цохиод авч байсан. Маргааш нь гэрт яваад очиход намайг толгой нүүр рүү цохиод тагларчихлаа гэж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө иртэл зүүн нүд нь хөхөрч хүрэнтсэн байсан ... гэх мэдүүлэг /ххийн 26-27/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* архи хэрэглээгүй байсан, амралтын өдөр байсан санагдаад байна. Эмнэлэг дээр өөрийн биеэр алхаад ирсэн бие нь гайгүй байсан. Гэхдээ харахад илт зодуулсан шинж байдалтай байсан. Хоёр нүд улайж хөхөрч хүрэнтсэн, зүүн талын битүү хавдсан, зүүн буглагны дунд хурууны хэсэгт хөхөрч, хүрэнтсэн, баруун гуяны дотод талд хөхөрсөн, зүүн талын хацарын шонтон хэсэгт хөхөрч хавдсан байдалтай ирж үзүүлсэн. Манай хүүхэд намайг зодлоо гэж ярьж байсан. Хэн гэдэг хүүхэддээ зодуулснаа яриагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 582 дугаар шинжээчийн 1. *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалганы цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /ххийн 30-31/, зэрэг нотлох баримтууд тус тус болно. -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 50-51/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 73-76/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 235 дугаартай тодорхойлолт /хх-ийн 69/, депозит дансны хуулгууд /хх-ийн 59-62/, 3 иргэний үнэмэлхний лавлагаа /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 65/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн эх болох *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ын ... нэг гараараа ээжийг нь хойш нь түлхсэн, тэгээд урагшаа шат руу унасан, босч ирэхдээ баруун нүдээ дараад босоод ирсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/
Хохирогч *******гийн… ******* толгой руу гараараа цохьсон, ... дараа өдөр хамар луу гараараа цохиход цус гоожсон..... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/ Гэрч *******гийн ... маргааш нь гэрт яваад очиход намайг толгой нүүр рүү цохиод тагларчихлаа гэж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө иртэл зүүн нүд нь хөхөрч хүрэнтсэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч *******гийн ... хоёр нүд улайж хөхөрч хүрэнтсэн, зүүн талын битүү хавдсан, зүүн буглагны дунд хурууны хэсэгт хөхөрч, хүрэнтсэн, баруун гуяны дотод талд хөхөрсөн, зүүн талын хацарын шонтон хэсэгт хөхөрч хавдсан байдалтай ирж үзүүлсэн. Манай хүүхэд намайг зодлоо гэж ярьж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 582 дугаар шинжээчийн ... *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалганы цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 30-31/, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1- д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 4 Хэрэг учрал болсон өдөр хохирогч ******* , шүүгдэгч ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу хохирогч “..ах Шагдарсүрэнгийн гэрийг нь барьж өгөөгүй .......” гэж хэлснээс үүдэж хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн толгой, нүүрэн тус газар цохиж, шатнаас түлхсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... хоёр нүд улайж хөхөрч хүрэнтсэн, зүүн талын битүү хавдсан, зүүн буглагны дунд хурууны хэсэгт хөхөрч, хүрэнтсэн, баруун гуяны дотод талд хөхөрсөн, зүүн талын хацарын шонтон хэсэгт хөхөрч хавдсан зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн 30 дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтан ******* нь бага насны хүүхэдтэй, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байха тул түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг 5 харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь бага насны хүүхэдтэй, хувьд ногдох хөрөнгөтнй /хх-ийн 65/ болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох эмнэлгийн баримтуудыг гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхмжлэх эрхтэй болохыг дурдав. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч *******гийг нэхэмжилсэн 400,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА