Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0489

 

 

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 552 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ХБ ХХК-д ногдуулсан **** дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Дамчаагийн Баас 2100000 төгрөг гаргуулж Ж.Х д олгохоор, 2600000 төгрөг гаргуулж Б.Ц д олгохоор тус тус шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу 93, 94 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэн тус албанд ирсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу төлбөр төлөгч Д.Б ы данснаас 4820000 төгрөгийн төлбөрийг суутгах тухай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/11358 дугаар мэдэгдлийг ХБ ХХК банкд хүргүүлсэн боловч ХБ ХХК нь төлбөр төлөгч Д.Б ы 5155077946 дугаар данс нь хугацаатай хадгаламж гэх шалтгаанаар уг мэдэгдлийг биелүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаар шийтгэврээр ХБ ХХК-д 482.000 төгрөгийн торгууль оногдуулсан.

Уг шийтгэврээр оногдуулсан торгуулийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны дотор төлөхөөр хугацаа тогтоож өгсөн боловч биелүүлээгүй тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хүсэлт гарган холбогдох баримтыг бүрдүүлж өгснөөр 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20220 дугаар захирамжаар **** дугаар шийтгэврийг баталгаажуулж, 1934 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн ямар ч данснаас төлбөрийг гаргуулах үүрэгтэй бөгөөд банк төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх үүрэгтэйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тодорхой хуульчилсан, мөн түүнчлэн төлбөр төлөгчийн мөнгө банкд байсаар атал төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д тодорхой хуульчилсан.

Төлбөр төлөгч нь банкд хугацаатай хадгаламж эзэмшдэг нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргуулахад саад болох хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд ХБ ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хуульд заасан арга хэмжээг авч

торгууль оногдуулсан.

Иймд ХБ ХХК-ийн тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийтгэвэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 552 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах гүйцэтгэгч бөгөөд улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ХБ ХХК-д ногдуулсан **** дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий ХБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **** тоот шийтгэвэр нь Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дах заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл шийтгэврийг давж заалдах, гомдол гаргах журмыг заах талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй илт хууль бус захиргааны акт юм.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дах заалтын... Төлбөл зохих төлбөрийн үнийн дүн гэдэг нь зөвхөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 5 дахь хэсэгт заасан 4.700.000 төгрөг байх ёстой.

Учир нь одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хууль, тогтоомжид төлбөл зохих төлбөрийн үнийн дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг оруулж тооцох талаар аливаа зохицуулалт тусгагдаагүй, Улсын дээд шүүхээс ч албан ёсоор тайлбарлаагүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд ямар зардлыг хамааруулах талаар, мөн зүйлийн 82.4-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссаны дараа төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн гаргуулж төлбөр авагчид олгох талаар заасан байгаа нь төлбөл зохих төлбөрийн дүн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нь тус тусдаа ойлголт гэдэг нь тодорхой байна.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг төлбөл зохих төлбөрт оруулан тооцож, төлбөр төлөгчийн банк дахь данснаас гаргуулах төлбөрийн хэмжээг 4.820.000 төгрөгөөр тогтоож үүний 10 хувиар ХБ ХХК-ийг 482.000 төгрөгөөр торгосон **** дугаар шийтгэврийг илт хууль бус захиргааны актад тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Энхбат нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3/361 дүгээр хариу мэдэгдэх хуудсыг ХБ ХХК-д хүргүүлэхээс өмнө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан ...Гомдол гаргагч, түүний төлөөлөгчид хэрэг шийдвэрлэх он, сар, өдөр,газрыг мэдэгдэх, мөн зүйлийн 7.4 дахь заалтад заасан ...Тэмдэглэл хөтлөх талаар хуульд заасан журмыг тус тус зөрчиж хууль бус урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

4. Д.Б ы хугацаатай хадгаламжийн 5155010946 дугаар дансанд мэдэгдэл ирэх өдрийн байдлаар 44.000 төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын мэдэгдэлд дурдсан үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө байгаагүй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө байсаар атал төлбөр гаргуулах шаардлагыг биелүүлээгүй зохицуулалтыг хэрэглэж, торгууль ногдуулснаараа илт хууль бус захиргааны акт болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 552 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн **** дугаар шийтгэврийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Дамчаагийн Баас 2.100.000 төгрөг гаргуулж иргэн Ж.Х д, 2.600.000 төгрөг гаргуулж иргэн Б.Ц д олгохоор тус тус шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч Д.Б ы данснаас 4.820.000 төгрөгийн төлбөрийг суутгах тухай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/11358 дугаар мэдэгдлийг ХБ ХХК-д хүргүүлсэн боловч уг мэдэгдлийг биелүүлэхээс татгалзсанаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах гүйцэтгэгч 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаар шийтгэврээр 482.000 төгрөгийн торгуулийг ХБ ХХК-д ногдуулжээ.

 

Дээрх хариуцлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 /Банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөр төлөгчийн мөнгөн болон бусад эд хөрөнгө байсан атал төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ахлах шийдвэр гүйцэтгэгч оногдуулна/-д заасны дагуу ногдуулсан бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагаа байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж гаргасан гомдлыг захиргааны хэргийн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхгүй байхаар заажээ.

 

Тиймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах гүйцэтгэгчийн шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй тул ХБ ХХК-ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэн хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж ХБ ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР