Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 0038

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ

хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч М.Алтанцэцэг

шүүгдэгч Н.Саруултөгс, түүний өмгөөлөгч Д.Даваахүү,

дэг сахиулагч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Н.Саруултөгсөд холбогдох эрүүгийн 201618010066 дугаар нэг хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хадам ээж, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг, 3-14 тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн  2001 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.1.2, 124 дүгээр зүйлийн 124.2-д зааснаар 06 жил 08 сар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 53 дугаартай шүүгчийн захирамжаар 03 сар 27 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистерийн ФД- дугаартай, Боржигон овгийн Нямдоржийн Саруултөгс.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н.Саруултөгс нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутагт Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замаас Орхонтуул сум руу салдаг уулзвараас 6,7 км-ийн зайд шороон замд 85-25 ОРХ улсын дугаартай kia sportage загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.3б, 9.2 заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган иргэн Б.Бямбацогтын амь насыг хохироож, иргэн Ц.Алтанцэцэгийн биед хүнд гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-18-20/,
  2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-22/,
  3. Гэрч Н.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-16/,
  4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-3-10/,
  5. Согтуурал хэмжсэн тодорхойлолт /хх-11/,
  6.  Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ  хийсэн №31 тоот акт /хх-24-25/,
  7. Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-26-29/,
  8. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №4688 тоот акт /хх-31/,
  9. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №4687 тоот акт /хх-30/,
  10. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад С.Сүхбаатарын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот шинжээчийн дүгнэлт /хх-35/,
  11. Хохирогч Ц.Алтанцэцэгийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №551 тоот акт /хх-40-41/,
  12. “Бан Хас” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-52/,
  13.  Шүүгдэгч Н.Саруултөгсийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-61-62, 64/,
  14.  Шүүгдэгч Н.Саруултөгсийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан захирамж, түүний хувийн байдлын талаарх баримтууд /хх-69-70, 79-90/,
  15. Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирогчид хохирол төлсөн талаарх  баримт,
  16. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандин-Эрдэнийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  17. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ц.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  18. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,
  19. Эд мөрийн баримтаар хураагдсан 85-25 ОРХ улсын дугаартай “Kia sportage” маркийн тээврийн хэрэгслийн  №000000 дугаартай гэрчилгээ, шүүгдэгчийн В ангилалын №00000 дугаартай жолоочийн үнэмлэх зэрэгт үзлэг хийж шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Н.Саруултөгс нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу салдаг уулзвараас 6,7 км-ийн зайтай шороон замд “kia sportage” маркийн 85-25 ОРХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинаар зорчиж явсан иргэн Б.Бямбацогтын амь насыг хохироож, иргэн Ц.Алтанцэцэгийн биед баруун талын хөндийд хий хуралдалт, цээжний баруун талын 5,6,7,8,9,10,11 дүгээр  хавиргануудын хугарал, баруун далны ясны далд хугарал, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн хугарал, бүсэлхийн 2,3,4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн түнхний үений мултрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

 

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандин-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Б.Бямбацогтын хамт гэртээ байж байхад манай нөхрийн 2 найз болох Н.Саруултөгс, Алтай нар орж ирсэн. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл бага зэрэг үнэртүүлсэн байсан. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас сонгины  үр авахаар Орхон аймгаас ирлээ, замаараа танайхаар орж ирж байна гээд 2 литрийн пивоны саванд тал пивотой ирсэн. Тэгээд манайд үлдэгдэл тал пивыг хувааж уугаад Орхонтуул сум руу нөхөр бид 2 Саруултөгс, Алтай нартай хамт явахаар болсон. Тэгээд Баруунбүрэн сумаас гарахдаа 2 литрийн пиво нэгийг аваад Орхоны гүүрэн дээр очиж уугаад Орхонтуул сум руу салдаг зам руу явсан. Саруултөгс өөрийнхөө 85-25 ОРХ дугаартай машиныг жолоодоод хажууд нь манай нөхөр Бямбацогт сууж, арын суудалд Алтай бид 2 сууж явсан. Өглөө ажлаас буусан болохоор би зүүрмэглээд явж байсан. Тэгээд  бидний урдаас жижиг суудлын цагаан машин ирж яваа харагдсан. Тэр машинтай зөрсөн үгүйг мэдэхгүй, нэг мэдэхэд онхолдсон байсан. Яаж яваад яагаад онхолдсоныг мэдэхгүй. Нэг мэдэхэд бидний сууж явсан машин доошоо хараад 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан ба талийгаач Б.Бямбацогтын сууж явсан суудал дээр би очсон байсан. Би онхолдсон гэдгийг мэдсэн ч хаана байгаагаа болон юу болсон талаар нэг их сайн ойлгож чадахгүй машины хагархай цонхоор гарч байхад машин дотор Саруултөгс байсан. Харин манай нөхөр Б.Бямбацогт, Алтай нар нь байхгүй байсан. Би хамгийн түрүүнд машинаас гарах нь зөв юм байна гэж бодоод машины цонхоор гарсан. Би машины цонхоор гарахад манай нөхөр Б.Бямбацогт, Алтай нар нь машинаас 2 метр зайд шидэгдсэн байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд нөхөр дээрээ очиход хамар амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь нөхрөө дуудаад сэгсэрхэд бие нь гулжигнаад байхаар нь ухаан алдсан юм байна гэж бодоод сэрээхийг оролдсон боловч ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь өвөр дээрээ аваад гайгүй байгаасай гэж бодоод уйлаад яах учраа олохгүй байж байхад Саруултөгс манай нөхрийн цээжин дээр нь дарж хиймэл амьсгал хийх гэхэд амнаас нь улам их цус гараад хэл нь давхар гарч ирээд гулжигнаад амруугаа буцаж орохгүй байхаар нь нөхрөө үхсэн байна гэж ойлгосон. Тэгсэн цаанаас том суудлын машин жип ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. Цагдаа эмнэлэг иртэл тэр машин бидний хажууханд байсан. Осолд орсоны дараа нөхөр дээрээ очиход Алтай хажууд ёооё гэж дуугараад хөдөлж байсан. ...Бид нар хамт явж байгаад осолд ороод манай нөхөр амь насаараа эндсэн. Алтайгийн түнх мултарсан. Би хүний амиар хохирсон хүн. Н.Саруултөгс нь миний хохирлыг төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал, гомдолгүй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/,

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ц.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид хоёр ногоон сонгино өдөр болгон зөөж оруулж ирдэг байсан. Замаараа найз Бямбацогтынд ороод манай 2 найз сонгинын үр авна гээд бид хэд удалгүй  Орхонтуул руу гараад явсан. Тэгээд замдаа явж байгаад осол болсон. Миний түнх мултарч, нуруу гэмтэж, хавирганууд хугарсан. Одоо биеийн байдал дээрдэж байгаа. Уг осолд орсон автомашин нь Н.Саруултөгсийн нэр дээр байсан боловч сүүлд өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Н.Саруултөгсөөс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Цагдаагийн дэд ахлагч С.Бүрэнжаргалын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №31 дугаартай: “1.Талийгаачид А. Цээжний дарагдал. Зүүн эгэмний хугарал. Зүүн 1-4-р хавирганы хөндлөн хугарал. Баруун 1-4-р хавирганы хөндлөн босоо сэлтэрхийт хугарал, Б. Цуллаг эрхтэний гэмтэл, задрал. Элэгний их биед задрал, Дэлүүний дээд ирмэгийн задрал, бөөр, өөхөн эдэд цус хуралт. 2. Тархи уушигны хаван. 3. Хурц цус алдалт. Цус багадалт. Цус эргэлтийн хямрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 2. Талийгаачийн цус нь B /III/ бүлгийн харьяалалтай байна. 3. Талийгаачийн цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ. 4. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь эмнэлэгийн яаралтай тусламж авах боломж үгүй, түргэн хугацаанд нас баржээ. 6. Талийгаач нь цээжний битүү гэмтэл, дарагдлын улмаас цус  алдалт, Шок амьсгалын дутагдалаар нас баржээ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-24-25/,

 

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Сүхбаатарын “1. “Н.Саруултөгст холбогдох хэрэг нь зам тээврийн осол мөн. 2. Сэжигтэн Н.Саруултөгс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 жолоочийн үүрэг: 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:  б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.  3. Сэжигтэн Н.Саруултөгсийг хэдэн км цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй. 5. Сэжигтэн Н.Саруултөгс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 жолоочийн үүрэг: 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:  б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-34-35/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №551 дугаартай: “1. Ц.Алтанцэцэгийн биед тухайн үедээ цээжний хөндийн битүү гэмтэл, няцрал, цээжний баруун талын хөндийд хий хуралдалт, цээжний баруун талын 5,6,7,8,9 10,11-р  хавиргануудын хугарал, баруун далны ясны далд хугарал, бүсэлхийн 2-р нугалмын их биеийн хугарал, бүсэлхийн 2,3,4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн түнхний үений мултрал үүсчээ. 2. Дээрх гэмтэлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-40-41/,

2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Бан Хас” ХХК-ийн 18 дугаартай автомашины техникийн хохирлын үнэлгээнд: “kia sportage маркийн 85-25 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2.873.000 төгрөгийн эвдрэлийн үнэтэй” гэжээ /хх-51/,

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №4687 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “1. Шинжилгээнд ирүүлсэн Буянхишиг Бямбацогт гэж хаягласан цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-30/,

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №4688 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн дэслэгч Ц.Бямбадоржийн “1. Талийгаач Б.Бямбацогтын гэх цус нь АВО системээр B/III/ бүлгийн харъяалалтай байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-31/,

шүүгдэгч Н.Саруултөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:“... эхнэр Алтанцэцэг бид хоёр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу ногоо худалдаж авах гэж өөрийнхөө  киа спортеж маркийн жип машинаар 13 цагийн орчим гарсан юм. Эхнэр бид 2 Орхонтуул сумаас ногоо бөөндөж аваад Эрдэнэтэд аваачиж зардаг юм. 1 өнжөөд Орхонтуулаас ногоо бөөндөж авдаг юм. Ингээд 14 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу орж ирсэн бөгөөд найз Цогоогийнд ирсэн. Цогоо бид хоёр үерхээд 3,4 жил болж байгаа юм. Цогоогийнд ирэхэд Цогоо, эхнэр нь мөн хүүхэд нь байсан. Миний машинд 2,5 литрийн савтай тал пиво байсан бөгөөд би Цогоогийнд ороод тэр пивийг оруулаад ирээч гэхэд манай эхнэр оруулж ирсэн. Уг пивоны саванд 1 орчим пиво байсан юм. Энэ пиво миний машинд 2-3 хонож байгаа юм. Ингээд уг пивийг бид 4 хувааж уусан. Тэгэхэд Цогоо, эхнэр нь хийх юмгүй учир та нартай хамт Орхонтуул сум яваад ногооны чинь ажилд  хамжилцаад орой ирэхээр нь чинь замдаа буучихъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэднийхээс 15 цагийн орчим гэрээс нь гарсан бөгөөд Цогоогийн эхнэр нь дэлгүүр ороодохъё гээд нэг дэлгүүрийн гадаа очоод зогссон бөгөөд Цогоогийн эхнэр нь 2,5 литрийн савтай пиво аваад гарч ирээд машинд суусан. Цогоо миний хажуугийн суудал дээр суугаад, 2 эхнэр арын суудалд суусан байсан. Замдаа нөгөө пивоо задлаад уугаад, хойно сууж эхнэрүүд голчон тэр пивоноос уусан. Өөрөө хэлбэл бид нар пивоо хувааж уугаад явж байсан. Машины жолоог би барьж явсан. Замдаа манай эхнэр машин зогсоогоод бие зассан. Ингээд Орхон голын гүүр орж ирээд гүүр өнгөрөөд Орхонтуул сум руу салдаг шороон зам руу орсон. Шороон замаар ороод 6 км орчим явж байхад өөдөөс Орхонтуул талаас саарал өнгийн “Приус 20” маркийн машин зам голлоод ороод ирсэн. Бид нарын явж байсан тэр зам нь 2 талаараа ховилтой зам байсан бөгөөд би тэр машинд зам тавьж өгөөд зөрөөд зүүн талаар нь тойроод гарчих санаатай жолоогоо баруун гар тийш дарсан. Тэгтэл машин гэнэт хөмрөөд  1,2 эргэсэн байсан. Яг хэд эргэснийг би сайн санахгүй байна. Нэг мэдсэн машин дээшээ хараад хөмөрсөн байсан бөгөөд би өөрийнхөө талын хаалганы цонхоор гарч ирсэн. Миний машин зөв талдаа жолооны хүрдтэй. Ингээд намайг гарч ирэхэд миний машины зүүн талд талийгаач Цогоо, манай эхнэр 2 зэрэгцээд дээшээ хараад хэвтсэн, Цогоогийн эхнэр нь хөдлөхгүй байна ш дээ гээд орилж хашгираад машинаас 10-аад метрийн зайд орилоод байсан. Би Цогоо дээр гүйж очоод Цогоо миний хөгшин яаж байна гэж асуухад Цогоо хөгшин нь хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Би эхнэрээсээ яаж байна гэсэн чинь зүүн талын хөл, баруун гар 2 хөдлөхгүй байна гэж хэлсэн. Би Цогоог миний хөгшин өндийгөөд суучих гэхэд Цогоо хөгшин нь босч чадахгүй байнаа, дотор өвдөөд байна хөгшөөн гэж хэлсэн. Тэр үед Орхонтуул талаас Ланд 100 машин ирсэн бөгөөд тэр үед би тэр машин руу гүйж очоод эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхэд жолоо барьж яваа хүн нь эмнэлэг цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Ингээд би буцаад Цогоо дээр очсон бөгөөд манай эхнэр өндийгөөд суучихсан байсан бөгөөд хөл гар хөдөлж болохгүй байна гэж хэлсэн. Цогоогийн эхнэр хөдлөхгүй байна гээд орилж хашгираад ийш тийшээ гүйгээд, эмнэлэг дуудаач гээд байсан. Тэр үед цагдаа нар ирсэн бөгөөд Цогоо хөдөлгөөнгүй болж уруул нь хөхрөөд ирсэн. Удалгүй Орхон сумын эмч машинтай ирсэн бөгөөд ирж үзээд Цогоог өнгөрч байна гэж хэлсэн. Ингээд Орхон сумын цагдаа нь машиндаа Цогоогийн эхнэр, манай эхнэр бид 3-ыг аваад Хөтөлийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн, ...Би архи уугаагүй, Баруунбүрэн суманд бид 4 нэг литр орчим пивийг хувааж уугаад замдаа 2,5 литрийн 1 сав пивийг хувааж уусан. Өөр архи пиво уугаагүй. Цагдаа нар надад драйгер үлээлгэхэд 0,83 хувийн согтолттой гарсан. ... Би машинаа зогсоох арга хэмжээ аваагүй нь үнэн. Өөдөөс ирж яваа машиныг тойроод гарья гэж бодоод жолоогоо баруун тийш нь дарсан. Тэгтэл машин замын хажуугийн ховилд цохигдоод шидэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-61-62, 64/,

шүүгдэгч Н.Саруултөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэтээс Орхонтуул руу найзуудтайгаа хамт дөрвүүлээ сонгинод явж байсан. Явах замдаа пиво ууснаас найзынхаа амь насыг хохироолоо. Орхонтуул сум руу явж байгаад өөдөөс машин гараад ирэхэд нь зам тавьж өгөх гээд хажуу тал руугаа дарсан чинь бөгсөө хаяаад тэр чигтээ онхолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэргийн газар хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудаар давхар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч Н.Саруултөгсийг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Б.Бямбацогтын амь насыг хохироож, иргэн Ц.Алтанцэцэгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ “...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ц.Алтанцэцэг “...Н.Саруултөгсөөс нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 120 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.1.2, 124 дүгээр зүйлийн 124.2-д зааснаар 06 жил 08 сар хорих ялаар шийтгүүлж Төв аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар үлдсэн 3 сар, 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд түүний ялтай байдал 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Саруултөгсөд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Н.Саруултөгсийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Саруултөгсөд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 85-25 ОРХ улсын дугаартай “Kia sportage” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн  №01093577 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болмогц В ангилалын №693641 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201618010066 дугаар хэрэгт шүүгдэгч Н.Саруултөгс нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ц.Алтанцэцэг нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                               

 ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Боржигон овгийн Нямдоржийн Саруултөгсийг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саруултөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саруултөгст оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саруултөгст оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

         5.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Н.Саруултөгст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 85-25 ОРХ улсын дугаартай “Kia sportage” маркийн автомашины эзэмшлийг тодорхойлсон тээврийн хэрэгслийн  №01093577 дугаартай гэрчилгээг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Алтанцэцэгт буцаан олгож, шүүгдэгчийн В ангилалын №693641 дугаартай жолоочийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгасугай.

         7.Шүүгдэгч Н.Саруултөгс нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч М.Алтанцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

         8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Саруултөгсөд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР