Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 0599

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Т/РД:..../

Хариуцагч: МУДШЕШ.

Гуравдагч этгээд:  .

Нэхэмжлэлийн шаардлага: МУДШЕШийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох[1].

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс МУДШЕШийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох хүсэлтэй байна.

... Илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан захиргааны акт нь Төрийн албаны хууль (2002 он)-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн юм. Байгууллагын бүтцийн өөрчлөлт нь түүний хамрах хүрээ, авч хэрэгжүүлэх ажлын байрны зорилго, зорилт зэрэг хүчин зүйлийг давхар авч үзэх ёстой ба энэхүү цогц үйл ажиллагаа нь ирээдүйд чиглэсэн, хариу үйлдэл шаардсан эрх зүйн үр дагавар үүсгэнэ.

Гэтэл УДШЕШ-ийн ******* дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн байдаг. Нөгөө талаас энэхүү гадагшаа чиглэсэн буюу илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч миний субьектив эрх зөрчигдсөн юм.

... МУДШЕШ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.1-д “Энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах”-ыг хориглох гэснийг буюу өөрт байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлж хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47.2 дахь хэсэгт “ Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.”, 47.1.3,-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” 47.1.6.-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.4. “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт...-тай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж тус тус заасныг үндэслэн УДШЕШ2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" ******* тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь хэсгийн “эрхлэх асуудлын хүрээнд, хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”,  Засгийн газрын 2014 оны ******* дүгээр тогтоолд “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэснийг үндэслэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана” гэсний дагуу Дотоод аудитын албыг Ерөнхий шүүгчийн ажлын албанд нэгтгэж, чиг үүргийг нь шилжүүлэн гүйцэтгүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* дүгээр захирамж гаргасан байна.

Уг захирамжийн биелэлтийг хангаж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 22.1.2-т "шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх, 22.1.3-д Шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах” 22.1.5-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-т Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэснийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар *******ыг албан тушаалаас чөлөөлж, Шихихутуг Их Сургуулийн магистрын сургалтын төлбөр 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/, мөн урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалин хөлс 6,852,957 төгрөг, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож 228,447 төгрөг тус тус тооцож олгосон болно.

МУДШТГ Даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №153 дугаар тушаалаар Намсрайдорж овогтой Түмэнбаярыг Дотоод аудитын албаны ахлах референтийн албан тушаалд, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №03 дугаар тушаалаар Дотоод аудитын албаны даргаар тус тус томилсон байдаг. Н.Т-ын 2013 оны 12 сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл Улсын Дээд шүүхэд ажиллах хугацаанд нь цалин хөлс, шагнал урамшлыг бүрэн хэмжээгээр өгч, тусламж дэмжлэг үзүүлэн, албан тушаал дэвшүүлэн ажиллуулсны зэрэгцээ түүний сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг дэмжиж, 2015 оноос 2018 онд “Шихихутуг” хууль зүйн сургуулийн эчнээ ангид суралцах хугацаанд нь цалинтай чөлөө олгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ Тавдугаар бүлэгт заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаагаар бүрэн хангаж байсан.

Гэвч Н.Т үл хамаарах шалтгаанаар Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын зарим хэлтэс, албаны үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах ажлын ачааллыг нягтруулах, төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай, Төсвийн тухай, Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Дотоод аудитын албыг Ерөнхий шүүгчийн ажлын албанд нэгтгэж, чиг үүргийг нь шилжүүлэн гүйцэтгүүлж албаны даргын албан тушаалын орон тоог хассан УДШЕШ2018 оны ******* дүгээр захирамж, хуульд үндэслэсэн, агуулга нь ойлгомжтой, зорилгодоо нийцсэн, тодорхой үр нөлөө бий болгосон, бодит нөхцөл байдлыг тодорхой заасан, хууль ёсны захиргааны акт юм.

МУДШЕШ хуульд заасан эрхийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан захиргааны үйл ажиллагааны хэлбэрүүдээс захиргааны актыг сонгон, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар журамлан захирамж гаргасан, захиргааны актын нэг үндсэн шинж нь гадагшаа чиглэсэн байдаг бөгөөд энэ нь тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох хуулийн үндэслэл болохооргүй байна.

Учир нь, МУДШЕШийн 2018 оны ******* дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох  аль ч шинжийг агуулаагүй болно.

Н.Т-ыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1 дэх заалтын дагуу үүрэгт ажлаас нь халаагүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан шалтгааны талаар захирамжид тодорхой дурдсан, уг захирамжаар түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөөгүй байхад үүрэгт ажлаа хуулийн дагуу хийснийхээ төлөө хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн..." гэсэн түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Ерөнхий шүүгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлээгүй, дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг хэрэглэж 2018 оны ******* дүгээр захирамж гаргасан нь 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106- дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүхийн захиргааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтны орон тоог тогтоох”, 20 дугаар зүйлийн 20.3-д “Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан ШЕЗ батална” гэж тус тус заасны дагуу ШЕЗ Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах тухай” 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын 4, 5 дугаар хавсралтаар Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог баталсан. Дээрх тогтоолын хавсралтад ШЕЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.

ШЕЗ-өөс өөрийн хуульд заасан бүрэн эрхийн дагуу Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоог тогтоосон тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Н.Т МУДШЕШ холбогдуулан гаргасан “МУДШЕШ-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

МУДШЕШ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамжаар ... Дотоод аудитын албыг Ерөнхий шүүгчийн ажлын албанд нэгтгэж, чиг үүргийг нь шилжүүлэн гүйцэтгүүлж албаны даргын албан тушаалын орон тоог  хасаж шийдвэрлэжээ[2].

Нэхэмжлэгч Н.Т нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн, Улсын дээд шүүхийн Тамгын газрын Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, УДШЕШ 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийг тус тус үндэслэн шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, төрийн жинхэнэ албанаас чөлөөлжээ[3].

Нэхэмжлэгч дээрх тушаалын үндэслэл болсон МУДШЕШ-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Маргааны бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.3. “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэх шинжүүдийг агуулсан” гэж тайлбарлажээ.

I. “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлийн тухайд;

Нэхэмжлэгч дээрх үндэслэлээ, Шүүхийн захиргааны тухайд хуульд зааснаар бүх шатны шүүхийн бүтэц, орон тоог ШЕЗ тогтоохоор хуульчлагдсан. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Улсын дээд шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй гэж тайлбарлажээ.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 10 дугаар зүйл. “Шүүхийн хүний нөөц”, 10.1. “Ерөнхий зөвлөл нь шүүхийн хүний нөөцийн талаар дараах удирдлагыг хэрэгжүүлнэ:”, 10.1.3. “шүүгчийн туслах болон шүүхийн захиргааны ажилтны орон тоог тогтоох;”, 20 дугаар зүйл. “Шүүхийн тамгын газар”, 20.1.3. “Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, шүүхүүдийн ажлын ачаалал, онцлог зэргийг харгалзан шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог ШЕЗ батлах зохицуулалттай байна.

Хуулийн зохицуулалтуудын дагуу Ерөнхий зөвлөл нь 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталжээ.

Уг тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Хяналтын шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц”-ыг баталжээ[4].

Дээрх байдлаар батлахдаа Улсын дээд шүүхийн Тамгын газрыг 8-н хэлтэс, албатай, нийт-107 ажилтантай байхаар, “Дотоод аудитын алба”-ыг дарга, ахлах референт, шинжээч гэх орон тоотой байхаар тус тус баталсан байна.

Гэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйл. “Ерөнхий шүүгчийн бүрэн эрх”, 13.1. “Ерөнхий шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 13.2. “Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйл “Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний бүрэн эрх”, 14.1. “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:”, 14.1.10. “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн;”, 14 дүгээр зүйлийн 14.2. “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 14.2.12. “12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь эрх хэмжээний асуудлаар захирамж гаргах эрхтэй байх бөгөөд үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох эрхтэй байна.

Маргаан бүхий тохиолдолд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь ШЕЗөөс баталсан орон тооны хязгаарт багтаан, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий захиргааны актыг гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.  

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.-т заасан “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх шинж нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байдлаар илрэх бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

II. “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэх үндэслэлийн тухайд;

Нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээ, хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаа Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолтой холбож тайлбарладаг. Дээрх тогтоолын 1 дэх хэсэгт чиг үүргийн давхардалтай эсхүл 1 төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харьяанд байгаа чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах замаар удирдлагын зардлыг бууруулах гэжээ. Энэ нь маргаан  бүхий тохиолдолд хамааралгүй үндэслэл юм гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэх шинж нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт[5] байхыг шаардах бөгөөд эрх зүйн үйлчлэл нь чиглэсэн этгээдийн эрх зүйн байдал дордсон байдлаар илэрдэг.

Маргаан бүхий тохиолдолд, маргаан бүхий захиргааны актын улмаас тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, мараан бүхий захиргааны актын үндэслэн гарсан Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай” Б/29 дүгээр тушаалаар нэхэмжлэгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, ингэж чөлөөлөгдөхдөө шүүхийн Тамгын газраар Их сургуулийн магистрын  сургалтын төлбөрт 3.200.000 төгрөг төлүүлсэн, мөн урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалин хөлс 6.852.957 төгрөг, 2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшуулал 228.447 төгрөг зэргийг авсан болох нь баримтаар тогтоогдож байх тул  маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь  маргаан захиргааны акт болох МУДШЕШ-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамж, захирамжийг үндэслэн гаргасан Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай” Б/29 дүгээр тушаал зэргийг тухайн үед гарахад нь мэдсэн байх бөгөөд тушаалаар олгогдсон сургалтын төлбөр, албан тушаалын цалин хөлс, дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг авсан зэргээс үзвэл тухайн цаг хугацаанд маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрч байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч иргэн Н.ТМУДШЕШ холбогдуулан гаргасан “МУДШЕШ-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6.-д заасныг тус тус баримтлан иргэн Н.Т МУДШЕШ-д холбогдуулан гаргасан “МУДШЕШ-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ГАНБАТ

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-2 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 9 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 35 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 55-58 дугаар хуудас

[5] 37.5.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.