Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2364

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02491 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 484 446 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсад хэрэглэгдэхээр зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодис худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10/а/ тоот, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 10/б/ тоот, 2016 оны 5 дугаар сарын 10/б/ тоот гэрээнүүдийг “А” ХХК-тай байгуулж нийт 852 724 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдан борлуулсан. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар ургамал хамгааллын бодисын үнийн 30 хувийг гэрээ байгуулах үед төлж, үлдэх 70 хувийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсоны дагуу “А” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 21 480 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 185 316 000 төгрөгийг тус тус төлсний дагуу “Ш” ХХК нь ургамал хамгааллын бодисыг “А” ХХК-д гэрээнд заасан тоо, хэмжээгээр хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд тохиролцсон ёсоор 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болж үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад, санхүүгийн боломжгүй байна, удахгүй төлбөрөө барагдуулна гэх тайлбарыг өгч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 272 964 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 322 964 000 төгрөгийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 322 964 000 төгрөг, гэрээний 4.1 Б-д заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги 161 482 000 төгрөг, нийт 484 446 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

       Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2016 оны 5 сарын 24-ний өдөр, 5 сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээ дээр “А” ХХК-ийг төлөөлөөд н.Б гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа. “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Энэ гэрчилгээн дээр н.Бат-Эрдэнэ нь төлөөлөх эрхгүй. Тухайн үед н.Д гэдэг гүйцэтгэх захирал байсан. Тэгэхээр төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Өмнөх н.Дамбасанжаа захирлын гарын үсэг зурсан гэрээний үүргээ биелүүлээд, төлбөр мөнгөө төлөөд дуусгачихсан. Энэ хэлцэлд үлдэгдэл төлбөр, алданги яригдахгүй. Тэгэхээр нэхэмжлэгч тал гэрээ контрактаа сайн шалгаасай гэж хүсэж байна. Тийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

        Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 484 446 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 580 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

                  Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ шударгаар хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй хууль бус болсон гэж үзэж байгаа болно. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон 3 ширхэг санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгсөнийг нотлох баримтаар үнэлэхдээ шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгийн баримтанд тулгуурлаагүй гаргасан үндэслэлгүй тайлбарт үндэслэн нэхэмжлэгч “Ш” ХХК-аас нотлох баримтаар гарган өгсөн ургамал хамгааллын бодисыг “А” ХХК-нд хүлээлгэн өгсөн хууль ёсны баримтуудыг илт үгүйсгэсэн дүгнэлт хийж хэргийг шударгаар, үнэн зөв шийдвэрлэж чадаагүй бөгөөд нотлох баримтыг үнэлэхдээ мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргалаа. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь шүүх утга агуулгын хувьд илэрхий алдаатай, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж, маргааны үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй байна. Талууд гэрээнүүд байгуулагдсан болон ургамал хамгаалалын бодис хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг төлсөн, төлөөгүй гэж маргаж байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй болно. Мөн хариуцагч “А” ХХК-ийг төлөөлж Х.Бат-Эрдэнэ гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах эрхтэй этгээд мөн эсэх талаар талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд санхүүгийн анхан шатны баримтанд зурагдсан гарын үсгээр гэрээний дагуу хариуцагч ургамал хамгааллын бодис хүлээн авсан болох нь хангалттай нотлогдоно. Тодруулбал, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн эхний гэрээгээр 163 404 000 / төгрөгийн зарлагын баримтаар “Ш” ХХК-аас “А” ХХК-нд Тебу 60, Скарлет, Спрут экстра нэрийн 3 ширхэг ургамал хамгааллын бодисыг нийлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд уг баримтанд хүлээн авагч талаас гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн авсан болох нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 71 600 000 төгрөгийн ургамал бодис хүлээлгэн өгсөн зарлагын баримтанд зурагдсан хүлээн авагч талаас зурсан гарын үсгийн хэвтэй энгийн нүдээр харьцуулан харахад таарч байгаа бөгөөд хариуцагч “А” ХХК 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу ургамал хамгааллын бодис хүлээн аваагүй гэж шүүхээс эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “А” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10а гэрээний үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 113 404 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 50 120 000  төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 159 440 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа талаараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Гэвч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ: "... нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч тал 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг төлсөн нийт 529 760 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа ба хариуцагчаас хэдэн төгрөг шилжүүлсэн талаар баримтыг шүүхэд гаргаагүй боловч талууд 529 760 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй тул гэрээний үүрэг буюу 163 404 000 төгрөгийг хариуцагч бүрт төлсөн гэж үзэв..." гэж дүгнэж нэхэмжлэгч талаас гаргасан бодит үнэнд нийцсэн тайлбарыг илт үгүйсгэж шийдвэрлэсэн нь тухайн хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байх ба хэт нэг талыг барьсан, ашиг сонирхолын хувьд зөрчилтэй байж болзошгүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тус тус шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн төлбөр дээр ямар нэг маргаан байхгүй тухайгаа удаа дараа илэрхийлж байсан нь тус өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд дээр тодорхой тусгагдсан байх ба нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримтаас өөр байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаар талууд 2016 оны 5 сарын 24-ний өдрийн 10б дугаар гэрээ, 2016 оны 5 сарын 21-ний өдрийн 10б дугаар гэрээг "...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хэлцэл гэж үзэж  хүчин төгөлдөр бусад  тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй,  хариуцагчийн  зүгээс хүчин төгөлдөр  бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй" байхад шүүх өөрийн санаачилгаар хүчин төгөлдөр  бус хэлцэл байна гэж дүгнэх боломжгүй байхад хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж эргэлзээгүй дүгнэсэн нь хууль бус болжээ. Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс ургамал хамгааллын бодисыг авч ашигласан үйл баримтын талаар маргаагүй, үлдэгдэл төлбөрийн талаар маргаж байхад шүүх хуулийг буруу хэрэглэн хариуцагчид ашигтайгаар  тайлбарлаж хэргийг шийдвэрлэж  байгаа нь туйлын ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 484 446 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  “... гүйцэтгэх захирал М.Д-ийн байгуулсанаас, бусад хоёр гэрээнд манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул гэрээний үүрэг үүсээгүй” гэж маргасан.

 

            Зохигчид 2016 оны 5 сарын 4-ний өдөр, 2016 оны 5 сарын 24-ний өдөр, 2016 оны 5 сарын 31-ний өдөр тус тус гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Ш” ХХК нь ургамал хамгааллын бодисыг хариуцагч “А” ХХК-д худалдсан талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 6-8 дугаар тал/ Дээрх гэрээнүүдийг байгуулах хугацаанд хариуцагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Д бүртгэлтэй байсан болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 25-26 дугаар тал/

 

           

            Талуудын 2016 оны 5 сарын 4-ний өдрийн гэрээнд худалдан авагч “А” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох М.Д нь гарын үсэг зурж гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу 163 404 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг “А” ХХК нь хүлээн авсан болох нь зарлагын баримтаар давхар нотлогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Талууд уг гэрээг бичгээр байгуулсан гэрээнд “...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө” гэж заан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хязгаарын дотор алдангийг төлөх талаар тохиролцсон байх тул уг гэрээний дагуу төлөгдөөгүй хугацаа хэтрүүлсэн төлбөрт хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

            Харин 2016 оны 5 сарын 24, 2016 оны 5 сарын 31-ний өдрийн гэрээг “А” ХХК-ийг төлөөлж  байгуулсан Х.Б-ийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан уг компанийг удирдах эрхтэй буюу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэх баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн Х.Б нь хариуцагч компанийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөн хэлцэл хийх эрх олгосон гэж нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд эдгээр хоёр гэрээг  хариуцагч байгууллагатай нэхэмжлэгч бичгээр байгуулсан гэж үзэхгүй.

 

            Харин хэргийн 9 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудаар хариуцагч “А” ХХК нь 2016 оны 5 сарын 26-ны өдөр 71 600 000 төгрөгийн, 2016 оны 5 сарын 31-ний өдөр 617 720 000 төгрөг, нийт 689 320 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг бодитоор хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад тусгайлан бичгийн болон бусад хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй тул хариуцагч байгууллага бодисыг хүлээн авснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Харин  бичгээр хийсэн гэрээгүй тул нэхэмжлэгч нь энэ хэлцлийн дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрх үүсэхгүй.

 

            Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

 

            Талуудын байгуулсан 2016 оны 5 сарын 4-ний өдрийн бичгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр 163 404 000 төгрөгийн барааг хүлээн авсан нь тогтоогдсон тул уг гэрээний гүйцэтгээгүй үүрэгт төлөх алданги тооцоход 81 702 000 төгрөгийн хамт нийт 245 106 000 төгрөг төлөх үүрэг уг гэрээгээр худалдан авагчид үүссэн гэж үзнэ.

 

            Мөн зарлагын баримтуудаар 2016 оны 5 сарын 26, 31-ний өдрүүдэд худалдан авагч нь нийт 689 320 000 төгрөгийн барааг хүлээн авсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс нэхэмжлэгч 529 760 000 төгрөгийг авсан гэж тайлбарласныг хасч тооцоход аман буюу бодит хэлцлээр хийгдсэн үүрэгт 159 560 000 төгрөгийн үүрэг үлдсэн байна.

            Иймд хариуцагч “А” ХХК-иас нийт 404 666 000 төгрөг /245 106 000+159 560 000/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02491 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “А” ХХК-иас 404 666 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 780 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “... улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 181 280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай”  гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 580 180 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                              А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ