Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/003

 

Ч.А, Э.З нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Ч.А, Э.З

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Ч.А, Э.З нарт холбогдох эрүүгийн 1814004990263 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Таахынхан овогт Ч.А, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

2. Монгол улсын иргэн, Таах овогт Э.З, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд 2014 оны 1 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан,

Ч.А, Э.З нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн нутаг Ширгийн худаг гэх газар А.Нийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.А, Э.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Таахынхан овогт Ч.А, Таах овогт Э.З нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Таахынхан овогт Ч.А, Таах овогт Э.З нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Таахынхан овогт Ч.А, Таах овогт Э.З нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д ялтан Ч.А, Э.З нарт тус бүр оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.А, Э.З нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Энэ хэргийн учир шүүгдэгч Ч.А, Э.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.А, Э.З нарын тус бүр гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гэр тус бүрийг эзэмшигч Ч.А, Э.З нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй байна.

1. Ялтан Ч.А, Э.З нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ялтан Ч.А, Э.З нар нь нийтээр тогтоосон хэм хэмжээг бүлэглэн зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан болох нь

1. Хохирогч А.Нийн “...Дээрх хоёр залуу намайг архи ууж согтуурсан үедээ омгорхон ирж яагаад дуудаад байгаа юм бэ гээд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож цохисон...Надтай мэндэлсэн нь үнэн бас би тэгж хэлсэн нь үнэн, харин мотоцикль дээрээс Э.З нь бууж ирээд намайг эхлээд заамдаад авсан бодвол намайг яагаад мал үргээгээд байгаа нусан буунууд вэ гэж хэлнээс болж уурласан байх тэгээд намайг заамдаад авахад нь би тонгороод унагасан юм...Тэр үед харанхуй болсон байсан үзэгдэх орчин муутай байсан энэ 2 хүн намайг нийлж цохиж зодсон. Энэ 2 хүн намайг нийлж зодсоноос болж надад гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-22 дугаар тал/,

2. Гэрч Ч.Дын “...Манай гэр Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн нутаг “Ширгийн худаг” гэх газарт нутаглаж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны орой 22-23 цагийн үед би нөхөр хүүхдийнхээ хамтаар гэртээ байсан. Тэгэхэд мал гэрийн хажууд байсан бөгөөд мотоцикптой хүн манай гэрийн зүүн талаар байх замаар дуут дохио /сигнал / орилуулаад мал үргээгээд явсан...би нөхрөө салгаж аваад гэр лүүгээ явсан энэ үед тэр мотоциклтой хүмүүстэй манай нөхөр маргалдаж та нар ирж намайг зоддог хэн бэ гээд байсан би зарим үгийг нь сайн санахгүй байна... А, З нар нь манай нөхрийг зодож байгаа үйлдлийг би хараагүй сүүлд нь нөхрийнхөө амнаас сонсоход нийлж зодсон талаар хэлж байсан. Манай нөхрийн зүүн нүд хөхөрсөн цээж хүзүү зулгарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27-30 дугаар тал/,

3. Насанд хүрээгүй гэрч Н.Бы “...нэг орой өдрийг нь мэдэхгүй байна 2018 оны 08 дугаар сард аав малаа хураагаад явж байтал мотоциклтой хүмүүс ирээд аавтай маргалдаж эхэлсэн. Аав болохоор яагаад мал үргээгээд байгаа юм гэж хэлж байсан. Нөгөө хүмүүс нь юу хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд хоорондоо зодолдоод байхаар нь би гэрт орж ээжид хэлсэн надад өөр мэдэх зүйл. Би хэн нь яаж аавыг зодсон талаар хараагүй. Ээж аавыг аваад гэрт ороод ирэхэд аавын нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад шүүх ялтан Ч.А, Э.З нарт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитоор үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Ч.А, Э.З нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримталсан байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд шүүх хуралдааныг хойшлуулах зохицуулалтыг хуульчилсан бөгөөд уг зүйл 1.8 гэсэн зүйл хэсэг байх тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Ч.А, Э.З нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 278 шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Ч.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед 23 цаг болоогүй, 21-22 цагийн үед мал нь гэрээс 100-200 метрийн зайд зам дээр байсан. Бид 2 бүлэглэж, санаатай хийсэн зүйлгүй, араас дуудаад байсан, мэндэлсэн чинь нусан буунууд гээд байсан гэв.

Прокурор В.Дэлгэрмаа давж заалдах штаны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээ дэмжиж байна. Ч.А, Э.З нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 278 шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор В.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Ч.А, Э.З нар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн нутаг Ширгийн худаг гэх газар А.Нийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт болжээ.

Дээрхи үйл баримт нь эрүүгийн 184004990263 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Н, гэрч Ч.Д, Н.Б нарын мэдүүлэг, “... А.Нийн биед тархи доргилт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, хүзүү, цээж хэвлийд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүү, хэвлийд зулгаралттай, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 530 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн “...мотоцикльтой хүн манай гэрийн зүүн талаар дуут дохио орилуулж, мал үргээгээд явсан..., З нь надтай мэндэлсэн нь үнэн, мал яагаад үргээгээд байгаа нусан буунууд бэ гэж хэлснээс болж уурласан байх...” гэх хохирогч А.Нийн мэдүүлэг/ хэргийн 022 дугаар тал/, “...манай нөхөр мал үргээж мотоцикльтой сигналдаж явлаа гэж ууртай уцаартай очсоноос болж хоорондоо маргалдсан гэсэн...” гэх гэрч Ч.Дэлгэржавын мэдүүлэг / хэргийн 030 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А, Э.З нар нь хохирогч А.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас өөр хоорондоо маргалдаж, зодолдон, улмаар хохирогч А.Нийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ.

Ч.А, Э.З нарын үйлдэлд нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж болох нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргасан талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.А, Э.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.А, Э.З нар нь гэмт үйлдэл болохын өмнө хохирогч А.Нийн малыг дуут дохио гаргаж үргээснээс үүдэн, хохирогч А.Нтой зүй зохисгүй харьцааг үүсгэсэн нь хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтуудтай нийцэж байгаа боловч анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, Ч.А, Э.З нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасныг журамлаж тус тус хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг, гурав дахь заалтад тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 972 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн прокурор В.Дэлгэрмаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 278 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Таахынхан овогт Ч.А, Таах овогт Э.З нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай“ гэснийг “Шүүгдэгч Таахынхан овогт Ч.А, Таах овогт Э.З нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Таахынхан овогт Ч.А, Таах овогт Э.З нарыг хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Таахынхан овогт Ч.А, Таах овогт Э.З нарыг хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ