| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0139/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/136 |
| Огноо | 2017-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
Шүүгдэгч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 17140004500140 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/
Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /регистрийн дугаар /
Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр 78-р байрны гадна *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдож биед нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр 78-р байрны гадна *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 7 сарын 05-ны шөнө хадмынх болох 1-78-4 тоотод унтаж байхад хадам эгч хүн аллаа гараачээ гэсэн. Би байрны гадаа гараа ирэхэд хадам ээж, нөхөртэйгөө хэрэлдээд байж байсан. ******* танай ээж миний нүдний шилийг хагалаад нүд сохолоод хаячлаа гэхээр нь би ороод амар гэж хэлсэн чинь намайг шанааруу цохьсон. Би яаж байгаа юм гэхэд чи намайг Шаргалжуутад зодоо биздээ, дахиад зодохгүй юу гээд дахиад цохиод авсан. Би биеэ хамгаалаад зөрүүлээд цохьсон. Тэгээд зууралдаад авах төмсөгнөөс базаад авсан. Би тавиулах гэж ноцолдоод дотуур хувцасаа урсан ба гэртээ очиж хувцас өмсөөд эргээд ирэхэд дахиад эхнэртэйгээ хэрэлдээд байж байсан. Манай хадам эгч та 2 болиоч гэхэд ******* түүнийг цохиод унагахаар нь би бариад авсан чинь намайг цохиод хамарнаас цус гаргаад, хувцас ураад хаясан. Тэгээд би эргээд цохиод авахад газар унасан, би 2 удаа өшиглөөд чи намайг арай хэтрүүлж байнаа, хоёулаа больё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Хохирогч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “Тухайн өдөр би эхнэртэйгээ унтаж байсан юм. Хадам аав согтуу ирчихсэн. Гадаа маргалдаад байхаар нь би гарч, хүмүүс харчихна одоо орж амар гэхэд манай хадам аав ******* миний үгэнд орохгүй намайг цохисон. Яаж байгаа юм бэ та гэхэд чи намайг Шаргалжуутад зодсон биздээ гээд дахиад цохихоор нь би зөрүүлээд цохисон.” *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 07 сарын 05-06-нд шилжих шөнө 03 цагийн үед хадмынд буюу Баянхонгор сумын 1-78-4 тоотод унтаж байхад хадам эгч “ээжийг алаад хаячихлаа хурдан гараач” гэсэн. Гүйгээд гараад ирэхэд хадам аав, ээж 2 хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би архи уучихаад яагаад ингээд асуудал тариад байдаг юм бэ, одоо орж амар гэхэд хадам аав миний баруун талын хацар луу гараараа цохьсон. Яаж байгаа юм бэ гэхэд “чи намайг Шаргалжуутад зодоо биздээ. Одоо дахиад зодоодох” гэсэн. Тэгээд бид 2 бие биенийгээ боогоод хамт газар унасан. Тухайн үед би дээгүүрээ шалдан байсан учир буцаж ороод хувцас өмсөж гарч ирээд одоо орж амар гэхэд бас ороогүй. Тэгээд хэсэг зууралдаад одоо болий гээд салсан. Тэгээд манай ээж цагдаад мэдэгдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 эвлэрсэн. Надад учирсан хохиролыг барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журамаар шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-н 61- 63/
*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 05- ны өдөр найз болох Говь-Алтай аймагруу Улаанбаатар хотоос явж байна, бензин хийх сав олж өг гэсэн юм. Тэгээд түүнд бензин хийх сав олж өгсөн юм. , манай эхнэр бид гурав 2 ширхэг 0.5 литрийн архийг хувааж уусан. Тэгээд ГовьАлтай аймагруу яваад 12 цаг өнгөрч байхад эхнэр бид 2 гэрлүүгээ харьсан юм. Би тухайн үед архи уусан байсан болохоор гэрлүү орохгүй гэж хэлсэн юм шиг байналээ. Тэгсэн манай эхнэр намайг дагуулж орох гэхэд нь би түүнийг түлхэж унагаасан юм. Манай хүүхэд, хүргэн бүгд манай гэрт байсан юм. Тэгээд нэг мэдэхэд бүгд гараад ирсэн байсан. Манай хүргэн ******* битгий архи уучхаад ингээд асуудал үүсгээд бай, одоо орж амар гэхэд нь би түүнийг түрүүлж нүүрлүү нь гараараа цохьсон юм. Тэгээд бид 2 хоорондоо барилцаж аваад зодолдсон.”гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 58-59/,
Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 07 сарын 05- ны өдөр нөхрийн хамт Говь-Алтай аймагруу хүмүүс гаргаж өгөөд тухайн хүмүүстэй манай нөхөр 2 шил архи уугаад гэртээ ирээд гэрлүүгээ орохгүй гадуур явна гээд байхаар нь би явуулахгүй гээд бид 2 хоорондоо маргалдаад намайг түлхэхэд би газар унаад, унахдаа уруулаа хазаад, уруулаас цус гарсан. Тэгтэл хүүхдүүд гарч ирээд охин намайг аваад гэрт ороод, хүргэн ******* барилцаж аваад дээр доороо ороод орлилдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 07-ны өдрийн 309 дугаартай: *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, дух хөмсөг, баруун зүүн доод зовхи, хамар, нуруунд зулгаралт, зүүн дээд доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 47-48/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 07-ны өдрийн 311 дугаартай: *******ын биед хамар, баруун доод зовхи, баруун зүүн хацар, хүзүү цээжинд зулгаралт, баруун гарт зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ -Д.Билэгмаагийн утсаар ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-5/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-24/ -Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын *******г тодорхойлсон тодорхойлолт, *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, гэрлэсний бүртгэлийн хуулбар /хх-ийн 64-71/, -Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын *******ыг тодорхойлсон тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ХААН, Хас, Голомт, Төрийн банкны депизит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 76-79/ -Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******, ******* нарын хүсэлт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 88-94/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүгдэгч нар нь харилцан бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчоор өгсөн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******, ******* нарын хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар нэг нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглсэн, согтуурлын байдалд байхдаа бусдын “орж амар” гэсэн зөв, зүйтэй саналыг хүлээж авалгүй, бусдыг өдөж, хэрүүл маргаан үүсгэж тухайн гэмт хэргийг үйлдэгдэх эх үүсвэрийг тавьсан байна гэж үзэн согтуурлын байдалд байсныг нь онцгойлон үзлээ. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын эзэмшлийн гар утасуудыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Ай понь-5 маркийн гар утасыг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Самсунг Эс-7 маркийн гар утасыг битүүмжилснийг тус тус хүчингүй болгосугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ