| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/03631/И |
| Дугаар | 181/ШШ2017/03200 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2017/03200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............. давхарт байрлах “CK” ХХК /Регистрийн дугаар:2619032/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .......................... давхарт байрлах, “A” ХХК /Регистрийн дугаар:2627248/-д холбогдох
Гэрээний үүрэгт 5.161.290 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н., хариуцагчийн өмгөөлөгч Э.Тү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “CK” ХХК болон “A” ХХК нарын хооронд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 15-Г-Б-02/63 тоот гэрээ байгуулсан. Хариуцагч тал үйлчилгээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 5.161.290 төгрөг хуримтлагдсан байна. Иймд “гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 3.5, 3.7, 3.8, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.5, есдүгээр зүйлийн 9.1, 9.3-д заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын төлбөр 2.500.000 төгрөг, 4 дүгээр сарын төлбөр 2.500.000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр хүртэлх 161.290 төгрөг, нийт 5.161.290 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3-т гэрээ цуцлах тухай мэдэгдлээ 1 сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ гэж заасан тул хариуцагч талын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг хүлээн авсан даруйд мөн өдрөөс тасалбар болгон төлбөрийг зогсоосон. Манай байгууллагын мэйл хаяг @skymedia.mn домэйнд өөрчлөлт орж @skytel.mn болсон тул 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мэйлийг манайх хүлээн аваагүй. Харин 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн мэйлийг хүлээн авсан. Уг мэйлийг ажилтан Г.Наранболдоос явуулсан, мөн албан бичиггүй байсан тул гэрээг цуцлах тухай мэдэгдсэн гэж үзэхгүй. Гэрээнд Г.Наранболд хариуцагч компанийг төлөөлж мэйлээр харилцахаар л тусгаснаас гэрээг цуцлах эрхийг эдлэхээр заагдаагүй гэж ойлгож байна. Гэрээгээр интернэт үйлчилгээг ашигласан эсэхээс үл хамаарч сарын төлбөр тогтмол 2.500.000 төгрөг байхаар тохиролцсон. Иймд интернэтийг ашиглаагүй гэсэн тайлбар үндэслэлгүйгээс гадна манай байгууллага тухайн хугацааны шилэн кабелийн сүлжээний төлбөрийг цаад компанидаа төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч компанитай интернэт үйлчилгээ авах гэрээтэй ажиллаж байсан нь үнэн. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай байгууллага Юнивишн компанийн интернет ашиглах болсон тул “Скаймедиа” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ”-г цуцлах “Интернетийн үйлчилгээг зогсоох” хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Скаймедиа” ХХК-ийн Байгууллагын борлуулалт хариуцсан мэргэжилтэн М.Хулангийн гэрээнд тэмдэглэгдсэн [email protected] гэсэн мэйл хаягаар явуулсан. Уг мэдэгдэлд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг энэхүү өдрөөр дуусгавар болгохоор заасан. Дээрхи мэйлийг 2016 оны 3 дугаар сарын 09-нд, 4 дүгээр сарын 14-нд, 5 дугаар сарын 3-ны өдөр тус тус дахин явуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба манай компани 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэглэсэн интернетийн үйлчилгээний төлбөрийг бүрэн төлсөн. Нэхэмжилж байгаа хугацаанд интернэтийг хэрэглээгүй, ашиглаагүй. Мөн хоёр байгууллагыг төлөөлж оролцохоор гэрээнд заасан ажилтнуудын мэйл хаягаар хүсэлтийг явуулсан тул эрхгүй этгээдээс явуулсан гэдэг үндэслэлгүй. Түүнчлэн тухайн үед мэйлийг хүлээн авсан гэж тайлбарлаж, яагаад интернэтээ сольж байгаа юм бэ гээд ярьж байсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаас бичгээр гэж шаардаагүй. Иймд хэрэглээгүй үйлчилгээний төлбөрийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай зүгээс зөвхөн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөх боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “CK” ХХК нь хариуцагч “A” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.161.290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.
“CK” ХХК, “A” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ”-г байгуулж, худалдагч өөрийн шилэн кабелийн хамрах хүрээнд интернэт үйлчилгээг үзүүлэхээр, худалдан авагч гэрээгээр тохиролцсны дагуу сарын 2.500.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай гэрээг байгуулжээ. /хх 5-7/
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 12 хүртэл тогтоож, 2.3-т гэрээ дуусахаас 1 сарын өмнө бичгээр гэрээг сунгахаас татгалзахаа илэрхийлээгүй бол хугацааг 1 жилийн хугацаатай сунгагдсанд тооцохоор тохиролцсон байх ба хэн алин нь гэрээ 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгагдсан гэдэгт зохигчид маргаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд тус гэрээний дагуу хоёр байгууллагыг төлөөлж харилцах албан ёсны этгээдийг нэхэмжлэгч талаас “борлуулалтын мэргэжилтэн М.Хулан, цахим хаяг [email protected] гэж, хариуцагч талаас “ажилтан Г.Наранболд, цахим хаягийг [email protected] гэж тус тус тусгагдсан байх ба гэрээний 8.1-д “гэрээг цуцлах хүсэлтэй байгаа бол түүнийгээ нэг сарын өмнө бичгээр илэрхийлнэ” гэж заажээ.
Хариуцагч өөр байгууллагаас интернэт үйлчилгээг авах болсон үндэслэлээр гэрээ цуцлах тухай саналаа 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр, 4 дүгээр сарын 14-ний өдөр, 5 дугаар сарын 3-ны өдөр тус тус гэрээгээр тохиролцсон нэхэмжлэгч талын төлөөлөх эрх бүхий этгээдийн мэйл хаягаар тус тус явуулсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч байгууллагын мэйл хаяг өөрчлөлт орсон үндэслэлээр хариуцагч талаас явуулсан 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн мэйлийг хүлээн аваагүй, харин 4 дүгээр сарын 14-ний өдрийн, 5 дугаар сарын 3-ны өдрийн мэйлийг тус тус хүлээн авсан гэж тайлбарлах байх ба хариуцагч тал үүнд маргаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Наранболдыг гэрээ цуцлах санал гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байх боловч гэрээнд компанийг төлөөлж ажиллах итгэмжлэгдсэн этгээдээр Г.Наранболдыг тодорхойлсон тул түүний мэйл хаягаас ирүүлсэн саналыг эрхгүй этгээдийн санал гэж үзэх боломжгүй.
Хариуцагч үйлчилгээг ашиглаагүй тул төлөхгүй гэж тайлбарлаж байх боловч гэрээнийн 3.7-д гэрээний хугацаанд хавсралтад заасан тарифын дагуу төлбөр төлөхөөр, хавсралтад нэг сарын хураамж 2.500.000 төгрөг байхаар зааснаас үзвэл дээрх тайлбар үндэслэлгүй.
Цахимаар ирүүлсэн 4 дүгээр сарын 14-ний өдрийн мэйлийг хүлээн авснаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байх тул бичгээр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн аваагүй гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 421 дүгээр зүйлийн 421.1-д зааснаар хариуцагч мэдэгдсэн гэж үзнэ.
Төлбөрийн тухайд гэрээ цуцлах саналыг нэг сарын өмнө гаргахаар тохиролцсон ч 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бичгээр хүсэлт ирснээр мөн өдрөө үйлчилгээг зогсоосон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул мөн адил зарчмаар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэйлийг хүлээн авснаар мөн өдрөөр тасалбар болгож төлбөрийг тооцох нь зүйд нийцнэ гэж үзэв.
Иймд хариуцагч талаас 2016 оны 3 дугаар сарын үйлчилгээний төлбөр 2.500.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 1.166.666 /2.500.000:30хоног*14хоног/ төгрөг, нийт 3.666.666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “CK” ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “A” ХХК-иас 3.666.666 /гурван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж, “Скаймедиа” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.494.624 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 73.616 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ