| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0130/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/156 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0130/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч З.З.Г- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт З.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018001640128 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З.Г- суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.З.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны .... тоотод эхнэр Ж.Ж.Г-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “доод эрүү, хүзүү, цээжний зүүн дээд хэсэг, зүүн далны доод хэсэг, бүсэлхийн ар хэсэг, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч З.З.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10/,
-Хохирогч Ж.Ж.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ний өдөр манай нөхөр ажлаасаа бууж ирэх байсан учир би охинтойгоо үйлчилгээний төв дээр очиж тостол халамцуу бууж ирсэн. Тэгээд бид гурав хадмынд очтол намайг уурхайн залуучууд, төмөр замын залуучуудтай явалддаг гэж хардаад байхаар нь би “юу яриад байгаа юм, дандаа тэнэгтэж байх юм” гэхэд “үнэнээ хэлээч” гээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл хоёр талын хацар луу алгадаж, үснээс зулгаагаад, хана руу түлхэж унагаасан. Унасан байхад нуруу орчим хоёр удаа өшиглөж хүүхэд уйлахаар нь хүүхдээ тэврээд орон дээр сууж байтал дахин хардаж уурхайн залуучуудтай утсаар ярьдаг гэж уурлаад миний хоёр хөл рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
-Гэрч С.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр хүүхдүүд, хадам ээжийн хамтаар байр түрээсэлж амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн орчим З.Г- эхнэр Ж.Г- хоёр хүүхэдтэйгээ орж ирээд цай уучихаад ээжийн байдаг жижиг өрөөнд ороод хэрэлдээд унасан. Би өрөөнийхөө хаалгыг хаачихаад байж байхад Ж.Г- “Н- эгч ээ” гээд дуудахаар нь ороод “яасан?” гэхэд Ж.Г- “намайг хардаад” гэж хэлсэн. Харахад Ж.Г-гийн хүзүү орчим улайчихсан, уйлаад хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан. З.Г- хажуугаар Ж.Г- уруу хардаад ажлынхаа залуутай нэр холбогдсон чи гэсэн утгатай үг хэлээд байсан. Яг нарийн юу гэж хэлээд байсныг нь сайн санахгүй байна. Би З.Г-д “чамайг ингээд орилоод байвал цагдаа дуудна шүү” гэхэд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,
-Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Г-тай 2016 оноос хойш гэр бүл болоод одоо 1 ой 10 сартай охинтой. Ж.Г- төлөв томоотой, хүнд тусархуу зантай охин байдаг. 2020 оны 02 дугаар сарын дундуур хэдний өдрийг мэдэхгүй байна орой ажлаасаа тараад 19 цагийн үед ирэхэд З.Г-, Ж.Г- хоёр хэрэлдэж маргасан байдалтай байж байгаад З.Г- гараад явчихсан. Яагаад юунаас болоод хэрэлдсэнийг нь би мэдээгүй. Ж.Г- дуугүй байж байгаад “би З.Г-гээс сална аа” гэж хэлсэн, өөр юм хэлээгүй. Ж.Г- тэр оройгоо аавынх уруугаа хүүхдээ аваад явсан. Түүнээс хойш ирээгүй. Яг юу болоод хэрэлдэж маргаад байгааг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,
-Ж.Ж.Г-гийн биед доод эрүү, хүзүү, цээжний зүүн дээд хэсэг, зүүн далны доод хэсэг, бүсэлхийн ар хэсэг, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/,
-Хохирогч Ж.Ж.Г-д эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 23-24/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч З.З.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед Дархан-уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 20.4 дүгээр байрны 73 тоотод гэр эхнэр Ж.Ж.Г-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “доод эрүү, хүзүү, цээжний зүүн дээд хэсэг, зүүн далны доод хэсэг, бүсэлхийн ар хэсэг, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 26-27/ нотлогдож байна.
Шүүгдэгч З.З.Г-, хохирогч Ж.Ж.Г- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч З.З.Г- нь хувийн таарамжгүй харьцаа болон хардалтын улмаас болж хохирогч Ж.Ж.Г-гийн эрх чөлөөнд халаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч З.З.Г-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Ж.Ж.Г- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.З.Г-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч З.З.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч З.З.Г- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд буюу эхний хоёр сард тус бүр 150000 төгрөг, сүүлийн нэг сард 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч З.З.Г-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.З.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч З.З.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З.Г-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар З.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч З.З.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд буюу эхний хоёр сард тус бүр 150000 төгрөг, сүүлийн нэг сард 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч З.З.Г-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.З.Г-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.З.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ