Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/137

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******ид холбогдох эрүүгийн 1714000120019 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, Баацгай овогт ******* *******, /регистрийн дугаар *******/

Үйлдсэн хэргийн талаар:

Х.******* нь 2017 оны 06 сарын 21-ний өдөр Баянхонго аймгийн Баацагаан сумын Зүүн хаяа 6-р багийн нутаг Замын тээг гэх газар *******г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Зүүн хаяа” 6-р баг Замын тээг гэх газарт ******* гэдэг хүний хүүхдийн сэвлэг үргээх найр болсон юм. Манайх тэднийхтэй саахалт байдаг юм. Хүүхдийн дайхны найр нь 14 цагийн үед тарсан. Би тэднийд гал тогооны ажилд нь туслаж байсан юм. Хүмүүс тарсны дараа Бууцагаан сумаас 2 залуу ирсэн юм. Миний үерхдэг ******* тэр 2 залуу ирсны дараа араас нь ирсэн юм. Тэгээд ******* намайг чи энэ 2 бандид хорогдоод гэрлүүгээ явахгүй байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэндий гэрээс гараад гэрлүүгээ явж байхад араас мотоцикльтой хүрч ирээд миний хавирганы ойролцоо хөлөөрөө жийж өшиглөөд, гараараа миний хамарлуу цохиод миний хамраас цус гарсан... Тэгээд би *******ийн гэрт буцаж очоод хамраас гарсан цусыг угааж байхад ******* хоёулаа уулзаж ярилцъя гээд тэдний илүү гэрт дагуулж ороод үснээс зулгаагаад намайг өшиглөсөн. Тэгээд гаднаас Заяабаатар орж ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-н 21- 22/

Шүүгдэгч Х.*******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 06 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг Замын тээг гэх газарт байх Заяабаатарын гэрт хүүхдийн сэвлэгний найр болсон юм. Намайг тэдний яваад очиход Заяабаатар, манай найз охин Сугармаа, бас Бууцагаан сумаас ирсэн 2 банди байсан. Би тэднийд Бууцагаанаас ирсэн 2 бандитай 0.5 литрийн архи, мөн 2.5 литрийн “Кружка” пиво хувааж уусан. Би түүнийг жоохон халсан байсан бөгөөд найз охин тэр 2 бандитай юм яриад байхаар нь хардаад найз охиндоо “энд юу хийгээд айлгүйтээд байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр гэрлүү гараад явсан юм. Тэгэхээр нь би түүний араас мотоциклтой явж очоод түүнийг 2 удаа хөлрүү нь өшиглөөд, хацарлуу нь 2 удаа алгадахад түүний хамраас цус гарсан. Тэгээд би түүнийг тухайн газарт орхиод Заяабаатарынд ирээд байж байхад тэр араас ирээд хамраасаа гарсан цусыг угааж байхад нь би түүнийг дуудаж Заяабаатарын илүү гэрт оруулаад 2 удаа хөлрүү нь өшиглөөд байж байхад Заяабаатар болиулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 289 дугаартай: *******гийн биед тархи доргилт, зүүн мөр, шуу, хамарт зулгаралт, гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ -*******гийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17/

-Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ххийн 38/ -Иргэдэд үйлчлэх автомат машины Х.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40/ -гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо /хх-ийн 53/

-Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Х.*******ийн хүсэлт, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 48-51/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогч мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Х.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүгдэгч нар нь харилцан бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчоор өгсөн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Х.*******ийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Батбилэг нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундаа хэрэглсэн, согтуурлын байдалд байхдаа бусдыг өдөж, хэрүүл маргаан үүсгэж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баацгай овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн Эл-Жи маркийн гар утасыг битүүмжилснийг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******ид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ