Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Т ХХК нь Б.Ц тай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан 2013 оны 12 сарын 13-ны өдөр 5,700,000 төгрөгийн үнэ бүхий Кирби сентриа төхөөрөмжийг зээлээр худалдсан юм. Гэрээнд, худалдан авагч тал Б.Ц  нь урьдчилгаа 1,000,000 төгрөг төлж, улмаар сар бүрийн 20-ны дотор 300,000 төгрөгийг худалдагч тал Төгөлдөрбьюти кэйр ХХК-д шилжүүлэх замаар 16 сарын хугацаанд үндсэн төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар заасан бөгөөд төлбөр төлөх хугацаа 2015 оны 4 сарын 20-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл Б.Ц  нь төлбөп зохих 5,700,000 төгрөгөөс 5,100,000 төгрөгийг төлж, үлдсэн 600,000 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй, төлөхөөс татгалзсаар байх тул арга буюу хуулийн байгууллагад хандаж байна. Иймд Б.Ц гаас Кирби сентриа төхөөрөмжийн төлбөрт 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц  би Т ХХК-аас 5,700,000 төгрөгөөр 2013 оны 12 сард тоос сорогч авсан. Энэ мөнгөний 5,200,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 5 сараас хойш уг тоос сорогч ажиллахгүй болсон. Манайх 7 хоногт нэг удаа тоос соруулдаг байсан. Зарим үед дуу чимээнээс нь болоод өөр энгийн тоос сорогчоор цэвэрлэдэг байсан. Одоо тэр тоос сорогч нь шинээрээ шахуу эвдэрхий байж байгаа. Бусад дагалдах хэрэгсэл нь бүгд шинэ. Анх бидэнд танилцуулж сурталчлахдаа 30 жилийн баталгаатай, онгоцны мотортой, бусад эд ангид нь л 3 жилийн баталгаа өгч байна гэж байсан. Ажиллахгүй болсон тул үлдэгдэл 500,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Яагаад гэвэл би үүнийг ирээд засч өгөөч, үгүй бол буцаая гэсэн шаардлагыг тавьсан боловч нэг ч ирээгүй. Тиймээс маш үнэтэй тоос сорогч авчихаад тэр нь ажиллахгүй байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй”  гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Ц д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Т ХХК болон Б.Ц  нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээ /хх-4,5 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Т ХХК Кирби сэнтриа /Kirby sentria/ төхөөрөмжийг иж бүрдлийн хамт 5,700,000 төгрөгөөр Б.Ц д худалдах, Б.Ц  нь эхний төлөлтөөр 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,700,000 төгрөгийг 16 сарын хугацаанд сард 300,000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч төхөөрөмжийн үнийн дүн болох 5,700,000 төгрөгөөс 5,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан, үлдэх 600,000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилсэн бол хариуцагч 5,200,000 төгрөгийг төлсөн, төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөг гэсэн тайлбар гаргасан,  үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаанаа 2016 оны 8 сард төхөөрөмж эвдэрсэн, төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор эвдрэл гэмтлийг оношлуулах, засварлуулах үүднээс Төгөлдөрбьюти кэйр ХХК-ийн төлөөлөгчтэй холбогдсон боловч хаягаа хэлээгүй, засч өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч татгалзлаа нотлох баримт болгож гар утасны бичлэгийг шүүхэд гаргаж өгснийг шүүх үзлэг хийн тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн бөгөөд 1 минут 42 секундын уг бичлэгт гарч буй төхөөрөмж нь Төгөлдөр бьюти кэйр ХХК-аас худалдан авсан төхөөрөмж мөн эсэх, эвдрэл гэмтэлтэй эсэх, эвдрэл гэмтэлтэй бол юунаас шалтгаалсан эвдрэл гэмтэл болохыг бичлэгээс тогтоох боломжгүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дахь заалтад “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, мөн зүйлийн 251.2 дахь заалтад “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар тухайлан заагаагүй, 2013 оны 12 сарын 13-ны өдөр үйлдэгдсэн бараа хүлээлгэж өгсөн акт /хх-6 тал/-д “барааны хүчин чадал, үйлдлүүдийг бүрэн хэмжээнд үзэж, шалган танилцуулсан, бараа чанар хангасан, бүрэн байна” гэсэн тэмдэглэгээ хийгдэж уг баримтад хариуцагч Б.Ц  гарын үсэг зурсан байх тул талууд төхөөрөмжийг хүлээлцэх үед ямар нэгэн доголдол байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь төлбөрөөс 5,200,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөр нь 500,000 төгрөг байгаа, худалдан авсан төхөөрөмж эвдэрсэн учраас баталгаат хугацааны дотор засварлуулахаар хүсэлтээ нэхэмжлэгчид тавьсан гэх тайлбаруудыг гаргасан боловч төлбөр төлсөн байдал болон хэзээ, хэнд хандан ямар байдлаар хүсэлт тавьсан болохоо баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, түүнтэй  холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Ц гаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төгөлдөрбьюти кэйр ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Ц гаас 600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц гаас 18,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР