Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2386

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02386

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02394 дүгээр шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 22 725 980 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс гэрээний үүрэг 18 700 000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “С” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Талбайн захиалгын гэрээ” байгуулж, “С” ХХК-д “брусс” мод нийлүүлж, Компьютер центр төвийн 4 дүгээр давхарт 22 тоот 13,9 м кв 36 000 000 төгрөгийн үнэ бүхий тайлбайг авахаар тохиролцож, мөн оны 4, 5 дугаар сард 36 300 000 төгрөгийн “брусс” модыг нийлүүлж, тооцооны акт үйлдсэн. “С” ХХК талбайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан ч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээнд 13.09 м.кв талбайг хүлээлгэн өгөхөөр заасан атал 10.56 м.кв талбайг хүлээлгэн өгч, 2.53 м.кв дутуу өгсөн, 1 м.кв-ын үнэ 2 750 190 төгрөг болж байгаа тул дутуу талбайн үнэ 6 957 980 төгрөг болж байна.

Мөн гэрээний 3.2-т зааснаар барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал худалдан авагчид хугацаа хожимдуулсан хоног тутам урьдчилгаа төлсөн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 438 хоногт алданги тооцоход /36 000*438/ 15 768 000 төгрөг болно. Иймд талбайн захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу өгсөн 2.53 м.кв-ын үнэ 6 957 980 төгрөг, алданги 15 768 000 төгрөг, нийт 22 725 980 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Манай компани дээрх талбайгаа “Угалз холдинг” ХХК-ийн захирал Д.Шинэсард 36 000 000 төгрөгөөр худалдаж, 27 000 000 төгрөгийг авсан, үлдэх мөнгөө улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгсний дараа авахаар тохиролцсон. “С” ХХК өмчлөх эрхийн гэрчилгээг одоо болтол гаргаж өгөөгүй. “Б” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр захиалгат талбайн төлбөрийг бүрэн хийсэн ба талбайг хүлээн авсан учир хууль буюу гэрээнд зааснаар эзэмших, захиран зарцуулах эрх нээгдсэн гэж үзэж байгаа. Уг талбайн талаар “Угалз холдинг” ХХК-ийн захирал Д.Шинэсартай үүсгээд байгаа хэлцлийн хувьд  “С” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбогдон үүссэн маргаантай огт холбоогүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 хороо 7 дугаар хороололд баригдсан Компьютер центр цогцолборын барилгын карказ угсралтын ажлыг 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл төсөл хэрэгжүүлэгч “Угалз холдинг” ХХК-тай гэрээ байгуулж, хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд барилга ашиглалтанд орох хугацаа хойшилсон нь манай компанид хамааралгүй. “Угалз холдинг” XXК манайхтай байгуулсан гэрээнийхээ дагуу барилгын материалыг бэлтгэж өгч, бид зөвхөн барилгын карказ угсарлтын ажлыг хийсэн.

“Б” ХХК нь 2014 онд төсөл хэрэгжүүлэгч “Угалз холдинг” ХХК-д “брусс” мод нийлүүлсэн бөгөөд 2015 оны нийлүүлэлтээ бартераар хийж талбай авахаар тохиролцсон. “Угалз холдинг” XXК нь 2014 онд нийлүүлсэн “брусс” модны тооцоог хийхэд хүндрэл гаргаж байсан тул дахин гэрээ хийх сонирхолгүй байна гэх үндэслэлээр угсралтын ажлыг гүйцэтгэж байсан манай компанитай гэрээ хийе гэсэн хүсэлтийг БГУНЧ ХХК тавьж, “Угалз холдинг” ХХК, “С” ХХК-иуд ярилцаад, “Угалз холдинг” ХХК талбайг танай компанийн нэр дээр шилжүүлээд өгье гэсний дагуу “Б” ХХК-тай “С” ХХК нь бартерын гэрээг байгуулсан.

Барилгын ажил хугацаандаа ашиглалтад ороогүй нь “С” ХХК-иас хамааралгүй бөгөөд “Угалз холдинг” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын ажлыг маш олон компаниуд “Угалз холдинг” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэсэн юм. Манай компани “Угалз холдинг” ХХК-ийн барилга захиалагч нартай байгуулдаг стандарт гэрээг нь авч “БГУНЧ ХХК-тай уг гэрээний загвар дээр гэрээ байгуулсан. Алдангийн талаар бид хоорондоо ярилцаж тохиролцоогүй. Талбайн хэмжээ дутуу байгааг “Угалз холдинг” ХХК-д мэдэгдсэн. БГУНЧ ХХК-иас талбайн дутуу, алданги гаргуулах талаар гаргасан гомдлыг манай компани “Угалз холдинг” ХХК-д мэдэгдэхэд өөрсдөө үүнийгээ хариуцахаар болж манай компанид хамааралгүй гэдэг албан бичиг өгсөн. Энэ асуудлыг ярилцаад “Угалз холдинг” ХХК-ийн захирал Д.Шинэсар нь “Б” ХХК-иас 36 000 000 төгрөгөөр талбайг худалдан авсан байх.

Харин “Б” ХХК нь манай компаниас зээлсэн 10 000 000 төгрөгөө өгчих юм бол одоо ч бид үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт албан бичиг явуулж гэрчилгээг гаргаж өгөхөд бэлэн тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани барилгын карказ угсралтын ажлаа гэрээт хугацаандаа дуусгахын тулд “Б” ХХК-иас “брусс” модоо яаралтай авах шаардлагатай болсон тул материалаа нийлүүлэхийг шаардсан. Энэ үед “Б” ХХК-ийн захирал Г.Баттогтох нь “брусс” мод орон нутагт бэлэн байна, тээврийн зардалгүй болчихоод байна, 10 000 000 төгрөг нэг сарын хугацаатай зээлбэл модыг нийлүүлээд дахин өөр мод авчирч зараад танайхаас зээлсэн мөнгөө буцаагаад төлье гэхэд нь зөвшөөрч, захирал Н.Батцэрэн өөрийн данснаас 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “БГУНЧ ХХК-ийн захирал Г.Баттогтохын нэрийн дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлийн гэрээг амаар хийсэн боловч талбайн захиалгын гэрээг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болсон тул уг гэрээний салшгүй хэсэг гэж үзэж байна. Гэвч Г.Баттогтох одоо болтол манай компаниас зээлж авсан 10 000 000 төгрөгийг өгөөгүй. Ингээд бартерын гэрээний дагуу модоо нийлүүлсэн ч зээлээ 29 сарын турш төлөхгүй, өгөхгүй явсаар байна. “Б” ХХК-ийн захирал Г.Баттогтох нь “С” ХХК-иас 10 000 000 төгрөг зээлж авсан, “Угалз холдинг” ХХК-иас 27 000 000 төгрөг авсан, 36 000 000 төгрөгийн үнэтэй үйлчилгээний талбай авсан, дээрээс нь 22 725 980 төгрөг шүүхээр нэхэмжилж байгаа нь нийт 95 725 980 төгрөг болж байгаа, харин түүнээс нэг төгрөг ч гараагүй.

Манайх тухайн үед ажиллаж байсан захирал Н.Батцэрэнгийн нэр дээр “Сэра интернэшнл” ББСБ-иас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 75 000 долларыг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан ба үүнээс 10 000 000 төгрөгийг “Б” ХХК-д зээлсэн мөнгийг нөхөхөд зарцуулсан юм. Иймд 10 000 000 төгрөг, 29 сарын хүү 8 700 000 төгрөг, нийт 18 700 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 251 450 төгрөгийн хамт “Б” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь гэрээний үүрэг биелүүлээгүйтэй холбоотой үүсэх хариуцлагаас зайлсхийх арга хайж Г.Баттогтоход Н.Батцэрэнгээс “брусс” мод авах урьдчилгаа төлбөр болгож өгсөн 10 000 000 төгрөгийн асуудалтай холбон тайлбарлаж байна. Гэтэл энэ нь дээрх гэрээтэй холбоогүй. Иймээс “С” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг гаргах эрхгүй. Харин энэхүү хэрэгт “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Батцэрэн өөрийн 10 000 000 төгрөгөө компанийн нэрээр биш, өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэх эрхтэй буюу Н.Батцэрэнгийн хувийн данснаас Г.Баттогтохын хувийн дансанд шилжсэн нь баримтаар нотлогдоно.

“С” ХХК нь Н.Батцэрэн, Н.Төмөрбаатар нарын “Сера Интернэшл ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг “Б” ХХК-с нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл “С” ХХК ба Н.Батцэрэн, Н.Төмөрбаатар нар эрх зүйн хувьд бие даасан эрх зүйн чадвар, чадамжтай өөр өөр субьектүүд учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-иас 22 725 980 төгрөг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 8 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 271 580 төгрөг, “С” ХХК-ийн төлсөн 251 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “Б” ХХК-иас 174 950 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани талбай захиалгын гэрээний үүргээ биелүүлж, 2017 оны 4,5 сард 36 300 000 төгрөгийн үнэ бүхий “брусс” модыг нийлүүлсэн боловч хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тохиролцсон талбайг 2.53 м.кв-аар дутаасан, мөн гэрээний хугацааг хожимдуулж, гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа. Гэтэл шүүх гэрээний энэ заалтыг үнэлэхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж манай компанийг алдагдалд оруулсан шийдвэр гаргасан. Хариуцагчийг шүүх хуралдаан эхэлсэн байхад танхимд оруулж, хариуцагч хуралдаанд ирээгүй учраас манай  нотлох баримт гаргуулах хүсэлт тавьсныг шийдвэрт тусгаагүй.

Хариуцагч талбайн хэмжилтийг өөрөө хийж, 2.53 м.кв дутуу байсныг тогтоож худалдааны талбай хүлээлцэх актад тэмдэглэсэн, шүүх хуралдаанд уг дутсан м.кв-ын үнийг ямар нэгэн байдлаар төлөх, алданги гэрээнд 20 хувь гэж заасан байгаа талаар ярьж гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч байсан зэргийг анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг маргааны хувьд нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж гэрээг дүгнүүлэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан тул 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “С” ХХК-тай байгуулсан гэрээг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан. Гэрээний 2.1-д “Барилгыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулж, захиалагч талд бүрэн хүлээлгэж өгнө”, 3.2-т гэрээний хариуцлагыг тусгаж, хугацаа хожимдуулсан хоног тутам 0.1 хувийн алданги тооцох талаар, 4.4-т “талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болно” гэж заасан байдаг. Гэтэл шүүх шийдвэртээ уг гэрээг нотлох баримтаар үнэлэхгүй, гэрээний заалтыг хайрхалгүй, маргаанд хамааралгүй буюу “С” ХХК нь “Угалз холдинг” ХХК-тай байгуулсан өөр гэрээний асуудлыг тодотгож, талбай захиалгын гэрээний заалтуудыг дурдахгүй байгаа нь ойлгомжгүй. Тухайлбал “...барилга зураг төслийнхөө дагуу баригдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд талууд талбайн хэмжээг зураг төсөлд тусгагдсан хэмжээнээс дутсан эсэхийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй. Иймд хариуцагч “С” ХХК-ийг доголдолтой талбай хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн байдаг.

Гэтэл хэрэгт авагдсан гэрээнд заасан 13.09 м.кв-аас 2.53 м.кв-ыг дутаасан хохирлыг нөхөн төлөх талаар хариуцагчийн зүгээс тайлбарласан ба шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн “...эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, ... талууд гэрээг байгуулахдаа алдангийн талаар хэлэлцэж тохиролцоогүйг нотлож байна ... иймд нэхэмжлэгчид гэрээний улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэсэн нь гэрээний заалтыг анхаараагүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар “Б” ХХК нь “С” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээтэй огт хамааралгүй мөнгө болох 10 000 000 төгрөгийг Г.Баттогтох нь гэрээ байгуулснаас хойш энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэрэнгээс гэрээтэй холбоогүйгээр хувиараа өөр зүйлд зарцуулахаар иргэд хооронд зээлж аль аль нь хувийнхаа дансаар авч өгөлцсөн байхад уг зээлийг “Б” ХХК төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шийдвэр бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Б” нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан “Талбай захиалгын гэрээ”-ний үүрэгт 22 725 980 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч зээлээр авсан 10 000 000 төгрөг, түүний хүү 8 700 000 төгрөг, нийт 18 700 000 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Талбай захиалгын гэрээ” байгуулж, үүгээр “Б” ХХК нь “С” ХХК-иас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 14 давхар “Компьютер центр” барилгын 4 давхрын 22 тоот 13.09 м.кв талбайг 36 000 000 төгрөгийн үнээр авах, төлбөр тооцоог тухайн барилга угсралтад хэрэглэх “брусс” модыг бараа солилцооны журмаар графикийн дагуу нийлүүлэх, “С” ХХК-ийн хувьд барилгын талбайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх 3-5/

 

Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан “Арилжааны гэрээ” гэж дүгнэсэн нь эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК гэрээнд зааснаар хариуцагч “С” ХХК-д барилга угсралтын ажилд хэрэглэгдэх “брусс” модыг тохирсон үнэлгээгээр 2015 оны 4-5 дугаар сард нийлүүлсэн нь 36 300 000 төгрөг болсныг талууд баталгаажуулж, акт үйлдсэн нь хэрэгт баримтаар авагджээ. /хх 6/

 

Харин хариуцагч “Старком” ХХК нь нэхэмжлэгч талд захиалсан талбайг гэрээнд заасан хэмжээ болон тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг дутуу үнэлснээс хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, талууд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Худалдааны талбай хүлээлцэх акт” үйлдэж талбайн хэмжээг 10.56 м.кв болохыг харилцан зөвшөөрч  гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 11/

 

Дээрх баримтаар хариуцагч тал гэрээгээр тохирсон талбайг 2.53 м.кв хэмжээгээр дутуу шилжүүлсэн, ашиглалтад өгөх хугацааг 438 хоногоор хожимдуулсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэйг нотлох бөгөөд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үүнийг няцаах баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад “алдангийн тооцоо 7 200 000 болж буурах, талбайн хэмжээг гүйцээж өөр өрөө өгөх боломжтой” гэх тайлбар хийсэн байх тул гэрээний зөрчлөө үгүйсгээгүй гэж үзнэ. /хх 116 арын хэсэг/

 

Хариуцагч “Стартком” ХХК худалдагчийн хувьд доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон тул худалдан авагч “Б” ХХК тухайн доголдлыг арилгуулах буюу талбайн зөрүү үнэ 6 957 980 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 254 дүгээр 254.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Мөн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн нь алданги тооцох үндэслэл болох боловч талбай захиалгын гэрээний 3.2-т “барилга хугацаандаа ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал худалдан авагч талд хугацаа хожимдуулсан хоног тутамд урьдчилгаанд төлсөн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно, алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 20 хувиас ихгүй байхаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй” байх зохицуулалттай талуудын тохиролцоог нийцүүлэн дүгнэвэл, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг дутуу өгсөн талбайн хэмжээгээр тооцон тодорхойлох агуулгатай байна. Тодруулбал 2.53 м.кв талбайн үнэ 6 957 980 төгрөгөөс 20 хувиар алдангийг тооцвол 1 391 596 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 8 349 576 төгрөгийг хангаж, 14 376 404 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. “Б” ХХК нь уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ иргэд хоорондын дансаар шилжсэн, хуулийн этгээдэд хамааралгүй тул хариуцагч компани уг зээлийн талаар шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарласан. Гэтэл “С” ХХК-ийн тухайн үеийн захирлаар ажиллаж байсан гэх итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэрэн тухайн зээлийг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Г.Баттогтохын нэрийн дансаар, түүний хүсэлтээр талбай захиалах гэрээний дагуу нийлүүлэх модыг бэлтгэх ажилд зарцуулах зорилгоор амаар хэлцэл хийж зээлүүлсэн гэснийг эсэргүүцэж үгүйсгээгүй бөгөөд үнийн дүнд маргаагүй болно.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д олгож, хүүгийн талаар тохиролцсон хэлцэл бичгээр хийх шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 8 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзэв.

 

Дээрх үндэслэл тус бүрийг дүгнэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02394 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас нийт 8 349 576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 376 404 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “үлдээж” гэсний дараа “хариуцагч “С” ХХК-иас 148 543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА