Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/004

 

Э.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Э.Б, О.Б

Өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлоор Э.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 1714003390039 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Хөвхийнхөн овогт Э.Б, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2016 оны 4 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар , 2017 оны 1 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах, мөн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан,

2. Монгол улсын иргэн, Боржигон овогт О.Б, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 6 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Э.Б, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын Луугар 1 дүгээр багийн нутаг “Холбоожийн нуур” гэх газраас Ч.Пын эзэмшлийн 3 тооны адуу, Ж.Ргийн эзэмшлийн 7 тооны адуу, нийт 10 тооны адуу хулгайлж, бусдад 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Б, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хөвхийнхөн овогт Э.Б, шүүгдэгч Боржигон овогт О.Б нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Быг хоёр /2/ жил хоёр /2/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Быг хоёр /2/ жил, хоёр /2/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан хоёр /2/ жил, хоёр /2/ сарын хугацаагаар, шүүгдэгч О.Бд оногдуулсан хоёр /2/ жил, хоёр /2/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн мотоциклийн буюу үнийн 150000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1,7-д зааснаар шүүгдэгч Э.Б, О.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагданн хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4. мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.Бын эзэмшлийн “... нокиа маркийн гар утас нэг ширхэг, таван ханатай монгол гэр нэг ширхэг...”, шүүгдэгч О.Бын эзэмшлийн “...80-83 БНА улсын дугаартай Бонго жи-2 маркийн авто машин...”-ыг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.Б, О.Б нарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Э.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Боржигон овогт О.Б миний бие 2018 оны 11 сарын 15 ны өдөр 2018/ШЦТ/282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Би ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4-р багт мал маллаж амьдардаг. Хүүхдүүд минь 2010, 2013, 2014, 2017 онд төрсөн, одоо том нь 8 нас, удаах нь 5 нас, 4 нас бага нь 1 настай, бага насны 4 хүүхэдтэй билээ. Өөрийн буруутай үйлдлийн улмаас Э.Бтой хамт бусдын 10 тооны адууг хулгай хийсэн хэрэгт холбогдон одоо ял шийтгэлээ эдэлж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 10 адуу буюу түүний үнэ 3100000 төгрөгийг хохирогч нарт нөхөн төлж, хохирлоо барагдуулсан. Миний хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Бага насны 4 хүүхэдтэй эхнэрээ өвлийн эд цагаар мал дээр ганцааранг нь үлдээж, энд хэвтэж байгаадаа өөрийгөө буруутгаад баршгүй байна. Эхнэр, 4 хүүхдээ эд хүйтнээр хөдөө ганц гэр яаж байгаа бол гэхээс гол минь харлаж сэтгэл минь догтон ядаж байгааг минь эрхэм шүүх бүрэлдэхүүн ойлгож надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Эрдэнээгийн Бын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхээс Э.Быг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Э.Б болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа ба Э.Бын хувьд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хэргийн гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогч нар хохирол гомдолгүй талаараа мэдүүлсэн байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс Э.Бын гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байгаа ба түүний ар гэр болон үйлдсэн хэрэгтээ тодорхой хэмжээгээр дүгнэлт хийж, гэм буруугаа зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол бүрэн төлж барагдсан байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч О.Б, Э.Б нар давж даалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ар гэр, амьдралын байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа:

Хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялын асуудлаар маргахгүй. Харин хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлсөн,анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээ шүүгдэгч нарт оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Б, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын Луугар 1 дүгээр багийн нутаг “Холбоожийн нуур” гэх газраас Ч.Пын эзэмшлийн 3 тооны адуу, Ж.Ргийн эзэмшлийн 7 тооны адуу, нийт 10 тооны адуу хулгайлж, бусдад 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт болсон болох нь эрүүгийн 1714003390039 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.П, Ж.Р нарын мэдүүлэг, гэрч *******, *******, ******* ******* ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрхи нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Э.Б, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын Луугар 1 дүгээр багийн нутаг “Холбоожийн нуур” гэх газраас Ч.Пын эзэмшлийн 3 тооны адуу, Ж.Ргийн эзэмшлийн 7 тооны адуу, нийт 10 тооны адуу хулгайлж, бусдад 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн тогтоосоны дагуу гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б, О.Б нарт оногдуулсан ял нь тэдний гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч О.Б, шүүгдэгч О.Бын өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/282 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Э.Б нарын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ