Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 0644

 

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр          Дугаар 128/ШШ2020/0644          Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К ББСБ” ХХК /РД:... /.

Хариуцагч: СЗХ.

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1... дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох” тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , О.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л , Д.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б  нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 18-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулсан байна. Энэхүү шалгалт нь 2015 оноос 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааг хамаарсан.

Шалгалтын дагуу 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10/2... дугаартай албан шаардлагаар үүрэг даалгавар өгснийг манай банк бус санхүүгийн байгууллага биелэлтийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 77.8 хувьтай бөгөөд Итгэлцэл, хөрөнгө удирдах үйл ажиллагаа эрхлэх Банк бус санхүүгийн байгууллагад тавигдах нэмэлт нөхцөл шаардлагуудыг ханган ажиллах, мөн 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар ирүүлсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан шаардлага хангаагүй буюу тайлант хугацаанд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаагүй байна гэж дүгнэсэн тухайгаа 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 9/544 дугаартай албан мэдэгдлийг ирүүлсэн байна.

Үүний дараа Хорооноос 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 9/756 дугаартай албан бичгээр Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журмын дагуу хянаж үзээд хөрөнгийн болон өөрийн хөрөнгийн өгөөжгүй болсон гэж хариу ирүүлсэн. Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 дугаар тушаалаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг баталсны дагуу дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг 2019 оны 01 дүгээр улиралд тайлангийн хамт ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дээрх зөрчлийг арилган Хороонд албан бичгээр ирүүлэхийг албан ёсоор мэдэгдэж, цаашид тайлан, мэдээг тогтоосон хугацаанд нь цахим хэлбэрээр болон хэвлэмэл байдлаар үнэн, зөв бүрэн гүйцэт тайлагнаж, хэвших, үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллахыг анхааруулсан байна. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3-р сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол гарч “К ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байгаа нь ойлгомжгүй байна.

2. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолоор “К ББСБ” ХХК-ийн нэр бүхий 13 салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг гарган ирүүлсэн байдаг. Дээрх захиргааны актуудыг гаргасан үйл явцад дүгнэлт хийвэл “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шат дараалсан арга хэмжээг авахаар заасныг зөрчсөн гэж үзэж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д  шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан хоёр шийдвэр буюу Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, мөн газрын даргын тушаал нь хуульд нийцээгүй байна. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22 дугаар тогтоол, 177 дугаар тушаал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасны дагуу захиргааны актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон. 2016 оны 71 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчид хяналт шалгалт хийсний дараа мөн оны тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлийг тавьж шийдвэрийг гаргасан байдаг.

Хариуцагчийн хариу тайлбарын 2 болон 3 дугаар хуудсанд энэ талаар тодорхой дурдсан 4 дүгээр хуудасны 12 дугаар мөр дээр 71 дүгээр тогтоолоор баталсан журмыг үндэслэсэн. Уг баримтын үндэслэх хэсэгт 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 2.12, 2.14, 5.3.13, 5.3.14 гэдэг заалтуудыг үндэслэсэн. Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нь энэ журамд үндэслэсэн. Гуравдугаарт журмыг баримталсан заалт байгаа. Хариуцагчаас өгсөн нотлох баримтад 10 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дууссан, гэхдээ бид 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр алдаа, дутагдлаа засах талаар албан бичиг хүргүүлсэн ба энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны хариу тайлбарт тусгагдсан байгаа. Энэ албан бичгийг ирүүлсний дараа үзэхэд 71 дүгээр тогтоолын нэмэгдэл шалгуурыг хангахгүй байсан гэжээ. Үндсэн шалгуурыг хангасан гэж ойлгож байсан гэтэл 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш дахин шалгаж үзэхэд нэмэгдэл шалгуур болох 2.14, 2.12 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байсан учир цуцалсан гэсэн агуулга бүхий шийдвэрийг гаргасан. Хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зүйл заалтыг ашиглаагүй, албан ёсны бүртгэлд бүртгэгдээгүй эрх зүйн актуудыг удирдлага болгож шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай юм.

Дөрөвдүгээрт, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт хэрэгжүүлэх журмыг баталсан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиар тус хороо нь журам, дүрмүүдийг мөрдөж ажиллах эрх зүйн зохицуулалт бий. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлэх эрх зүйн хуулийн зохицуулалттай байгаа. Гэтэл хуульд баталж хүчин төгөлдөр болсон эрх зүйн акт биш өөрсдийн дураар журам баталж үүний дагуу хүмүүсийн эрх ашгийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 22 дугаар тогтоол, 177 дугаар тушаалын дагуу анх гарсан цагаасаа эхлэн алдаатай байсан. Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, актын бүртгэлд бүртгүүлээгүй. Иймд Санхүүгийн зохицуулах хороо үүнд анхааран зөвтгөөд явах ёстой гэж үзэж байна. Зөрчлийг арилгаад явах үүрэг нь Санхүүгийн зохицуулах хороонд бий.

Хариуцагч хариу тайлбартаа “2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 2.12, 2.14 дэх хэсэгт заасан итгэлцэл, хөрөнгө удирдах үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн байгууллагад тавигдах нэмэлт нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй мөн журмын 2.12 дахь хэсэгт заасан валютын арилжаа эрхлэх нөхцөл журмыг хангаагүй учраас 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэдгээ хариу тайлбарт бичсэн. Үндэслэл болсон эрх зүйн акт нь хууль ёсны биш учир энэ шийдвэр нь хууль бус юм. Үүнийг цуцлах бүрэн үндэслэлтэй байна ...” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс “К ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн шат дараатайгаар үйл ажиллагаанд хяналт тавьж ирсэн бөгөөд “К ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд үүссэн зөрчил дутагдлыг арилгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч ажилласан байдаг.

“К ББСБ” ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 154 дүгээр тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм”-ийн 4.1.2-т “Хамаарах этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, шалгалт хийх, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, таслан зогсоох, холбогдох этгээдэд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах” гэсэн заалтын дагуу зайны хяналтаар илэрсэн зөрчилд хариуцсан хянан шалгагчийн зүгээс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...mn, [email protected] гэсэн цахим хаягаар. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 72 тоот Улсын байцаагчийн албан шаардлагаар, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/2701 тоот албан албан бичгээр тус тус хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн боловч 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлээгүй буюу банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй байсан

“К ББСБ” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай саналыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн. Тус банк бус санхүүгийн байгууллага нь 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд гаргасан зөрчлийг арилгаагүй байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх”, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх” гэсэн заалтуудыг үндэслэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байсан.

Хорооны 2018 оны 01 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “К ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай асуудлыг оруулан баталсан боловч тус банк бус санхүүгийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороонд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/265 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан У.Эрдэнэзултай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж эхэлсэн бөгөөд уг шалгалт үргэлжилж байна.

Иймд хуулийн байгууллагуудаас явуулж байгаа шалгалтын үйл ажиллагаануудын эцсийн дүн гартал тусгай зөвшөөрлийн асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хэлэлцэхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 01 дүгээр хуралдаанд тус банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн дээрх хүсэлтийг хэлэлцэн “К ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх асуудлыг хойшлуулсан. Хойшлуулсан хугацаанд “К ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд Хорооны даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 263 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 18-ны өдрүүдэд 2015 оноос шалгалт эхлэх хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, мэдээ болон холбогдох бусад материалд тулгуурлан газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд шалгалтаар зөрчлүүд илэрсэн.

            Тухайн зөрчлүүд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь “Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна”, 19.2.2-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх” гэсэн заалтын үндэслэл бүрдсэн.

Тус банк бус санхүүгийн байгууллага нь шалгалт хамрах хугацаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тасалбар болгосон санхүүгийн тайлан, мэдээг шалгалтын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй тул Хорооны 2008 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх журам”-ын дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх боломжгүй гэж дүгнэсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг үндэслэн тус банк бус санхүүгийн байгууллагад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Банк бус санхүүгийн байгууллага нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна”, 19.2.1-д “Албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх”, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 154 дүгээр тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм”-ийн 4.1.2-г “Хамаарах этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, шалгалт хийх, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, таслан зогсоох, холбогдох этгээдэд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах”, 7.1.1-д "Санхүүгийн зах зээлийг зохицуулж буй хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан арга хэмжээ, захиргааны шийтгэл ногдуулах, хэрэгжилтийг хянах, үр дүнг хангуулах" гэж заасныг тус тус үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улсын байцаагчийн албан шаардлагаар /40 тоот/ хугацаатай үүрэг даалгаврыг өгч, биелэлтийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор Хороонд албан бичгээр мэдэгдэж, холбогдох баримтын хамт ирүүлэхийг үүрэг болгосон.

“К ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал У.Б, теллер Э.А нар Засгийн газрын 4 дүгээр байр 102 тоотод 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирж шалгалтын тайлантай танилцсан. Гүйцэтгэх захирал У.Б нь “тайланг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй, улсын байцаагчийн шалгалтын тайланг хүлээж авлаа” гэсэн тэмдэглэлийг шалгалтын тайланд бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан.

Тус банк бус санхүүгийн байгууллага нь үүрэг даалгаврын биелэлтийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/271 тоот албан бичгээр 14 хоног хугацаа хоцроож ирүүлсэн. Биелэлтийг тооцож үзэхэд 77.8 хувь байсан бөгөөд гарсан алдаа, дутагдал бүрэн арилаагүй байсан.

Иймд “К ББСБ” ХХК нь өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаагүй байсан тул Хорооны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 9/544 тоот албан бичгээр Хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.14-т заасан итгэлцэл, хөрөнгө удирдах үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагад тавигдах нэмэлт нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалт, түүнчлэн Хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.12-т заасан гадаад валютын арилжаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагад тавигдах нэмэлт нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тул банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн.

            Дээрх мэдэгдлийн дагуу “К ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа, итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх талаар 2019 оны 3 дугаар сарын Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүднээс гүйцэтгэх захирал У.Барсболдтой 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 17 минутад 9111... дугаартай гар утсаар холбогдож “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдсэн. Гүйцэтгэх захирал У.Барсболд хөдөө явж байгаа тул одоо очих боломжгүй 2018 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрийн аль нэгэнд очно гэсэн аман тайлбарыг утсаар өгсөн ч ирээгүй.

Тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал У.Барсболд нь дээрх хэлсэн хугацаандаа ирээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д “цахим хэлбэрээр санал авах” гэсэн заалтын дагуу Хороонд бүртгэлтэй [email protected], [email protected] цахим хаяг руу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 01 минутад сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч цахим шуудан буцаж ирсэн.

Шалгалтаар илэрсэн зөрчил, үүрэг даалгаврын биелэлт, өгсөн мэдэгдэл зэргийг үндэслэн Хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “К ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Хорооны даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тушаалаар нэр бүхий 13 салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Хорооноос гаргасан шийдвэрүүдийн талаар тус банк бус санхүүгийн байгууллагад Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 9/1162 тоот албан бичгээр мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох шийдвэрүүд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална”, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 157 тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.1-т “Дунд ба түүнээс доош нэгдсэн үнэлгээ авсан банк бус санхүүгийн байгууллагад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.2 дахь заалтад заасан шат дараалсан арга хэмжээг авна” гэсэн заалтын дагуу хэрэгжүүлсэн болно.

“К ББСБ” ХХК-д 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 9/756 дугаар албан бичгийн тухайд,

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн зээл, итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “К ББСБ” ХХК-д олгосон байдаг бөгөөд “К ББСБ” ХХК” нь банк бус санхүүгийн байгууллага болохын хувьд улирал бүр Хорооноос тогтоосон журмын дагуу зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг ирүүлэх үүрэгтэй байдаг. “К ББСБ” ХХК нь 2018 оны 4 дүгээр улирлын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлангийн хариуг тус Хорооноос хянан үзээд хариуг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 9/756 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн бөгөөд зөвхөн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг даалгавар өгсөн бөгөөд “К ББСБ” ХХК-ийн гадаад итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолтой хамааралгүй болно. Иймд “К ББСБ” ХХК-ийн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: “К ББСБ” ХХК-ийн итгэлцлийн үйлчилгээ Гадаад валютын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 22 дугаар тогтоол нэр бүхий 13 салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосон 2019 оны 177 дугаар тушаалууд нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зөрчилгүй гарсан захиргааны актууд юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж хэрэгжилтийг хянах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шалгуур үзүүлэлт бусад хэм хэмжээ тогтоох эрх хэмжээтэй. Үүний хүрээнд 2016 оны 3 дугаар сард 71 дүгээр тогтоолоор Банк бус санхүү үйл ажиллагааны зохицуулалтыг баталсан. Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн. Тухайн өдрөөс хойш батлах захиргааны хэм хэмжээний актуудад ямар шаардлага тавигдах гэдгийг тухайн хуульд тодорхой заасан. Хуулийг буцаан хэрэглэдэггүй үүний дагуу хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр юм.

Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг Улсын Их Хурлаас томилж, хяналт тавьдаг. Засгийн газар Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй. Засгийн газрын тогтоолоор Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг өгөх эрх хэмжээ байхгүй. Харин Засгийн газар хууль, хэм хэмжээний актыг бүртгүүлэхтэй холбоотой Засгийн газрын харьяа агентлаг, нэгжүүдэд зориулан гаргасан хэм хэмжээний акттай холбоотой заавар зөвлөмжөө бусад байгууллага үүнийг хэрэглэ гэдэг зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмж нь заавал биелүүлэх шинжийг агуулдаггүй эрх зүйн акт юм. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хэм хэмжээний актууд нь хүчин төгөлдөр байсан. Хяналт шалгалттай холбоотой асуудлаар нэхэмжлэгчээс албан бичиг хүргүүлж байсан гэж байгаа боловч хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой гомдол Санхүүгийн зохицуулах хороонд гараагүй. Хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль бусаар явууллаа гэсэн албан ёсны гомдол гаргаагүй. Хяналт шалгалтын тайланд үйл ажиллагааг түдгэлзүүлэх, салбартаа үйл ажиллагаа явуулахгүй байгаатай холбоотой арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн, үүнийг танилцуулна гэдгээ тайлбарласан. Үүнтэй танилцсан даруйдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногт гомдол гаргах эрхтэй байсан боловч хэрэгжүүлээгүй. Уг эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг нь агуулгаараа хяналт шалгалтын тайланг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл юм. Хэдийгээр хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч хуульд заасны дагуу тайлантай танилцаад хүлээн зөвшөөрсөн гэдэг агуулга бий болж байна. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан. “К ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь түдгэлзүүлээгүй юм.

“К ББСБ” ХХК нь зээл, итгэлцэл, гадаад валютын арилжаа гээд гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн. Зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь байгаа ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба хяналт шалгалт орох үеэр нэр бүхий салбарууд дээр өмнө зөвшөөрөл авч байсан боловч тухайн салбаруудаар үйл ажиллагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулахгүй байна гэдэг нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтын журмын 5 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьсны дагуу тухайн байгууллагын төлбөрийн чадвар эрсдэлтэй нь холбогдуулан салбарын үйл ажиллагаа нь эрсдэл дагуулахгүй бол хүчингүй болгоно гэдэг журмын заалт байгаа. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн байгууллагын нэр бүхий салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Итгэлцэл, гадаад валютын тусгай зөвшөөрлийн түдгэлзүүлсэн үндэслэл нь хэм хэмжээний акт болон хууль тогтоомжийн дагуу байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг зөрчлийн шинжгүй бол санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Иймд эрх зүйн хувьд хууль зүйн дагуу гарсан захиргааны актууд учир нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй юм ...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд “К ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхгүй, дуусгавар болгохгүйгээр хадгалах үүрэгтэй гэдэг талаар бичиг ирсэн. Тухайн бичгийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 9/1238 тоот албан бичгээр Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаанд хүчинтэй хэвээр байгаа гэдэг тайлбарыг хэлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсанчлан нэхэмжлэгч нь 3 тусгай зөвшөөрөлтэй хэдий ч үйл ажиллагаа нь тавигдах шаардлагыг хангадаггүй байсан учир түдгэлзүүлсэн. Салбарын тухайд, орон нутаг, хот нийлээд 13 салбартай ба сүүлийн 2 жил огт үйл ажиллагаа эрхлээгүй байсан учир түдгэлзүүлсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1... дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай”[1] шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 22 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж[2], мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа зохицуулах журам”-ын 5.3.13.б, 5.3.14 дэх заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн “Нэр бүхий 13 салбарын зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 177 дугаар тушаалаар “К ББСБ” ХХК-ийн 13 салбарын зөвшөөрлийг цуцалж[3] шийдвэрлэжээ.

            Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 263 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу[4] 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 18-ны өдрүүдэд 2015 оноос шалгалт эхлэх хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, шалгалтаар нийт 12 төрлийн зөрчил илэрч, шалгалтын тайланг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Б-д танилцуулсан байна[5]. Гүйцэтгэх захирал У.Барсболд нь тайлантай уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй, улсын байцаагчийн шалгалтын тайланг хүлээн авлаа гээд гарын үсгээ зуржээ.

            Шалгалт хийсэн улсын байцаагч, хянан шалгагч нар нь шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан шалгалтын тайландаа нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн 13 салбарын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх саналыг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байгаа талаар дурджээ.

            Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-аас хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч, хянан шалгагч нарын хийсэн шалгалтын тайлантай танилцахдаа тайланг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг гаргасан боловч тайлантай холбоотой санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаа бүхий 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолын тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, бусдад шилжүүлэх, цуцлах эрхийг түдгэлзүүлэхгүй байх талаар албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн байхад дээрх байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

            Мөн төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй гэх зарчмыг зөрчсөн, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан тайлбар, санал гаргах боломжоор хангалгүйгээр гаргасан нь холбогдох хуулиудыг зөрчсөн байх тул тус маргаан бүхий захиргааны акт нь хүчингүй болох үндэслэлтэй.

            2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр бүхий 13 салбарын зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 177 дугаар тушаалын тухайд, тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэм хэмжээний актыг үндэслэж гарсан учраас мөн маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлгүй бөгөөд хүчингүй болох үндэслэлтэй гэжээ.

            I. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл 6 дугаар зүйл. “Хорооны бүрэн эрх”, 6.1.3-д “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх”, 10.1.4-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх”, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйл “Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалт”, 19.1-д “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ”, 19.2-т “Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна:”, 19.2.2-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах эрхтэй байна.

Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь хуулийн дээрх заалтуудаар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн К ББСБ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар 12 төрлийн зөрчил илэрсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй бөгөөд мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан үндэслэл гаргаагүй тул хяналт шалгалт хийгдсэн процесс, шалгалтаар илэрсэн зөрчилд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, бусдад шилжүүлэх, цуцлах эрхийг түдгэлзүүлэхгүй байх талаар албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн байхад дээрх байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.” гэх үндэслэлийн тухайд;

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2/6484 дугаартай албан бичгээр “... Төлбөр төлөгч “К ББСБ” ХХК-ийн “Банк бус санхүүгийн байгууллагын” тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8-д заасны дагуу битүүмжилж байх тул холбогдох бүртгэлийг хийж, хариу ирүүлнэ үү. Төлбөр төлөгч “К ББСБ” ХХК-ийн “Банк бус санхүүгийн байгууллагын” тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзэхээс гадна тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, дуусгавар болгохгүйгээр хадгалах үүрэгтэй болохыг анхаарна уу” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ[6].

Дээрх мэдэгдлээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдэгдээд, тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, дуусгавар болгохгүйгээр хадгалах үүрэгтэй болохыг анхааруулсан байна.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компанийн банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчлийг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг биелүүлээгүй байна гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй гэх зарчмыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд;

Маргаан бүхий захиргааны актууд гарах үндэслэл болсон хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 263 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу хийж, хяналт шалгалтын тайланг бичжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдаж байгаа шинжээчийн дүгнэлтийн тухайд[7], тус шинжээчийн дүгнэлт гарсан ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа байх тул хяналт шалгалтыг давхардуулан явуулсан гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй” гэх үндэслэлийн тухайд;

Маргаан бүхий захиргааны актууд гарах үндэслэл болсон хяналт шалгалтын тайланг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Кредит монгол ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдод танилцуулсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 9/544 дүгээр албан бичгээр[8] нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдод маргаан бүхий захиргааны актуудыг гаргах гэж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлсэн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

II. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл 6 дугаар зүйл. “Хорооны бүрэн эрх”, 6.2. “Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.2.1. “банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан”, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа зохицуулах журам”-ын 5.3.13. “Нэгжийн зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгож зөвшөөрлийн гэрчилгээг хураан авна”, 5.3.13.б. “холбогдох хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, Хорооны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болон нэгжийн үйл ажиллагаа нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадварт хүндрэл учруулахаар байгааг тогтоосны үндсэн дээр гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны даргын шийдвэр”, 5.3.14. “Банк бус санхүүгийн байгууллагын салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгах болон банк бус санхүүгийн эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.” гэж тус тус заажээ.

Хууль, журмын дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа болон холбогдох хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, Хорооны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан банк бус санхүүгийн байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна.

Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос явуулсан хяналт шалгалтаар нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн Кредит монгол банк бус санхүүгийн байгууллага нь 13 салбарт үйл ажиллагаа явуулахаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан боловч шалгах үеийн байдлаар 13 салбарт үйл ажиллагаа эрхлээгүй байсан болох нь тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан салбаруудаараа үйл ажиллагаа явуулаагүй болох үйл баримт нь тогтоогдсон байхад тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэм хэмжээний актыг үндэслэн гарсан учир захиргааны акт нь үндэслэлгүй” гэх үндэслэлийн тухайд;

Талууд хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, заавар батлах тухай” 71 дүгээр тогтоолоор баталсан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд үүнтэй холбоотой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна[9].

Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйл. “Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх” 65.1. “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ. 108 дугаар зүйл. “Хууль хүчин төгөлдөр болох”, 108.1. “Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хуульд заасан шаардлагыг хангасан захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээр байна.

Гэхдээ дээрх хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа зохицуулах тухай журмыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр баталсан байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлэх журмыг хэрэглэхээргүй байна үзэв.

Учир нь дээрх журам нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө батлагдсан байна.

Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталжээ.

Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна.

Уг тогтоолын 5-д “Энэхүү тогтоолоор баталсан журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа дагаж мөрдөж ажиллахыг Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөсүгэй” гэжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл “Санхүүгийн зохицуулах хороо”, 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” 4.2-т “Хорооны дүрмийг Улсын Их Хурал батална”, Улсын Их Хурлын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 45 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг баталж, хороог байгуулжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөгдөж эхлэхээс өмнө захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу гаргаж, бүртгүүлэхээр зохицуулсан байх боловч хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь Улсын Их Хурлаас байгуулагдсан төрийн байгууллага байх тул тус журмыг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч нарыг тус журмын дагуу захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлийн санд бүртгүүлээгүй байна гэсэн үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд мөн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хороон даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1... дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-3 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 9 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 10 дугаар хуудас

[4] Хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлсэн шалгалтын материалын 1 дүгээр хавтас, 29-34 дүгээр хуудас

[5] Хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлсэн шалгалтын материалын 1 дүгээр хавтас, 01-25  дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 106 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 192-206 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 5-7 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 12 дугаар хавтас, 62 дугаар хуудас.