Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/1585

 

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/1585

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо,

Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо,

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ж.Батзориг, Б.Мягмар, С.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Үйлдвэрчний эвлэлээс үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогор хангах асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.10-т заасны дагуу байгууллагын хамтын гэрээндээ тусган баталгаажуулдаг. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн татвараа өөрийн цалин хөлснөөс хэрхэн хураалгах асуудал нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээнд тусган зохицуулдаг асуудал юм. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн 8.2-д "Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 1 хувиас доошгүй байна", 8.5-д "Татварыг бэлэн бусаар /дансаар/ хураана" гэж заасны дагуу бүх анхан шатны хороод байгууллага дээрээ байгуулж байгаа хамтын гэрээнүүдэд "Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг сар бүр цалин хөлснөөс бэлэн бусаар хурааж үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлж байна" гэж тус тус зааж, хамтын гэрээг тухайн шатны Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байна. Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаагаа явуулахад төрийн байгууллагын зүгээс хөндлөнгөөс оролцож үндэсний хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын конвенцийг зөрчсөний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тухайн байгууллага дээр байгуулсан хамтын гэрээг ажил олгогч зөрчижхамтын маргаан үүсгэхэд хүргэж болзошгүй байна Иймд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичгээр Нийслэлийн Боловсролын газарт үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтнуудын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоохоор өгсөн чиглэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Үйлдвэрчний эвлэлийн гишүүн татварааүйлдвэрчний эвлэлийн байгууллагадаа өөрийн цалин хөлснөөс хэрхэн хураалгах асуудал нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээнд тусган зохицуулдаг асуудал юм. "Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай" ОУХБ-ын 87 дугаар конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д "Ажилчид, ажил олгогчдын байгууллага дүрэм, захиргааны дотоод журмаа боловсруулах, төлөөлөгчдөө чөлөөтэй сонгох, дотоод захиргаа байгуулах, үйл ажиллагаагаа зохион байгуулах, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй байх эрхтэй", мөн 2-т "Төрийн байгууллага энэхүү эрхийг хязгаарлах буюу түүнийг хууль ёсоор хэрэгжүүлэхэд саад тавихаас түдгэлзэнэ" гэж заасан байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/1591 тоот албан бичгээр Улаанбаатар нэгтгэл" "Ус сувгийн удирдах газар"-т Үйлдвэрчний эвлэлийн гишүүнийтатварыг ажилтнуудын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоохоор өгсөн чиглэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нь Нийслэлийн Боловсрол, эрүүл мэндийн газарт ирүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Татварын суутгалыг зогсоох тухай 2/337 дугаар албан бичигтээ үйлдвэрчний эвлэлийнбайгууллагууд нь гишүүний татвараа ажилчдын цалин дээрээс бэлэн бусаар суутган авахаар ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж байгаа нь хууль бус гэж үзэн үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварын суутгалыг дансаар хийхийг зогсоох нэртэй шийдвэр өгсний улмаас тус холбооны харъяа хороодуудын татвар хураалт зогсоод байна. Энэ нь хууль тогтоомжоор хамгаалагдсан үйлдвэрчнийэвлэлийн гишүүдийн бүрэн эрхэд халдаж, хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй гэж заасныг ноцтой зөрчиж татвар хураах, үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн үүргийг албан бичгээр өгсөн төдийгүй төрийн байгууллага албан тушаалтны нэрийн өмнөөс үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд саад учруулж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмч, хөрөнгөд халдсан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Татварын суутгалыг зогсоох тухай 2/337 дугаар албан бичгээр ирүүлсэн Шийдвэр-ийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хамтын гэрээгээр ажил олгогч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн татварыг тухайнажилтны цалингийн нэг хувиар тооцон цалингаас шууд, бэлэн бусаар сар бүр суутган төвлөрүүлж байх талаар нягтлан бодогчид үүрэг болгох, 5 хувийг нягтлан бодогчид /ажил олгогчид/ урамшуулал болгон олгоно гэж заасан нь дараах хуулийн заалтыг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хамтын гэрээгээр зохицуулах харилцаанд энэ асуудал тусгагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийхээр хуульчилсан байдаг.

         Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;

         Хууль тогтоомжид заасан бусад тохиолдол

Гэтэл бусад тохиолдолд буюу хууль тогтоомжид бус хамтын гэрээгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтны цалин хөлснөөс бэлэн бусаар, шууд суутгаж, төвлөрүүлэх үүргийг ажил олгогч нарт хүлээлгэж байгаа нь дээрх заалтыг зөрчиж байгаа юм. Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэж, татвар төлөх асуудал нь зөвхөн ажилтны эрхийн асуудал бөгөөд ажил олгогчийг энэ харилцаанд оролцуулж байгаа нь зохисгүй, хууль бус юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас ажилтныг хөдөлмөрлөх эрхээ хамгаалахтай холбоотой сайн дураар эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлийн холбоондгишүүнээр элсэх эрхийг огтхон ч хөндөөгүйгээр барахгүй ажилтны эрхийг хамгаалсан чиглэл өгсөн гэж үзэж байна. Гагцхүү хууль, тогтоомжид заасныг зөрчиж ажилтны цалин хөлснөөс сайн дурын байгууллагын татвар, хураамжийг шууд суутгаж байгааг зогсоох талаар холбогдох газруудад чиглэл өгсөн билээ. Мөналбан бичгээр өгсөн чиглэл нь захиргааны актын захирамжилсан, эрх зүйн үр дагавар шууд бий болгодог шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх боломжгүй юм. Нийслэлийн Засаг даргын орлогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хамтын гэрээг бүртгэх эрхтэй субьект биш тулнэхэмжлэлийг хариуцах этгээд биш юм. Энэ чиглэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлд тодорхой бус байна. Иймд тус холбоонуудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн л, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Нийслэлийн Засаг даргын орлогчийн дээрх чиглэл нь Монгол Улсын нэгдэж орсон Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенц 2, 3, 4, Зохион байгуулах, хамтын хэлэлцээр хийх тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 98 дугаар конвенцийн 4 дүгээр зүйл, мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.1 дэх заалт, 5.3 дахь заалт, мөн хуулийн 8 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж гаргасныг шүүх харгалзаж үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа гэсэн 18 дугаар зүйлийн 18.1.11-т Үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангах асуудалд Үйлдвэрчний эвлэлийн гишүүд татвараа бэлэн бус хэлбэрээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг ажлыг зохион байгуулах асуудал хамаарна. Үүнийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар тушаалаар батлагдсан Хамтын гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, биелэлтийг дүгнэх тухай зөвлөмжийн 4.1.11-т заасан байна. Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг цалингаасаа бэлэн бусаар хураалган Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансандаа шилжүүлж байгаа нь ажил олгогчийн зүгээс цалин хөлснөөс суутгал хийх тохиолдлыг хязгаарласан Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлтэй огт хамааралгүй юм. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь гишүүдээсээ татвараа хураан авах үйл ажиллагааг хамтын гэрээгээр тохиролцсон, холбогдох хуулийн заалтуудад нийцүүлэн хэрэгжүүлж байгаа хууль ёсны үйл ажиллагаа юм. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д Үйлдвэрчний эвлэлүүдийн хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа гишүүд ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрх нь хуулиар олгогдсон гэж үзэж байгаа тул Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга нь төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцийн 2 дугаар зүйлд Ажилчид .... урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах, түүнчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтөй элсэх эрхтэй, 3 дугаар зүйлийн 3.1-д ажилчид ажил олгогчдын байгууллага дүрэм, захиргааны дотоод журмаа боловсруулах, ....үйл ажиллагаа зохион байгуулах .... эрхтэй, 3.2-т төрийн байгууллага энэхүү эрхийг хязгаарлах буюу түүнийг хууль ёсоор хэрэгжүүлэхэд саад тавихаас түдгэлзэнэ, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвараас ...... бүрдэнэ, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1-д Үйлдвэрчний эвлэлийн хороо гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож бэлэн бусаар хураана,12 дугаар зүйлийн 12.2.4-т үйлдвэрчний эвлэлийн гишүүн нь гишүүний татварыг тогтоосон журмаар төлөх гэж заажээ. Шүүх Олон улсын конвенцийн болон үндэсний хууль тогтоомжийн үзэл санааг буруу ойлгож хэрэглэсэн байна. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.1.6-д Гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.5-д Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх зохих шатны байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг шууд болон шууд бусаар төлөөлөн хамгаалж ажиллана гэж тус тус заасан нь шүүхэд итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхтэй этгээд болохыг харуулж байна. Анхан шатны захиргааны хэргийн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хууль ёсны бус үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэрэг маргааны бодит нөхцөл байдал, үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, зөвхөн хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргалаа гэж үзэхээр байна. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг тайлбарлахдаа татвартай холбоотой асуудал хамаарахгүй байна гэж дүгнэсэн атлаа үндэслэлээ огт дурдалгүй орхигдуулсан явдал нь зөвхөн Засаг даргын орлогчид үйлчилсэн явдлын нотолгоо болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн зохицуулалт нь зөвхөн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн суутгалын хэмжээг зохицуулсан байтал түүнд сайн дурын гишүүний татварыг хамаатуулж, тайлбарлаж буй нь аргаа барсан шинжтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн Нийслэлийн боловсролын газарт үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилчдын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоох талаар чиглэл өгсөн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичиг, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтны цалингаас бэлэн бусаар шууд суутган авч байгааг зогсоох арга хэмжээ авах талаар чиглэл өгсөн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/1591 тоот албан бичиг-ийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Үйлдвэрчний эвлэлийн гишүүн татвараа өөрийн цалин хөлснөөс хэрхэн хураалгах асуудал нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд хамтын гэрээгээр тохирсоны дагуу гишүүний татварыг өөрсдийнх нь зөвшөөрснөөр цалингаас суутган авдаг гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хамтын гэрээгээр зохицуулах харилцаанд энэ асуудал тусгагдаагүй, ажилтны цалин хөлснөөс сайн дурын байгууллагын татвар, хураамжийг шууд суутгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгтзаасан ажилтны цалин хөлснөөс суутгал хийхээр хуульчилсанд хамаарахгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтны цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоох талаар арга хэмжээ авах чиглэл өгсөн албан бичгүүдийг захиргааны актын үндсэн шинжийг агуулсан талаар зөв тодорхойлж дүгнэлт өгсөн боловч холбогдох хууль, тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог, 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараах харилцааг зохицуулна, 18.1.11-д үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах гэж заасан байх ба хамтын гэрээгээр ажилтны цалингаас үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг суутган бэлэн бусаар хураах талаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд тохиролцсон тохиролцоо дээр дурдсан хуулийн 18.1.11-д хамаарч байна.

Тодруулбал, Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын /хуучин нэрээр/ 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар тушаалаар баталсан Хамтын гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэх зөвлөмж-ийн 4.1-д Хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй дараах харилцааг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлэхийг зөвлөж байна, 4.1.11-т Үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангах талаар: -үйлдвэрчний эвлэлийн гишүүд татвараа бэлэн бус хэлбэрээр хураалгахаар бичгээр зөвшөөрсөн тохиолдолд уг ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулдаг хамтын гэрээнд гишүүний татварыг цалингаас суутгах хэлбэрээр хураах талаар тохиролцсоныг хууль бус гэж буруутгах боломжгүй.

Дээрхи зөвлөмж одоо хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн яамны 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6/1335 тоот албан бичгээр нотлогдож байх ба Монгол Улсын Засгийн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын чиг үүрэг, эрхлэн хариуцах асуудалд ...хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн улсын хяналт; хөдөлмөрийн харилцаанд эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хоорондын харилцаа, хамтын маргааны зохицуулалтын асуудал гэж заасны дагуу тухайн үеийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хамтын гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэх зөвлөмж батлагдаж, уг зөвлөмжид зааснаар хамтын гэрээгээр тохиролцож, үйлдвэрчний эвлэлийн гишүүд татвараа бэлэн бус хэлбэрээр хураалгахаар бичгээр зөвшөөрсний үндсэн дээр цалингаас суутгал хийж байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан хууль тогтоомжид заасан бусад тохиолдол гэдэгт хамааруулж ойлгохоор байна.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавих эрхтэй ч хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилчдын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоох талаар чиглэл өгсөн маргаан бүхий захиргааны актууд Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн холбоодын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл болно.

Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар Үйлдвэрчний эвлэлүүд нь гишүүдийнхээ нэрийн өмнөөс шүүхэд хандах эрхийг хуулиар олгосон байх тул хуульд заасан итгэмжлэл шаардагдахгүй бөгөөд төлөөлөл хуульд зааснаар болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг талаар анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоодын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилчдын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоох талаар чиглэл өгсөн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/1591 тоот албан бичиг-ийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 210.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус бүр 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 210.600 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт тус бүр 70.200 төгрөг олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН