Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00691

 

М.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00297 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1059 дугаар магадлалтай,

М.О-ийн нэхэмжлэлтэй,

Д.Т- ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47.605.410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Т- ХХК нь Говь ойл газ ХХК-тай 2017 оны 3 сарын 23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Цагаан хаданд байрлах 1 га газарт шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Уг төлбөрөөс 10.000.000 төгрөгийг дизель мотор, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд суутган, 58.563.060 төгрөгийг 2017 оны 5 сарын 25-ны өдрийн байдлаар түлшээр бартер хийж, үлдэгдэл 31.436.940 төгрөгийг 2017 оны 7 сарын 25-ны өдрийн дотор төлөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Мөн О.Жаранбаяртай 2017 оны 8, 10 дугаар сард тус тус уулзаж төлбөрийн талаар ярилцахад мөн оны 10 дугаар сард багтаан үлдэгдэл төлбөрөөс 20.000.000 төгрөгийг бэлнээр эсвэл түлшээр өгч барагдуулна гэж тохиролцсон боловч төлөөгүй. Хариуцагч бид үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлж барагдуулна, Говь ойл газ ХХК-тай холбоотой материалууд, зөвшөөрлүүдийг авах шаардлагатай байна, компанийн эрхийг шилжүүлээд өгөөч гэх хүсэлтийн дагуу 2017 оны 5 сарын 18-ны өдөр Говь ойл газ ХХК-ийн компанийг 100 хувь О.Жаранбаярын нэр дээр шилжүүлсэн болно. Гэрээний 5.1-д зааснаар алданги тооцоход нийт үүргийн 50 хувьд хүрсэн тул багасгаж 15.718.470 төгрөг, шатахуун түгээх станцыг битүүмжлэх зардалд 450.000 төгрөг, нийт 47.605.410 төгрөгийг Д.Т- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00297 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Т- ХХК-аас 46 605 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.О-эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407 877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т- ХХК-аас 390 977 төгрөг, улсын орлогоос 16 900 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.О-эд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1059 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00297 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Т- ХХК-аас 31 886 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 718 470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтаас 58 дугаар зүйлийн 58.1, улсын орлогоос 16 900 төгрөг тус тус гэснийг хасч, 390 977 гэснийг 317 384 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 545 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадлалд “...анхан шатны шүүх энэ маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн” гэжээ. М.О-э өөрийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан Говь ойл газ ХХК нь хариуцагч Д.Т- ХХК-тай 2017 оны 03 сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад хэмээх газарт байрлалтай 1 га газрыг шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийн хамт 100.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрээнд эд хөрөнгийн үнийн 50%-ийг бэлэн мөнгөөр, 50%-ийг бартераар буюу шатахуунаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Ингээд 2017 оны 5 сарын 25-ны байдлаар 58.563.060 төгрөгийг түлшээр бартер хийж төлсөн. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 31.436.940 төгрөгийг 2017 оны 7 сарын 25-ны дотор төлөх үүргийг хариуцагч тал гэрээгээр хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй юм. Харицагч тал үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлж барагдуулна, мөн Говь ойл газ ХХК-ийн материал, зөвшөөрлүүд авах шаардлагатай байна, компанийн эрхийг шилжүүлээд өгөөч гэж хүсэхэд нь нэхэмжлэгч М.О-э нь хариуцагчийн гүйцэтгэх захирал О.Жаранбаярт итгэж 2017 оны 05 сарын 18-ны өдөр мөн Говь ойл газ ХХК-ийн эрхийг 100 хувь нэр дээр нь шилжүүлэн өгсөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, хүссэнээр нь бүх зүйлийг тохиролцсон ёсоор гэрээний үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл хариуцагч эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 31.436.940 төгрөгийг төлөх гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлсэн акт үйлдэж, компанийн 100 хувийн эрхээ шилжүүлсэн тул иргэнээрээ нэмэлт хугацаа тогтоож, 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохиролцон худалдах, худалдан авах гэрээгээ үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулж хэлцэл байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон бөгөөд нэмэлт хэлцлээр мөн 31.436.840 төгрөгийг түлшээр төлөхөөр тохиролцсон. Анхан шатны шүүх 2017 оны худалдах, худалдан авах гэрээ, талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан юм. Давж заалдах шатны шүүхийн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан агуулгаар тайлбарлаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах тухай нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байхад хууль болон гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. Давж заалдах шатны шүүх 2017 оны 03 сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 5.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,3%-ийн алданги төлөх заалт талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт болон худалдан авах гэрээг үндэслэн хийсэн нэмэлт хэлцлийн хоорондын энэ байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

М.О-ийн Д.Т- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үнийн үлдэгдэл 31.436.840 төгрөг, алданги 15.718.470 төгрөг, хохирол 450.000 төгрөг, нийт 47.605.410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж, нэхэмжлэлээс алдангид 15.718.470 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлтэй  гэж үзлээ.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох, нэхэмжлэгч М.О-э гэрээний үүргийг шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд ...шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэргийн баримтаас үзвэл, Говь ойл газ ХХК болон Д.Т- ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 17-01 тоот гэрээгээр Говь ойл газ ХХК нь өөрийн компанийн эзэмшилд байсан Өмнөговь аймаг дахь Цагаан хад хэмээх газарт байрлах 1 га газрыг шатахуун түгээх станцийн тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийн хамт худалдах, Д.Т- ХХК нь уг эд хөрөнгийн үнэд 100.000.000 төгрөг төлж, эд хөрөнгийг хүлээн авахаар харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

Худалдагч Говь ойл газ ХХК нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч Д.Т- ХХК нь гэрээний үнээс 31.436.940 төгрөг төлөөгүй, түүнчлэн М.О-э нь өөрийн эзэмшлийн Говь ойл газ ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариуцагч Д.Т- ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Жаранбаярт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу тогтоосон байна. Иймд хариуцагчаас 31.436.940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

17-01 тоот гэрээний 5.1-д “талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө” гэж заасныг үндэслэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тус шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх ...үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

17-01 тоот гэрээний 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг хэсэгчлэн төлсөөр 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон, зохигч хожим нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж хэлцэл байгуулахдаа уг хэлцэл нь 17-01 тоот гэрээний үндсэн дээр нэмэлтээр хийгдэж буйг дурдаж, үлдэгдэл 31.436.940 төгрөгийг хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр хугацааг хойшлуулсан тогтоогджээ. Мөн “алдангийг тухайн үедээ харилцан ярилцаж шийднэ” гэж хэлцлийн 4-т заасан байна.

Давж заалдах шатны шүүх хэлцлийн 4 дэх заалтын агуулгыг “хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд алданги төлөх талаар тодорхой тохиролцсон гэж үзэх боломжгүй, ...алдангийн хэмжээ ямар байх талаар гэрээ байгуулаагүй” гэж тайлбарласан  нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Зохигч 17-01 тоот гэрээнд алдангийг ...хоног тутамд 0.3 хувь гэж тохиролцсон бөгөөд хожим нь нэмэлт хэлцэл хийхдээ “тухайн үедээ харилцан ярилцаж шийдвэрлэнэ” гэсэн, нэхэмжлэгч алданги шаардсан үндэслэлээ, “...хариуцагчтай 2017 оны 8, 10 сард уулзалт хийж, төлбөрийг хэзээ төлөх талаар ярилцсан боловч төлбөр төлөөгүйгээс алдангийг гэрээнд заасан хэмжээгээр, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцоолсон” гэж тайлбарласнаас үзвэл, хэлцлийн 4 дэх заалт нь алдангийг тооцохгүй байх агуулгагүй, багасгах утгатай байна. Харин хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож энэ талаар мэтгэлцээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд алданги гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Нөгөө талаар, хариуцагч гэрээнээс татгалзах агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгч хүлээн авахаас татгалзаж захирамж гаргасан учир уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзэхгүй.

Иймд алдангийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт    үндэслэлгүй гэж үзэж магадлалыг хүчингүй болгов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж, гэрээний зүйлийг битүүмжлэхээр шүүгчийн захирамж гарсны дагуу ажиллагааг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс биелүүлсэн, уг ажиллагааны зардал 450.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байх тул уг мөнгийг хохиролд тооцон нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай нийцсэн байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1059 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ын гаргасан гомдлыг хангасугай.

2. Нэхэмжлэгч М.О-э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 236.545 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ