Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/139

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Д.Цогжавхлан, Шүүгдэгч Ж.Батзориг нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батзоригт холбогдох эрүүгийн 1714000280017 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1987 оны 04 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан сийлбэрч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-1-25 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Гарьд овогт Жаргалын Батзориг, /регистрийн дугаар ВЮ87041471/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Батзориг нь 2017 оны 06 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р багийн нутаг дэвсгэр Түйн голын эрэгт С.Энхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.Энхбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ..манай хүү тэр айлын хотонд ишигээ барьж авах гэж хөөцөлдөөд цөөхөн ямаан дотор байгаа ишиг баригдахгүй байсан. Цаад талын гэрээс нэг бүдүүн залуу гарч ирээд манай хүүг морьтой нь хөөгөөд, унаж явсан морийг нь өшигчөөд хөөгөөд байхаар нь би наанаас нь очоод яагаад байгаа юм бэ? Наад хүүхэд чинь 2 ишигээ барьж аваад явах л гэж байна ш дээ. Чи бариулчихаач гэхэд учиргүй ууртай чи юу гээд байгаа юм гээд миний 2 мөр рүү түлхээд авахаар нь зодох юм байна гэж бодоод ухраад чи чинь ямар сүртэй юм бэ монгол улс байж, малаа ялгаад авна шүү дээ гэхэд дахин миний мөр рүү түлхээд зодох гээд байхаар нь ухраад хүүхдээсээ уургаа аваад малнаас нь 2 ишигээ барих гэхэд манай хүү Мөнх-Эрдэнийг морьтой нь хөөгөөд явж байхаар нь зодуулчих юм болов уу гэж бодоод араас нь явахад манай хүүхэд цаашаа зугтаагаад энэ залуу араас нь хөөгөөд би араас нь хөөж гүйгээд барьж явсан уургаараа хатгаж аваад чи наад хүүхэд болиоч гэхэд уурга хугалчих гээд байхаар нь газарт хаяад зогссон чинь хүрж ирээд миний заамнаас боож бариад нүүр рүү цохиод авсан чинь би манараад юу болж байгааг мэдэхгүй зогсож байхад дахиад нэг удаа цохиод авсан. Миний нүүрнээс цус гараад би хөдлөж чадаагүй. Манай хүү цаанаас нь намайг зодуулж байгааг хараад ирж байсан чинь малчин гэх залуу нь барьж аваад хэд цохиод авсан гэх мэдүүлэг /хх-н 17-19/ Гэрч А.Баярмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Манай нөхөр хүүхдийнхээ хамт айлын малнаас 3 ишигээ авах гээд явсан чинь тэнд зодуулчихсан байна гэж сонсоод очсон чинь нүүр амнаас нь цус гоожчихсон сууж байхаар нь юу болсон талаар асуусан чинь энэ Батзориг гэх залууг зодсон талаар хэлж байсан. Тэр залуу нь танай нөхөрийг 1 2 цохиход ингэж байгаа юм чинь ахиад цохивол үхэх юм байна гээд онгироод доромжлоод зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 305 дугаартай: С.Энхбатын биед тархи доргилт, хамар ясны хугарал, чихний дүлийрэл, баруун хөмсөг зовхинд шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн тархи доргилт, баруун хөмсөг, зовхины шарх, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Харин хамар ясны хугарал болон чихний дүлийрэл гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 40-41/ -С.Энхбатын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/ -Ж.Батзоригийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7-8/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-13/ -Баянхонгор Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт, Амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 42-43/ -Баянхонгор сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-60/ -Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Батзоригийн хүсэлт, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 71-76/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Ж.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ж.Батзоригийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Ж.Батзориг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гарьд овогт Жаргалын Батзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батзоригт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Батзориг нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батзоригийн эзэмшлийн Элко маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Батзоригт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батзоригт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ