| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0377/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/391 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0377/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Гын От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000760416 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Гын О /регистрийн дугаар: ........ /, ...... оны .. дугаар сарын ..... -ны өдөр ........ аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, .... настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл . , .......-ийн хамт ........ аймгийн ..... сумын ..... дугаар баг ....... дүгээр гудамжны . тоотод оршин суух хаягтай /.... аймгийн ... сумын ... дугаар баг, ........ дүгээр гудамж .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ....... аймгийн .... сумын .... дүгээр багт байрлах “....... ” эмнэлгийн барилга дээр ажиллаж байхдаа 107 дугаарын өрөөнөөс иргэн Ц.У-ийн цэнэглэж байсан Самсунг А10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “...Би ..... эмнэлгийн зоорийн давхарт пилта наах ажил хийж байсан. Тухайн жижүүр болон мужаан хийж байсан хүмүүстэй архи уугаад орой нь 10 цаг өнгөрч байхад би нэг 0,5 литрийн архи, 1 лааз пиво ганцаараа уусан. Тэгээд согтуудаа дээш гараад хүний утсыг авсан байсан. Би урьд нь У-ийн гар утсыг гуйж ярьдаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.” гэв.
Эрүүгийн 2018000760416 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан Самсунг А10S гар утсыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 21 цаг 55 минутад Ц.У-т бүрэн бүтэн хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],
Хохирогч Ц.У-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би “... ” эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сараас хойш барилгын нярваар ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ дотоод заслын ажил хийж байсан хүмүүстэй 13 цагаас эхлээд ганц нэг шил архи хувааж ууж байгаад орой 18 цагийн үед ажил дуусаад баригдаж байсан барилгын өрөөнд Х , О, Д, Д, Ж нарын хамтаар 3 шил 0,75 литрийн Ерөө архи хувааж уугаад би нэлээн согтсон ба хэсэг хугацаанд тасарсан бөгөөд 02 цагийн үед ухаан ороод гар утсаа хайгаад олоогүй. Би Samsung A10S маркийн хөх өнгийн гар утастай. Би гар утсаа 2019 оны 12 дугаар сард 409,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би алдсан гар утсаа хүлээн авсан надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Х.С-ны мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарны 17-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед У эгч гар утсаа алдсан талаар ярьж байсан. Манай хамтран амьдрагч О 2020 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед дэлгүүр явж бууз, ундаа авчрахдаа 0,5 литрийн пиво 1 ширхэг, 0,5 литрийн Хараа архи 1 шилийг авч ирсэн байхаар нь “Чи наадахаа уугаад унтаарай” гэж хэлээд заслын ажлаа хийж байтал манай бэр дүү О надад “Эгчээ О ах дээшээ гараад явчихлаа” гэхээр нь би араас нь шат өөд өгсөөд 1 давхарт гартал О 1 давхрын коридороос ирж байхаар нь үүдэнд байсан хяналтын камерыг харуулаад “За чи хулгай хийгээгүй биз. Хэрэв хулгай хийсэн бол камерт бичигдэнэ шүү” гэж хэлэхэд юм аваагүй гэж хэлсэн. Тэгээд ажил тарах гэж байхад миний халаас руу утас хийхээр нь хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн. О нь байгаа газраасаа жижиг сажиг юм хулгайлах гээд байдаг юм.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Л.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Мобикомын салбараас 409,000 төгрөгөөр лизингээр У эгчид гар утас худалдаж авч өгсөн. Учир нь У эгчийн гар утас эвдэрчихсэн, лизингийн нөхцөл хангахгүй байсан болохоор би өөрийнхөө нэр дээр Samsung A10S маркийн гар утас авч өгсөн. Гар утасны төлбөрийг У эгч сар бүр төлдөг.” гэх мэдүүлэг[5],
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[6],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “...Ц.У-ийн эзэмшлийн 2019 онд үйлдвэрлэгдсэн 32GB багтаамжтай, Samsung A10S маркийн хөх өнгийн гар утас /шинэвтэр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 409,000 /Дөрвөн зуун есөн мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],
Г.О-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, яллагдагчаар 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 01 үгээр сарын 15-ны өдөр .... эмнэлэгт засварын ажил хийж байгаад архи уусан. Би тухайн үед доор зоорийн давхарт ажлаа хийж байсан. Тэгээд шөнө 23 цагийн үед манай эхнэр С намайг дэлгүүр гараад идэж уух зүйл аваад өөртөө нэг шил 0,33 литрийн архи аваад ир гээд явуулсан. Тэгэхээр нь дэлгүүр яваад эхнэрийн захисан зүйлийг аваад 0,5 литрийн нэг шил архи авсан. Авсан зүйлсээ эхнэртээ өгчхөөд нэг шил архиа зоорийн давхар луу орж ажлаа хийнгээ бага багаар уусан. Тэр зоорийн давхарт нэг лаазтай пиво байхаар нь тэрийг уугаад нэлээн согтсон. Тэгж байгаад дээшээ нэг давхар луу гараад өрөөнүүдээр шагайж үзэж байгаад нэг гар утас байхаар нь авсан. Авсан гар утсаа гутал дотроо хийчихсэн байсан. Согтуу байсан болохоор санахгүй байна. Гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.“ гэх мэдүүлэг[8],
Шүүгдэгч Г.О-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], болон хувийн байдлын талаарх бусад бичиг баримт[10]-ууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Г.О-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ....... аймгийн ...... сумын ....... дүгээр багт байрлах “...... ” эмнэлгийн барилга дээр ажиллаж байхдаа 107 дугаарын өрөөнөөс иргэн Ц.Уийн цэнэглэж байсан Самсунг А10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ... аймгийн ...... сумын ........ дүгээр багт байрлах “.... ” эмнэлгийн барилга дээр ажиллаж байхдаа иргэн Уийн гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 409,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.От холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, ашиг олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Г.О нь хохирогч Ц.Уийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял ногдуулах, ногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд дүгнэлтдээ: Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг талаар үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээж зөв амьдрах хүсэл эрмэлзэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Г.Оын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Оыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Гын Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.От тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР