| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/03505/И |
| Дугаар | 181/ШШ2018/00177 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2018/00177
| 2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2018/00177 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: П/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Н-д холбогдох
800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 100 гаруй настай өвөөгөө хардаг байсан. Миний бие өөрийн өвөг эцгийн ахмад дайчинд улсаас өгсөн 1 өрөө байрын мөнгөө залилангийнханд алдаад 2014 оны 5 дугаар сарын 05-наас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтад байх хугацаанд 2014 оны 7 дугаар сараас өмгөөлөгч Цэрэндолгортой гэрээ хийж урьдчилгаанд 990.000 төгрөг өгч зөвлөгөө авч байсан.
Прокурор Т.Энхжаргал намайг эхнээсээ сайн өмгөөлөгч ав гэсэн. Хэрэг явц муутай байсан болохоор би хурдавчлах санаатай өөр өмгөөлөгч авахаар найздаа хандахад өмгөөлөгч Н -г санал болгосон. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс өмгөөлөгч Н-тэй гэрээ хийж урьдчилгаанд 990.000 төгрөгийг өгч өмгөөллийн туслалцаа авсан.
2015 оны 9 дүгээр сарын 22-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал болсон. Хурлаас 2 сарын өмнө хавтаст хэрэгтэй танилцана, шүүх хуралд бэлтгэнэ гээд мөнгө авсан. Н надаас хэргийн талаар нэг ч удаа асууж байгаагүй, шүүх хурлын өмнө хам хум хэргийн материалтай танилцсан болсон нь үнэн. Учир нь би мэдүүлэгтээ Оюунцэцэгтэй хамтран залилан хийсэн хүнийг мэдүүлсээр байтал мөрдөн байцаах санал гаргаагүй, асууж тодруулаагүй зүгээр л өмнөх өмгөөлөгчийн хийсэн зүйл дээр урсгалаар шүүх хуралд сууж, хурал дээр нэг ч үг хэлээгүй, шүүгдэгч түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын дайралтад тодорхой хариулж өмгөөлөл үзүүлж чадаагүй гэж үзэж байна. Ер нь Н бол прокурорын л өмгөөлөгч хийсэн, мөнгөний сонирхолтой, ажилаа хийгээгүй байж л надаас сая төгрөг нэхсэн.
Шүүхээс уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн байна гээд хэргийнг мөрдөн байцаалтад буцаасан. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хүндрүүлсэн хуулийн хэллэг хэрэглээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Дээрх дүгнэлтийг хийсний дараа өмгөөлөгч ажлаа төгс хийсэн бол миний мэдүүлэгт хамт залилан хийсэн хүнийг дахин байцаах, шүүгдэгч Оюунцэцэгт хувийн орлого, өөрт ногдох орлогыг тогтоох охиных нь орлого, сургалтын төлбөрийг хэн яаж төлж байгааг тодруулах, бэлэн банкны хуулга байхад түүнийг шүүх хуралд мэдүүлэх, асууж тодруулах, гэх мэт хуулийн мэдлэгтэй өмгөөлөгч хүний үүргийг хагас дутуу биелүүлсэн гэж үзэж байна.
Мөн шүүгдэгч өмнө нь Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 129 дугаартай тогтоол байхад түүнийг давтан эрүүгийн хэрэг үйлдэж бусдыг зовоон залилан хийж байгааг хүндрүүлэн зөв өмгөөлж чадсан бол Эрүүгийн хэрэг Иргэний хэрэг болж ял завших нөхцөл бүрдүүлэхгүй байсан.
Дээрх шийдвэр гарсанаас хойш өмгөөлөгч дүүргийн шүүхэд хандаж болох юм, чи тэмдэгтийн хураамж төлж чадах уу чадахгүй бол мөнгө олж авч чадах болов уу гэх шиг илт дорд үзсэн байдлаар хандаж сүүлд саяхан зөвлөгөө авах гэтэл би чамайг бүх насаар чинь өмгөөлөх үү, мөнгө алдсан нь чиний буруу биз дээ гэж намайг доромжилж байгаад үнэхээр гомдолтой байна.
Нарантуяа намайг өмгөөлж байх хугацаандаа надтай 2-3 удаа л уулзсан, надаас 990.000 төгрөг авсан, өмгөөллийн явцад 2.700.000 төгрөгийг авч тэр мөнгөнөөс нь би 2 өмгөөлөгчид 2 саяыг нь өгчихсөн. Ер нь энэ өмгөөлөгч нар ахиухан урьдчилгаа аваад алга болчихдог юм байна. Өмгөөлөгчөөр үйлчлүүлээд сэтгэл хангалуун хүн байна уу, ядарч байгаа хүмүүсийг шулж байна. Их олон хүний хэрэг авчихсан байдаг бололтой завгүй л гэдэг, залилан хийсэн гэж бодож байна. Би улс төр олон нийтийн байгууллагад ажилладаг, залилангийн хэрэг ихсэж байна.
Миний бие өмгөөлөгч Н-д 990.000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд өгсөнөөс түүний хийсэн ажилд нь 190.000 төгрөгийг өгч үлдсэн 800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Өмгөөллийн хөлс буцаан гаргуулах тухай иргэн П-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр П.тэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх 15 тоот гэрээг байгуулсан.
П нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй П.Оюунцэцэгт холбогдох 59,2 сая төгрөгийн хохиролтой эрүүгийн хэргийн хохирогчоор оролцож миний бие түүний өмгөөлөгчөөр ажиллахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
П нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өмгөөллийн хөлсний урьдчилгаанд нийт 990.000 төгрөгийг төлсөн, нийт өмгөөллийн хөлсийг хэргийн явц байдлаас харгалзан жич тохирохоор болсон.
Хохирогчийн өмгөөлөгчөөр 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэлх 6 сарын хугацаанд миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38, 39, 41, 42 дугаар зүйлд заасан эрх үүргийг хуулийн дагуу гүйцэтгэж ирсэн. Тухайлбал:
2017 оны 7 дугаар сарын 24-нд өөрийн ажлын байранд үйлчлүүлэгч ДП.тэй уулзаж уг хэргийн талаар санал, хүсэлтийг сонсож эхний зөвлөгөө өгсөн.
2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Чинзоригт хохирогчийн мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцсон.
2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагтай үйлчлүүлэгч П-ийнхүсэлтийн дагуу болон уг хэргийн үйл явц, хохирол барагдуулах асуудлаар 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд удаа дараа биечлэн уулзаж санал хүсэлт гаргаж ажилласан.
Мөн П.Оюунцэцэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх тухай хүсэлтийг өгсөн боловч 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5/166 тоот албан бичгээр түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй байна гэсэн хариуг миний нэр дээр өгсөн.
2015 оны 9 дүгээр сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүх дээр үйлчлүүлэгч П-ийн хамт дахин хэргийн материалтай танилцаж зөвлөгөө өгсөн.
2015 оны 9 дүгээр сарын 22-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үйлчлүүлэгч П-ийн хамт шүүх хуралдаанд орж хохирогчийн өмгөөлөгчийн үйл ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн.
2015 оны 10 дугаар сарын 01-нд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор Э.Оюунтунгалагт хүсэлт өргөдөл бичиж өгсөн.
2015 оны 9 дүгээр сарын 20-нд уг хэргийн мөрдөн байцаагч өөрчлөгдөж мөрдөн байцаагч н.Баясгалантай мөн очиж уулзаж хэргийн явц, хохирлын тухай үйлчлүүлэгч П-ийн
хүсэлтийг илэрхийлсэн.
Энэ хугацаанд прокурортой олон удаа уулзаж үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлж хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байсан болно.
Уг хэргийн яллагдагч П.Оюунцэцэг нь хөдөө орон нутгийн харъяат, эрхэлсэн ажилгүй, оршин суудаг хаяг нь тодорхойгүй, өөрт ногдсон өмч хөрөнгө байхгүй учир хохирол барагдуулах асуудал нь хүндрэлтэй, бодит бололцоогүй байсан.
2016 оны 01 дүгээр сард олон удаа санал гаргаж байж П.Оюунцэцэгээс 2.700.000 төгрөгийг гаргуулж П-д олгуулж өгсөн.
Үйлчлүүлэгчээс шаардан байж гаргуулж авсан хохирлын жагсаалтыг прокурорт өгсөн боловч уг жагсаалтанд дурьдсан 2010 оноос 2012 оны хооронд нийт 2 жилийн хугацаанд П.Оюунцэцэгт өгсөн гэх 59,2 сая төгрөгийн асуудал ихэнх нь баримт нотолгоогүй байсан болно.
Үйлчлүүлэгч П нь яллагдагч П.Оюунцэцэгтэй найз нөхдийн харил1ц15+9аатай байсан гэдгээ тайлбарладаг бөгөөд 60 аад сая төгрөг өгсөн гэх боловч нотлох баримт байхгүй, гэрчлэх тодорхой гэрч байхгүй тул хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл муу байсан.
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4-ийн1-д ”Өмгөөлөгчийн үйл ажиллагааны хөлсөнд төлсөн төлбөр эцсийн шийдвэрээс үл хамааран эргэж төлөгдөхгүй...” гэж заасан бөгөөд энэ заалтыг П хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул нэхэмжилж буй 800.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Өмгөөлөгч миний бие энэ хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр зохих журмын дагуу ажиллаж өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан.
П.Оюунцэцэгт холбогдох 2014250002166 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 135 тоот Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мөн дүүргийн прокурорын 99 тоот тогтоолоор Д.Пүрэвжалын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байгаа болно гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч П нь хариуцагч Н-д холбогдуулан 800. 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Н нь нэхэмжлэгч П /үйлчлүүлэгч/-д өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч П /үйлчлүүлэгч/, хариуцагч /өмгөөлөгч/ Н нар нь “ Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулан Н нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял сонссон хэргийн хохирогч П-д эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллах, П нь үйлчилгээний хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-р хуудас/
Дээрх Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний гол нөхцлийг талууд тохирч гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.
Үйлчлүүлэгч П нь 2015 оны 7 дугаар сарын 27-ний өдөр өмгөөллийн хөлсний урьдчилгаанд 990.000 төгрөгийг өмгөөлөгч Н-д өгсөн талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч Н нь нэхэмжлэгч П-тэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу яллагдагч П.Оюунцэцэгт холбогдох 2014250002166 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч П-ийн өмгөөлөгчөөр ажиллаж хохирогчийн санал, хүсэлтийг сонсон зөвлөгөө өгч, хохирогчийн мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцон, хэргийн үйл явц, хохирол барагдуулах асуудлаар мөрдөн байцаагч болон прокурортой удаа дараа биечлэн уулзаж санал хүсэлт гарган, яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх тухай хүсэлт өгч, хариу аван, хохирогч ДП-ийн хамт хэргийн материалтай танилцаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгч П-ийн хамт оролцож хохирогчийн өмгөөлөгчийн үйл ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 671 дугаартай тогтоол, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, П.Оюунцэцэгээс мөнгө хүлээн авсан баримт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 135 дугаартай Прокурорын тогтоол, мөн дүүргийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 99 дугаартай тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/337 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өмгөөлөгч Н-аас гаргасан хүсэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 45-64-р хуудас/
Нэхэмжлэгч /үйлчлүүлэгч/ П нь хариуцагч Н-д өмгөөллийн хөлсөнд 990.000 төгрөгийг төлж Н нь гэрээнд заасан хугацаа /гэрээнд заагдсан нөхцөлүүд биелсэнээр гэрээ дуусгавар болно/-нд П-д эрх зүйн туслалцаа үзүүлснээр Дүүргийн 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Оюунцэцэгт холбогдох 2014250002166 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Мөн талуудын хооронд байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 4.1-т ”Өмгөөлөгчийн үйл ажиллагааны хөлсөнд урьдчилан төлсөн төлбөр эцсийн шийдвэрээс үл хамааран эргэж төлөгдөхгүй” гэжээ.
Иймд Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн хөлсний урьдчилгаанд төлсөн 800.000 төгрөгийг гаргуулах тухай П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хариуцагч Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн болно.
Энэ тохиолдолд шүүх тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Н-аас 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО