Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1914006820398 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тай маргалдаж түүний баруун гарын алгийг хайчаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ... Хохирогч *******гийн ... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 09-10 цагхооронд хажуу айлын ******* хашааны хажууд пизданууд чинь энийг бөглөсөн байна гээд байж байхаар нь би гэрээсээ шагайгаад наадах чинь тэгээд байж байг гээд хэлсэн чинь энэ банзыг заавал нээнэ гээд байхаар нь би яваад очтол хүүхдээрээ хайч авчруулаад би дээрх банзыг барьчихсан байж байхад нөгөө хайчаараа гар луу дүрчихсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч *******ын ... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө босоод байж байхад хажуу айлын хүн хашааг дахиж бөглөөд багласан байна гээд байсан тэгсэн чинь манай эхнэр ******* гараад явсан би мотоцикль янзлаад байж байсан чинь ******* гэх хүн ач охин ******* гэж хүүхдийг хайч аваад ир гээд хүүхэд нь хайч авчираад өгсөн чинь хайч аваад манай эхнэрийн баруун гарын алга хэсэгт хайч зоосон тэгэхээр нь би юм хэлээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч *******ын ... 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна сумын төвд байж байхад гар луу хайчаар дүрчихлээ гээд дуудлага ирэхээр нь дуудлагын дагуу яваад очтол *******, ******* нар нь хоорондоо хэрэлдээд байж байсан. *******гийн гарын алга хэсэг нь зүсэгдсэн байдалтай бага зэргийн цус гарчихсан байхаар нь би эмнэлэгрүү очиж боолт хийлгэ гэж хэлээд явуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

Шүүгдэгч *******гийн ... 2019 оны 09 сарын 28-ны өдөр манай хажуу айлын ******* нь хамар хашааны голын онгорхой бөглөөд байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд орж тоголдог юм битгий бөгөл гэхэд яадаг юм гээд бөглөөд байхаар нь би уясан уяаг нь тасдах гээд ач охиноороо хайч авчируулаад нөгөө уяаг тасдах гэтэл гарыг нь зүссэн байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 586 тоот шинжээчийн ... *******гийн биед баруун гарын алганы шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 24/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-8/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь гомдол санал байхгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хайч 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Заныхан овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хайч 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА