Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2016/0350/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Иргэдийн төлөөлөгч Д.Ц,

Хохирогч Ч.Ч,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа, Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч О.Ч, Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-ийн Ч, Б овгийн Б-ын Ж нарт холбогдох эрүүгийн 201609000350 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ,,,,, өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ,,,,,,,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн О-ийн Ч /РД: ,,,,,,,,,,,,,,/.

Монгол Улсын иргэн, ,,,,,,,,,, өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, ,,,,,,,,,,,, тоотод оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Б-ын Ж /РД:,,,,,,,,,,,,,/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж, О.Ч нар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын ,,,,,,,,,тоот Ч.Ч-ын гэрт архидан согтуурсан үедээ бүлэглэн Ч.Ч-ын хоолны тогоог авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж Ч.Ч-ын биед зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулан довтолж 25000 төгрөгийн үнэ бүхий тогоог нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ж, О.Ч нар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ,,,,,,,,,,,,,,тоот Ч.Ч-ын гэрт архидан согтуурсан үедээ бүлэглэн Ч.Ч-ын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, зүүн гуяны дээд 1/3 гадна хэсэгт хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулан довтолж 25,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан тогоог нь дээрэмдсэн болох нь:

Хохирогч Ч.Ч-ын “... 2016 оны 5 сарын 13-ны өдөр би ганцаараа зах дээр явж байгаад ногоон Ч гэж дууддаг залуутай таарсан. Тэр Ж гэж дууддаг залуутай хамт явж байсан. Тэр өдөр их хүйтэн өдөр байсан бөгөөд тэр хоёр архи уучихсан халамцуу байсан. Ч “ганц юм авчихъя, танайд очоод ууя” гэхээр нь тэгье гээд хамт яваад замаасаа дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн хэмжээтэй Найрсаг гэх архи аваад таксинд суугаад манай гэрт хүргүүлсэн. Тэгээд гурвуулаа ороод авсан архиа уусан. Архиа ууж дуусаад тэр 2 явах болсон. Тэгтэл Ч нь гарахдаа тогоогоо өгчих, чи найзаасаа дахиад авчихгүй юу гээд шууд халуун тогоог минь аваад гарах гэхээр нь би “чамд юу гэж өгөх юм, наадахыг чинь мөнгөөрөө авдаг юм” гээд очоод тогоогоо авах гээд нөгөө талаас нь барьсан. Би тэр үед шагайгаа гэмтээчихээд таягтай муу явж байсан ба Ч арагшаа түлхээд би таяггүй байсан болохоор арагшаа ор луу унасан. Тэгээд дахиад буцаж босож ирээд тогоогоо авах гэтэл хамт явсан Ж гэж дуудаад байсан залуу нь урдуур нь ороод хаанаасаа хутга авчихсаныг мэдэхгүй, шууд зүүн өгзөг орчим хутгалчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр манайд Ч, Ж нар ирж архи уусан. Ч тогоогоо өгчих гэхээр нь би өгөхгүй гэтэл манай тогоог сугавчлаад гарах гэхээр нь би уурлаад бид маргалдаж тогоог булаацалдсан. Тэр зуур Ж миний ташаан дээр нэг удаа хутгалсан. Би тэр үед хөлөө хугалсан таягтай байсан. Тэгээд Ж, Ч хоёр манай гэрээс гараад явсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч О.М-ийн “...2016 оны 5 сарын 13-ны өдөр би Улаанбаатарт ажилтай явж байхад ардаас ах Ч залгаад ах нь хүнд хутгалуулчихлаа, гэрээс тогоо алга болчихлоо гэхээр нь би түүнийг согтуу байсан болохоор нь тоогоогүй утсаа тасалчихсан. Гэтэл удалгүй худгийн хүн над руу өөр дугаараас утасдаад ах чинь хүнд хутгалуулчихсан байна, яръя гээд байна гэхээр нь ахтайгаа ярихад ногоон Ч нь манай гэрт хүнтэй орж ирээд хутгалчихсан, гэртээ түүнтэй хамт архи уусан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

Гэрч Г.Ц-ын “...Тэр хэрэг үйлддэг өдрөө манай хүү Ч гэрээсээ ганцаараа гарч яваад эргээд Ж-тай хамт орж ирсэн, ...14-15 цагийн орчим хоёулаа нилээн согтуу нэг шуудайтай юм барьчихсан орж ирсэн. Орж ирээд шуудайнаас нь гаргахад жижиг халуун тогоо байсан. Хаанаас авсан ямар учиртайг мэдэхгүй, тэгэхэд нь би Ж яв гээд тэр тогоог нь өгөөд гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

Гэрч Х.Ц-ийн “...2016 оны 5 сард өдрийг нь санахгүй байна, үдээс хойш байсан юм. Манай гудамжинд амьдардаг Ч гэх залуу архи үнэртүүлчихсан хүрч ирсэн. Тэр надад хэлэхдээ хөлөндөө хатгуулчихлаа утсаар чинь дүүтэйгээ ярья гээд миний утсыг гуйж аваад нэг хүнтэй утсаар ярьчхаад буцааж өгсөн. Түүний зүүн хөлийн бүдүүн гуяны доод хэсгээр өмд нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80/,

ШШҮХүрээлэнгийн шинжээчийн “... Ч.Ч-ын биед зүүн гуяны дээд 1/3 гадна хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх 2016 оны 6 сарын 14-ны өдрийн,,,,, дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 71/,

Шүүгдэгч О.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ж бид хоёр Дархан зах дээр явж байгаад Ч.Ч-той таарсан, тэгээд Ч.Ч-ын гэрт нь очиж хамт 1 шил архи хувааж уусан. Б.Ж бид хоёр Ч.Ч-той уулзахаас өмнө архи уусан байсан ба бага зэргийн согтолттой байсан. Тэр өдөр өглөө гэрээс гарахад ээж тогоо ажиллахгүй байна гэж ярьж байсныг санаад Ч.Ч-ынд нэг тогоо байхаар өгчих гэж асуутал Ч.Ч өгөхгүй гэхээр нь уурласан. Би халуун тогоог гэртээ аваад очсон. Өглөө Ч надруу утсаар яриад гараад ир гэхээр нь яваад очиход Ч “чиний өчигдөр хамт ирсэн найз чинь намайг хутгалчихсан” гээд оёо тавиулснаа харуулсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Ж тшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ч-той Дархан зах дээр таараад нэг шил архи аваад Ч.Ч-ынд очсон. Ууж байгаад би бие засахаар гараад буцаад орж иртэл тэр хоёр маргалдсан зогсож байсан. Тэгээд Ч газар унасан байсан. Ч надад “Чи наадахаараа хатгачхаач” гэхээр нь ширээн дээр байсан жижиг хутгыг аваад айлгах журмаар үзүүрийг нь дарж байгаад гуя руу нь хутгалсан. Тэр үед О.Ч тогоог нь аваад гарсан байсан. Би гэрээс гарч ирэхэд Ч доошоо уруудаад явж байсан. Би Ч-ийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа Ч.Ч надруу “ийм зүйл боллоо” гээд ярьсан. Тухайн үед би хутгалъя гэж бодоогүй айлгах журмаар л байсан. Надаас 50,000 төгрөг өгчих, тэгвэл би гомдол бичиж өгөхгүй гэсэн, тухайн үед надад мөнгөний боломж байхгүй байсан болохоор би өгөөгүй. Надад хугацаа өгчих, би сарын дараа өгчихье гэсэн. Ч.Ч тийм юм байхгүй гэсэн” гэх мэдүүлэг зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Б.Ж нь хохирогчийг хутгалсан үйлдэл нь О.Ч-ийн тогоо авсан үйлдлээс тусдаа үйлдэгдсэн, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой, О.Ч нь Б.Ж үйлдэлд хамтран оролцоогүй” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн О.Ч нь цахилгаан тогоог авч гарах үед хохирогч өгөхгүй гэж булаацалдахад нь түлхэж унагаан ахин босож ирэх үед нь Б.Ж хутгаар хохирогчийн ташаан тус газар хутгалсан, хэн аль нь тогоогоо өгөхгүй гэх эсэргүүцлийг дарах зорилгоор түлхэж унагах, хутгаар хатгах зэргээр амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ж “тогоог авсан талаар мэдээгүй” гэх байдал тогтоогдохгүй байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хуулиар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Иймд Б.Ж, О.Ч нарыг бусдын эд хөрөнгийг зэвсэг, зэвсэг чанартай зүйл хэрэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

  1. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүл мэндийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ж нь “ходоодны хорт хавдар” өвчтэй, О.Ч анх удаа хорих ял шийтгүүлсэн зэргийг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2015 оны Эрүүгийн хуулиар “эд хөрөнгө хураах ял”-ыг хассан тул 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэхдээ уг ялыг оногдуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт 57 хоног, шүүгдэгч Б.Ж нь 56 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан  Б овгийн О-ийн Ч, Б овгийн Б-ын Ж нарыг бусдын эд хөрөнгийг зэвсэг, зэвсэг чанартай зүйл хэрэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.Ж, О.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б овгийн О-ийн Ч, Б овгийн Б-ын Ж нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн О-ийн Ч, Б овгийн Б-ын Ж нарт оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон Б.Ж 56, О.Ч-ийн 57 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тус тус эдлэх ялаас нь хасч тооцсугай.
  6. Энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, О.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Я.ТУУЛ

 

                       ШҮҮГЧ                                                              Т.БАТЖАРГАЛ