Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/158

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0131/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч С.С-, М.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С, М.Н нарт холбогдох эрүүгийн 2018000890104 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, С.С ...........суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол Улсын иргэн, М.Н ........ суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.С-, М.Н- нар нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 06 тоотод хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож С.С- нь М.Н-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн далны дээд хэсэгт шарх, баруун далны шугамаар 3-4 дүгээр хавирганы түвшин ууцанд зулгаралт, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт бүхий”  хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.Н- нь С.С-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч С.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхлээд би маргалдаагүй, би хоол хийж байхад М.Н- нөхөртэйгөө согтуу орж ирээд аав руу орилж хашхираад, *****ыг ална гээд байхаар нь би *****ыг өмөөрөөд М.Н-ийг гэмтээсэн.

...би эхэлж М.Н-ийн үснээс зулгаагаад, аавыг орилонгуут би ааваас айгаад М.Н-ийг тавихад, М.Н- миний үснээс зулгаагаад тавихгүй байсан.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч М.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөр бид хоёр хүүхдээ эмнэлэгт үзүүлчхээд аав дээрээ иртэл ***** гэж манай аавын эхнэр СУ, С.Э нарт намайг гэр орон цэвэрлэдэггүй, гэр байнга нохойн хороо шиг байдаг гэж хэлсэн байсан. СУ “гэр орныг нь цэвэрлэхэд яадаг юм бэ?” гэж хэлэхэд нь би *****ыг “яагаад худал хэлээд, хүн гүтгээд байгаа юм бэ?” гэхэд СУ намайг гэрээс гарга гэж С.С-д хэлсэн. С.С- намайг гаргах гээд үстэхэд нь миний баруун гар хагархай байсан учир зүүн гараараа С.С-ийг үстсэн, харин цохиогүй шүү дээ.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч С.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *****ыг өмөөрч эхлээд хохирогч М.Н-ийн үснээс зулгаасан. Гэтэл аав өрөөнөөс орилоод гараад ирэхээр нь би ааваас айгаад тавьсан. Харин М.Н- намайг цагдаад өгнө гээд миний үснээс зулгаагаад тавиагүй. Ээж ирж арай гэж надаас М.Н-ийг салгаж авсан. М.Н- өвчтэй гараараа зулгаагаагүй гээд байгаа боловч 2 гараараа миний үсийг зулгаасан, намайг үснээс нь тавьсан байхад М.Н- намайг тавилгүй үстээд л байсан. М.Н-ийг эмнэлэг явсан хойно ээж М.Н- 2 гараараа миний үснээс зулгаасан гэж ээж хэлж байсан. Миний үснээс зулгааж, дараа нь миний толгой руу өвдөглөсөн, би үснээс нь тавьсан байхад намайг 2 удаа өвдөглөсөн. Би эмчилгээ хийлгэж чадаагүй. Толгойгоо бариулсан.” гэх мэдүүлэг,

-Хохирогч М.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эмчилгээний зардалд 411400 төгрөг, эвдэрсэн гар утасны үнэ 70000 төгрөг, нийт 481400 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэрийн 18-21/,

-Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...нөхөр *****ээ бид хоёр аавыг хайхаар гараад гадуур явж байгаад буцаад гэрт ортол СУ “чи одоо гэр орныг нь цэвэрлэхэд яадаг юм, нохойн хороо шиг хамар ***** шигээ сууж байдаг гэж чамайг Одноо тэгж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм, би хагалгаатай гартай хог шүүрдэж гартаа бохир оруулах юм уу? манай охин аяга угааж юм хийдэг” гэхэд СУ “аавыгаа хайгаач, архи уучихна, мөнгөө үрчихнэ” гэхээр нь буцаад нөхөр *****ээ бид хоёр гараад аавыг хайж байгаад ***** эгчийнд очиход ***** эгч тэднийд пиво ууж байсан. Надад хийж өгөхөөр нь би уухгүй гээд 2-3 удаа балгаж уучхаад уугаагүй. *****ээ 2 аяга пиво уусан. Пиво нь дуусаад би *****гийн охинтой дахиж пивонд яваад том 2.5 литрийн пиво авчраад *****ээ бид хоёр уугаагүй. ***** бид гурав гарч СУгийнх руу очсон. Тэднийд аав М, ***** хоёр ирчихсэн байхаар нь ***** руу “та яагаад хов яриад байгаа юм, хэзээ гэрийг чинь цэвэрлэхгүй байдаг юм” гэхэд “би тэгж яриагүй” гэсэн. Тэгэхэд СУ “наадахаа гарга, гэр оронд битгий хэрүүл хийгээд бай, ал ал чирээд гарга” гээд байсан. С.Э намайг түлхэж гаргах гэхээр нь “гутлаа өмсье” гэтэл С.Э үснээс зулгаагаад авахаар нь би биеэ хамгаалах гэж үснээс нь нэг гараараа зулгааж авсан. Тэгтэл СУ, манай аав, нөхөр нар салгасан. Тэгэхэд С.Э  намайг хутгалчихсан.

...үсдэлцэж байхад С.Э миний энд тэнд цохисон. Тэр үед хамар руу гар нь цохиод цус гарчихсан. Хутгалсны дараа далнаас бас цус гарсан. Би гомдолтой байна. Миний утсыг ***** нь хагалчихсан самсунг маркийн утас. Манай нөхөрт ээж нь өгсөн. 250000 төгрөгөөр авсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25/,

 

-Хохирогч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ээж СУ “наадахаа одоо гарга” гэхээр нь би гар гээд түлхтэл “байж бай, гутлаа өмсье” гэчхээд муу гичий минь ээжийнхээ буянаар жаргаж байгаа гичий  гэх мэт янз бүрийн үгээр хэлж доромжлоод байхаар нь би үснээс нь зулгааж авсан. Тэгтэл миний үснээс зөрүүлж барьж аваад доош нь дараад өвдөгөөрөө 2 удаа өвдөглөж толгой  руу цохисон. Ээж СУ, ***** эгч хоёр бид хоёрыг салгасан. Би хутга бариад автал ***** эгч надаас булааж авсан. Тэгээд дахиад бид хоёр бие биенийхээ үснээс барьж аваад ноцолдож байхдаа би ширээн дээр байсан хутгыг аваад айлгах гээд далайгаад хатгатал хутга нэвтрээд орчихсон. ***** эгч над руу “чи хүн алчихлаа шүү дээ” гэсэн чинь Н.Э “С.Э намайг хутгалчихлаа” гээд орилсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28/,

 

-Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.Э “чи эцэггүй хүүхдээ юунд нь өмөөрдөг юм, би чамайг шоронд хийж хатаана” гэж дайрч давшлаад манай охин С.Этэй барилцаад үснээсээ зулгаалцсан. Энэ үед бид нар салгаж дундуур нь ороход С.Э гартаа хутга барьсан байсан. Тэгэхээр нь би хутгыг нь  булааж авах гэсэн боловч дийлэлгүй гар халтирч алдаад С.Э *****ийн зүүн дал орчимд нэг удаа хутгалж гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Н.Э өөрийн аав Мтайгаа маргаж байгаа бололтой чанга чанга дуугарч, дараа нь манай охин С.Э “чи миний охиныг хараадаг хэн бэ? та  нар явцгаа, та нараас болж хүүхэд өвчин тусна” гээд маргалдаж байснаа зодолдох шиг болохоор нь би яваад очиход бие биенийхээ үснээс зулгаасан зогсож байхаар нь би  наанаас нь очиход эхнэр *****ийг хаалгаар түлхэж гаргаад араас нь нөхрийг нь гаргах гэж байтал Н.Э эргээд ороод ирсэн. Тэгтэл *****ийн нөхөр ***** хадам аав Мтайгаа маргаж эхэлсэн бөгөөд би тэр хоёрыг тайвшруулаад М ахыг аваад жорлонгийн хажууд очоод тамхи татах гээд зогсож байтал Н.Э ирээд “намайг хутгалчих шиг боллоо, хар даа аав” гэсэн. Энэ үед би айгаад цаад өрөөндөө яваад орсны дараа цагдаа дууд гээд бүгд шуугилдаад байсан.

...Н, С хоёр үс үснээсээ барьчихсан, хоёулаа тонгойчихсон, ийш тийшээ бие биенээ түлхээд юм мөргөөд байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 35-36/,

 

-Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.Э С.Э хоёр бие биенээ үсдээд зодолдож байхаар нь салгах гэж байтал Н.Э над руу хараад “аав аа, намайг хутгалчихлаа” гэхээр нь би “хэн бэ?” гэж асуухад С.Э гэж хэлсэн.

...Э.Н-н ар дал хэсгээс цус гараад хувцас нь нэвтэрчихсэн С.Э хутга барьчихсан зогсож байсан.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 37, 38-39/,

 

-Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.Э над руу “чамаас болж байгаа шүү энэ хэрүүл” гээд дайрсан. С.Э “ядарсан хүн рүү яагаад байгаа юм бэ?” гэхэд “чи хэзээ өмөөрдөг болсон юм бэ?” гээд Н.Э С.Э рүү дайраад тэр хоёр хэрэлдээд унасан. С.Э “хүүхэд унтаж байна, чимээгүй битгий хэрэлдээд бай” гэхэд “чиний хүүхэд ямар хамаатай юм, үхвэл үхнэ л биз” гэж хэрэлдээд Н.Э *****ийн үснээс зулгааж аваад зууралдаад тавьцгаахгүй байхдаа С.Э хутга бариад авахаар нь би булааж аваад буцаагаад ширээн дээр тавьтал дахиад С.Э хутга аваад *****ийн араас дал хэсэгт нь хутгалчихсан. Би хараад зогсож байсан. Тэгтэл Н.Э “намайг хутгалчихлаа” гэсэн. Би *****ийг “хүн алчихлаа” гэж орилтол өрөөнүүдэд байсан хүмүүс гарч ирсэн. Н.Э хана налж суугаад ханыг нь цус болгосон.

...Н, С 2 нэг нэгнийхээ үснээс гараараа бариад авчихсан түлхэлцээд байсан. Гараараа болон юмаар бие биеэ цохиогүй доошоо нэг нэгнийгээ дараад ийм тийшээ юм мөргөөд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 41-42/,

 

-Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Э Н.Э-г хутгалж гэмтээсэн гэж сонссон. Би өөрөө хараагүй учраас өөр зүйл сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44/,

 

-Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Э гартаа хутга бариад “чамайг алнаа” гээд зогсож байсан ба хажууд нь СУ эгч зогсож байсан. Гэтэл удалгүй манай эхнэр гэнэт орилж “намайг хутгалчихлаа” гэсэн бөгөөд СУ эгч болон Одноо нар “наадахаа ал ал” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд дуудлага өгөх гэтэл “цагдаа дуудвал ална шүү” гээд СУгийн нөхөр хэлээд байсан.

...С.С манай эхнэрийн зүүн даланд нэг удаа хутгалж, баруун далны доод хэсэгт 2 ширхэг зулгарсан шарх байна лээ. Гэхдээ 2 шарх нь хутганых эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48/,

 

-Гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..С.С гэх хүн хүнд зодуулсан тодорхойлолт бичүүлж авах гэсэн юм аа гэж ирсэн. Ингээд би С.Э гэх хүнийг үзэхэд эрүүн доор нь хумсны шинэ шархтай, толгойны хуйх хавдсан оноштой байсан учир би тодорхойлолт бичиж өгсөн.

.. Үснээс зулгааж юм мөргүүлэх, өвдөглөх, гараар цохих үед тархи доргилт үүснэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54/,

 

-Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 55/,

 

-“...М.Н-ийн биед тархи доргилт, зүүн далны дээд хэсэгт шарх, баруун далны шугамаар 3-4-р хавирганы түвшин, ууцанд зулгаралт, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлээс далны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлээс тархи доргилт, зүүн далны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэргийн хөнгөн зэрэг, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “... 2020 оны 01 дүгээр сарын 18-ны 19 цаг 00 минутад айлд зүүн дал руу хутгалуулсан. Нуруундаа 2 шарх зүсэгдсэн.” гэх яаралтай тусламжийн хуудас 59-60,

 

-Хүний их эмч *****гийн “...зүүн далны дээд талд 2.5х2.5 см орчим зүсэгдсэн шархтай, гүн 3 см, баруун далны 12-р орчим 2.0 см зүсэгдсэн шарх. Өөр ил шарх байхгүй.” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 63/

 

-“...С.С-ийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлээс тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 76-77/,

 

-Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдолтой баримтууд /хавтаст хэргийн 103-106, 109-117, 120-126, 128-136, 138-149/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

С.С-ийн эрүүл мэндэд учирсан 3тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал3 бүхий гэмтэл, М.Н-ийн эрүүл мэндэд учирсан 3тархи доргилт, зүүн далны дээд хэсэгт шарх, баруун далны шугамаар 3-4-р хавирганы түвшин, ууцанд зулгаралт, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт3 бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байгаа нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 76-77/ зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нь С.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэг учрал болох үед шүүгдэгч М.Н- нь хохирогч С.С-ийг үснээс нь зулгаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, үснээс зулгаах үед тархи доргилт үүсэж болох талаар гэрч ***** мөрдөн байцаалтын шатанд “үснээс зулгааж юм мөргүүлэх, өвдөглөх, гараар цохих үед тархи доргилт үүснэ.” гэж мэдүүлэг өгсөн /хавтаст хэргийн 53-54/ байх тул шүүгдэгч М.Н-ийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.С-, М.Н- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Н- нь эмчилгээний зардалд 411400 төгрөг, эвдэрсэн гар утасны үнэ 70000 төгрөг, нийт 481400 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд шүүгдэгч С.С- нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад 210000 төгрөг төлсөн болно.

Иймд эмчилгээний зардлын үлдсэн хэсэг болох 201400 төгрөгийг шүүгдэгч С.С-эс гаргуулж, хохирогч М.Н-д олгох нь зүйтэй.

Гэмт хэргийн явцад эвдэрсэн гар утасны үнэ 70000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэргийн газрын үзлэгээр гар утас эвдэрсэн талаар тогтоогдоогүй байх тул хохирогч М.Н-ийн иргэний нэхэмжлэлээс гар утасны үнэ гэх 70000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч С.С- нь эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй боловч гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч С.С- нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.С-, М.Н- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.С-, М.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.С-, М.Н- нарт анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.С-, М.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн төмөр иштэй, ишийг нь скочоор ороосон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.С, М.Н нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, М.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ял, М.Н-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр шүүгдэгч С.С- нь 50000 төгрөг, шүүгдэгч М.Н- нь 45000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.С-, М.Н- нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч С.С-, М.Н- нарт анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.С-эс 201400 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Н-д олгож, хохирогч М.Н-ийн иргэний нэхэмжлэлээс 70000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.С- нь эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн төмөр иштэй, ишийг нь скочоор ороосон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-, М.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ