Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1914004010381 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянохонгор сумын 3 дугаар багийн нутаг гэр хорооллын дундах засмал зам дээр 2019 оны 05 сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн шаргал өнгийн приүс 20 маркийн 65-58 УНӨ дугаартай авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд орох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 05 сарын 20- ны өдөр орой 17 цаг өнгөрөөд гудамжаар засмал замын хажуугийн явган хүний замаар явж байсан чинь гудамжны зүүн талын үзүүрт машин ирж байгаа харагдсан, тэгээд явж байтал над руу нохой дайрсан, тэгээд нохойноос зугтаагаад засмал зам руу орсон чинь машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд би машинд мөргөгдөөд унасан, тэгсэн чинь машинаас хүмүүс бууж ирээд намайг машиндаа суулгах гээд чирээд өргөөд байсан, тэгсэн чинь хажуугаар нэг машинтай хүн зөрж явахдаа зогсоод битгий наадхаа өргөөд байгаач гэж хэлсэн, тэгээд тэр хүн бууж ирээд миний хөлийг барьж өгсөн, тэгээд түргэн тусламж ирсэн, тэгээд ар гэрийнхнээ дуудъя гээд утсаар ярьж дуудах гэсэн чинь миний гар утас байхгүй байсан чинь машины урд талд уначихсан байсан, тэгээд намайг дайрсан машины жолооч ах надад авчирч ирж өгсөн. Тэр үед засмал замын хажууд байх явган хүний замаар засмал замын хойд талд нь байх явган хүний замаар явж байсан чинь тэр хавьд замын хажууд хэвтэж байсан нэг нохой ирж над руу дайрсан, тэгээд нохой дайрангуут нь би нохойноос айгаад засмал зам руу оронгуут л машин ирээд намайг дайрчихсан. Тэр нохойг хаанаас гарч ирснийг нь би хараагүй ээ, бодвол замын хажууд л хэвтэж байсан байх, нэг шар зүстэй нохой л байсан. Эхлээд тэр нохой над руу хараад хуцсан, тэгээд над руу дайрахаар нь л би айгаад зугтаахдаа хажуугийн машин явах засмал зам руу орсон чинь л намайг машин ирээд дайрчихсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 208-209/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 19 цагийн үед байх би амчуулын засмал зам дээр такси барьсан чинь жолооч нь миний таньдаг ******* гэдэг залуу байсан бөгөөд машинд бас нэг такси барьж байсан гэх охин явж байсан бөгөөд амьчуулд нэг хаяг дээр буулгачихаад намайг хүргэж өгөх гээд амьчуул, арван мянгатын дундуур явдаг засмал замаар явж байтал засмал замын хажуу талын явган хүний замаар нэг охин явж байгаа харагдсан тэгтэл онгорхой байсан хашаан дотроос нохой гараад иртэл миний сууж явсан машины урдуур гэнэт ороод ирсэн бөгөөд тормоз гишгэсэн боловч амжилгүй дайрсан. Тэгээд машинаас буугаад цагдаа болон түргэн тусламж дуудсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-78/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн 4 настай хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэр лүүгээ явж байсан чинь замд манай хамаатны хүн болох ******* гэх хүн такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь би тэр эгчийг гэрт нь хүргээд өгчихье гэж бодоод тэр эгчийг суулгаад Баянхонгор сумын 3 дугаар багт байх гэрт нь хүргэж өгөх гээд 3 дугаар багт байх гэр хорооллын гудамжин дунд байх засмал замаар явж байсан чинь замын хажуугийн явган хүний замаар нэг хүүхэд явж байгаа харагдсан, тэгээд би тэр замаар явж байгаад тэр хүүхдийн хажуугаар яг өнгөрөх гээд яг харалдаа ирсэн чинь тэр хүүхдийн хажуугаас нь нохой дайраад тэр хүүхэд ганцхан эргээд миний машины урдуур гүйгээд ороод ирсэн, тэгээд машинд мөргүүлчихсэн, би тэр үед тоормосоо гишгээд амжаагүй тэр хүүхдийг мөргөчихсөн. Би хохирогчийг Өвөрхангай аймагт очиж эмчилгээ хийлгэхээр явхад нь явах, ирэх унаа, очоод байрлах байр, мөн эмчилгээний зардал гээд бүгдийг нь даасан, нийт 3,200,000 төгрөгийн зардлыг би төлсөн байгаа, би баримтыг нь хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байгаа ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 27/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 21-өдрийн 323 тоот шинжээчийн ... *******ийн биед зүүн хөлийн дунд чөмөг болон шаант, тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, хацар, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 9/,

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаагийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 25 тоот шинжээчийн ... Тухайн зам тээврийн осол нь тоёота приус -20 маркийн 63-58 УБӨ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******ийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Үүнд: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 216-217/,

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 сарын 06-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дахин дүгнэлт ... Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбалын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй гарсан байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 227-228/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 237-238/,

Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 06 сарын 07-ны өдрийн 19/05 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 244-249/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 11-16, 20-22/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 23- 25/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн эрхийн үнэмлэхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 27-28/

Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-30/,

Амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэг, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэргээх үеийн хяналтын хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, эмнэлэгээс гарах, шилжих үеийн эпикриз /1-р хх-ийн 33-51/,

Хохирогчийн хохирлын баримтууд /1-р хх-ийн 53-65/, Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 81-84, 86, 89-204/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 3219 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 4-5/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 636 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 14/,

Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд хийсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 17/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 30-31, 34-36, 39-40, 42-45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирогч *******ь шүүгдэгч ******* нарын харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тухай хохирогчийн хүсэлт, эвлэрлийн гэрээ болон шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой бусад баримт зэрэг болно.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянохонгор сумын 3 дугаар багийн нутаг гэр хорооллын дундах засмал зам дээр өөрийн эзэмшлийн шаргал өнгийн приүс 20 маркийн 65-58 УНӨ дугаартай авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд орох үедээ явган зорчигч *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч *******ь шүүгдэгч *******тай эвлэрч гомдол саналгүй тухайгаа шүүхэд хүсэлтээр илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд, хохирогчид учирсан гэм хор бүрэн арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн угаалгийн машин, телевизор зэргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн угаалгын машин, зурагт зэрэг эд зүйлүүдийг шүүгдэгчид буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА