Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2406

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02406

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01764 дүгээр шийдвэртэй, Б.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч “МХС” ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 197 311 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, шийдвэрийг албадан гүйцэтгэсэнтэй холбогдох зардал 80 000 төгрөг, урамшуулал 704 545 төгрөг, нийт 10 981 856 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь намайг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/459 дугаар тушаалаар бүтэц орон тоо, чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00467 дугаар шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. “МХС” ХХК уг шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэн 2017 оны 06 сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарсан.

Иймд Шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд томилсон өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх тул “МХС” ХХК-иас, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш түүнийг биелүүлж ажилд томилсон хугацааны хоорондох 197 хоногийн цалин болох 10 197 311 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд зарцуулсан албадах ажиллагааны зардал 80 000 төгрөг, урамшуулалд суутгагдсан 704 545 төгрөг, нийт 10 981 856 төгрөгийг гаргуулана гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Б.Бын нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 182/ШШ2016/00467 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. МХС ХХК уг шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д заасан үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Б.Б нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацааны нөхөн олговорыг гаргуулахаар шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэснийг зөрчиж, хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Компанийн удирдлага 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шинээр томилогдсон бөгөөд Б.Быг шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3/13097 тоот албан бичгээр мэдсэн бөгөөд Б.Бтай уулзахад МҮОНРТ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа талаар мэдсэн. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “МХС” ХХК нь шүүхийн шийдвэрийг мэдсэн даруйдаа биелүүлж ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаж шийдвэр гүйцэтгэлийн дансанд нөхөн олговорын мөнгийг шилжүүлсэн.

Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Б.Б ажлаас чөлөөлөгдсөн даруйдаа өөр байгууллагад ажилласан нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн архивын лавлагаагаар нотлогддог. Мөн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулсан бөгөөд ажиллагааны зардлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2002 оны Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан тул уг зардлыг “МХС” ХХК хариуцан төлөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-иас 80 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МХС” ХХК-иас 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бөгөөд албадан гүйцэтгүүлэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, мөн өөрийн хүсэл зоригоос үл хамааран шүүхийн шийдвэрт заасан үнийн дүнгээс хамаарч 704 545 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд суутгагдсан тул уг зардлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулахаар байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд суутгагдсан 704 545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч талуудын хооронд үүссэн маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Баят нь хариуцагч МХС ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс уг шийдвэрийг биелүүлж ажилд томилсон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 197 311 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 704 545 төгрөг, нийт 10 981 856 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой зардлыг гэрээний үндсэн дээр төлбөр авагч төлдөг тул ажил олгогч байгууллага хариуцахгүй гэх үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/0467 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Быг МХС Төрийн өмчит ХХК-ийн Олон улсын бизнесийн газрын харьяа Дата сүлжээний хэлтэст систем хангамж хариуцсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 393 933 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн байна. /хх4-6/

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 393 933 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон нь хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлсэн тухай баримт, МХС ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/237 дугаартай тушаал зэргээр тогтоогджээ. /хх13, 9/

Нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэсэн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 197 311 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зохицуулснаас үзвэл Б.Быг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс түүнийг ажилд томилсон тушаал гаргасан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 197 хоногийн цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс дээрх хугацааг тооцох биш, харин уг шийдвэрийг биелүүлж, ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдрөөр түүний хөдөлмөрлөх эрх сэргээгдэж байгаа тул шүүхэд мэдүүлэх хүртэл хугацааг хамааруулан тооцох нь хуулийн дээрх заалтад нийцэх юм.

Харин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбогдон гарсан зардал 80 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно” гэсэн зохицуулалтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө төлбөр төлөгч МХС ХХК-иас уг зардлыг гаргуулж, төлбөр авагчид олгохоор байхад шүүх төлбөр авагчийн шаардлагаар шийдвэрлэж байгаа нь буруу.

Шүүх нэхэмжлэлд хамаарах шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардалд төлсөн 704 545 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 83 дугаар зүйлд заасантай нийцэж байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноор гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар зохицуулсан тул төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 197 311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсний зардал 80 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 704 545 төгрөг, нийт 784 545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай 182/ШЗ2017/07387 дугаартай шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг “ажилд эгүүлэн тогтоолгох ...” гэж нэхэмжлэлд байхгүй зүйлийг тодорхойлсон нь техникийн шинжтэй алдаа гэж үзсэн бөгөөд энэ нь уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлд нөлөөлөхгүй гэж үзлээ. /хх15/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01764 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар МХС ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 10 197 311 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 704 545 төгрөг, нийт 784 545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 заалтын “4 550” гэснийг “178 107” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 21 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА