| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1814001230134 |
| Дугаар | 2019/ДШМ/005 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2019/ДШМ/005
Э.Эт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Э.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Өлзийбаяр
Хохирогчийн өмгөөлөгч Л.Батбаяр
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Эт холбогдох эрүүгийн 1814001230134 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Бандирэнцэн овогт Э.Э, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 7 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сар хорих ял шийтгүүлж байсан,
Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 08-наас 2018 оны 3 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................... тоот хашаанд иргэн Б.Дг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бандирэнцэн овогт Э.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сар сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Э.Эт 3 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7-д зааснаар Э.Эаас 5.756.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дд олгож, энэ хэргийн учир шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э гаргасан давж заалдах гомдолдоо: Намайг тус шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.
Учир нь би тус хэргийг үйлдээгүй, 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манайд Батсайхан, Ганчулуун, Бат-Эрдэнэ нар эхнэрүүдийн хамт ирсэн. Ингээд бид мартын баяр тэмдэглээд сууж байтал Ганчулуун руу Очирхүү утасдаж манайд ирэхээр болсон. Ингээд байж байтал Очирхүү нэг найзын хамт ирсэн. Тэр найз нь нилээн согтуу ирсэн бөгөөд өөрийгөө бор халзан Бямбаа, шар халзан Бямбаагийн дундаас төрсөн хүүхэд гэж танилцсан. Ингээд юм яриад сууцгааж байгаад би Баяраа буюу Отгонжаргалтай хэрэлдээд гэрээс гарсан, гадаа Баяраатай маргалдаж байгаад гэртээ эвлэрээд орж иртэл тэр шинээр танилцсан залуу гараад явчихсан байсан. Би гэрээс зайтай байсан учраас гарч явахыг нь хараагүй. Гуч орчим минутын дараа Очирхүү, Ганчулуун руу залгаад гэртээ ирж явна найз нь гэж ярьж байсан. Дахин 30 минутын дараа залгаж хамт яваа залуугийнхаа нүдийг сохорсон гэж хэлсэн.
Би гэрт байхдаа тэр залуутай танилцсанаас өөр огт таараагүй, дахин тэр залуутай уулзаагүй байж хүний нүд сохолсон хэрэгт буруутгагдсандаа харамсалтай санагдаж үнэхээр их гомдолтой өдөр хоногийг барж сууна. Үнэхээр тэр үед нүдээ надаар сохлуулсан гэж байгаа юм бол тэнд байсан хүмүүст хэлэхгүй, яагаад чимээгүй явчихсан юм бэ? шууд нүд сохорчихлоо гээд ороод ирсэн бол сохолсон эзэн нь тодорхой болчих байсан биз. Хохирогч гээд байгаа залуу нь их хэмжээний согтолттой байсан учраас яг эзнийг нь мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Удаа дараалан зөрүүтэй мэдүүлэг өгч худал ярьж байгаад нь гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолоор тус гэмт хэргийг Э.Э үйлдсэн гэдэг нь хохирогч Б.Дгийн өгсөн мэдүүлэг, гэрч С.Очирхүүгийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна, харин Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарын өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй, тухайн газарт байгаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж дүгнэлт гаргаагүй гэж үзэх үндэслэл юм.
Хохирогч нь анх мэдүүлэг өгөхдөө "би хэн цохисоныг мэдэхгүй" гэж мэдүүлсэн /хх-25/, дараагийн удаа мэдүүлсэн мэдүүлэгт "тэгтэл араас Ганчулуун Бүдээ муу пизда минь гэж хэлээд эргээд харахад миний нүд рүү цохьсон" гэж мэдүүлж байсан бол гурав дахь удаагийн мэдүүлэгтээ гэнэт Э намайг цохьсон гэж мэдүүлдэг нь Э.Э энэ хэргийг үйлдээгүй гэдгийг нотлох хангалттай нотолгоо. Хэрэг болох үед гэрт байсан Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарын мэдүүлэг нь хууль ёсны дагуу авагдсан нотлох баримт байхад үүнийг үнэлээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны дагуу үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн.
Хэрэг болох өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Б.Д хамт явсан гэх Очирхүүгийн хамт хаана байсан, хоорондоо маргаж зодолдсон эсэх талаар шалгуулах хүсэлтийг удаа дараа өгсөөр байхад энэ байдлыг шалгаагүй. Хамт байсан бүх хүмүүс Э.Эыг зодоонд оролцоогүй гэж гэрчилсэн, эдгээр мэдүүлгийг үнэлэх боломжтой байхад үнэлэлгүйгээр зөвхөн Б.Д, Очирхүү нарын мэдүүлгийг үнэлж шийдвэрлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Б.Д нь хэнд цохиулснаа мэдэхгүй байж сүүлд нь эзэн олох зорилгоор Э.Эыг цохьсон гэж хэлсэн байдал түүний удаа дараагийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба харин ч гэртээ харих замдаа хамт байсан хүндээ цохиулсан, эсхүл өөр хэн нэгэнд цохиулсан байх магадлалтайг шүүхээс анхаараагүй. Энэ хэргийг Э.Э огт зодоогүй гэдэг нь харин сайн тогтоогддог, тэнд байсан бүх хүмүүс энэ байдлыг гэрчилдэг.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үйлдээгүй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч нь хэнд цохиулсанаа мэддэггүй. Анхан шатны шүүх зөвхөн яллах талын нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Эийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Э нь тухайн хэргийг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байхад түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байгаа гэв.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Э нь тухайн хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Э.Э нь өөрийн гэртээ Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх нэрийн дор эхнэр Г.Эрдэнэцэцэг, нэг айлын хүргэн болох О.Ганчулуун түүний эхнэр Г.Одмаа, өөрийн эхнэрийн ах Г.Бат-Эрдэнэ түүний эхнэр Г.Нарангэрэл нарын хамт архидан согтуурсан байх үедээ буюу 2018 оны 3 дугаар сарын 08-наас 2018 оны 3 дугаар сарын 09-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................... тоот хашаанд иргэн Б.Дгийн зүүн нүдэнд нь цохиж түүний зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл буюу хүнд хохирол учруулсан үйл баримт болжээ.
Дээрх үйл баримт нь эрүүгийн 1814001230134 дугаар хэрэгт авагдсан хохирогч Б.Д, гэрч С.Очирхүү нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №188 тоот “...Б.Дгийн биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл, зовхинд цус хуралт, дух хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг учрал болох үед байсан бусад гэрчүүд Г.Эрдэнэцэцэг, О.Ганчулуун, Г.Одмаа, Г.Бат-Эрдэнэ, Г.Нарангэрэл нарт Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулан мэдүүлэг авсан хэдий ч дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг үндэслэн хохирогч Б.Д, гэрч С.Очирхүү нарын удаа дараагийн өгсөн тогтвортой мэдүүлгүүдийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрхээс дүгнэн үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч Э.Эийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргалын хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгуулах талаарх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хохирлын баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Хохирогч Б.Д хохиролд нийт 5.756.000 төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 142-152 дугаар талуудад 5.240.034 төгрөгийн хохирлын баримт авагдсан, үүнээс малчин хөлсөлсөн гэх 4.200.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдох эсэх, мөн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх нийт 14 ширхэг 590.034 төгрөгийн шатахууны баримтын зарим нэг нь тухайн хэрэг учрал болохоос өмнө байх ба түүнчлэн уг шатахууныг ямар зорилгоор, хэний автомашинд авч хэрэглэн хэрхэн зарцуулсан зэрэг нь тодорхой бус байх тул шүүгдэгч Э.Эаас хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.306.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7-д зааснаар шүүгдэгч Э.Эаас таван сая долоон зуун тавин зургаан мянган / 5756000 / төгрөг гаргуулж хохирогч Б.Дд олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7-д зааснаар шүүгдэгч Э.Эаас 450.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.306.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
М.МӨНХДАВАА