Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2019/0631/з |
Дугаар | 0628 |
Огноо | 2020-10-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 0628
2020 оны 10 сарын 05 өдөр Дугаар 128/ШШ2020/0628 Улаанбаатар хот
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: .... дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө .
Гуравдагч этгээд: “БЭТ ” ХХК /РД: /
Прокурорын дүгнэлт: “... дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0157... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч ... дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н, Хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө , Гуравдагч этгээд “БЭТ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
...дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор , хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Н би, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө нь иргэн Н.Энхтуяагаас гаргасан “ Түмэн плаза дотор шөнийн цагаар караоке ажиллаад байна” гэх 269 дугаартай мэдээллийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаад 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “БЭТ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан 0157... дугаартай шийтгэлийн хуудсыг хянавал эрх бүхий албан тушаалтан Б.Ө нь “БЭТ ” ХХК-ийн Т... караоке 2020 оны 7 дугаар сарын 26-ны шөнийн 01 цаг 53 минут хүртэл цаг хэтрүүлэн ажилласан гэх зөрчлийг шалгаад “Б.Э.Т” ХХК-д Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Материалд авагдсан холбогдогч Ц.Ү-ын мэдүүлэг, байгууллагын орлогын гүйлгээний хуулга зэргээр “Б.Э.Т ” ХХК-ний Т...караоке нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны шөнийн 01 цаг 53 минут хүртэл ажиллаж Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан” “Гамшигт аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан” гэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан талаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд ямар нэг нотлох баримт авагдаагүй, “Б.Э.Т ” ХХК-ны Т... караоке нь согтууруулах ундааны зүйл худалдаалах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.
Иймд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх мэдээллийг бүрэн шалгалгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ... дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө ын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 015.... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.
Дүгнэлт гаргагч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн. 2020 оны 7 дугаар сарын 26-ны шөнө 01 цаг 53 секунд хүртэл үйл ажиллагаа явуулж цаг хэтрүүлэн ажилласан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Улмаар цагийг хэтрүүлэн ажиллаж хорио цээрийн дэглэмийг зөрчсөн байгаа нь харагддаг. Улсын онцгой комиссоос үйлчилгээний газруудыг 00 цаг хүртэл ажиллахаар гаргасан захирамжийг зөрчсөн. Зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13.2 дах хэсэгт зааснаар арга хэмжээ авагдах зөрчил байхад улсын байцаагч нь 12.2.1.1-д заасан зөрчлөөр арга хэмжээ авсныг үндэслэлгүй гэж дүгнэлт бичсэн. Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар нэг үйлдлээр хэд хэдэн зөрчил гаргасан байх юм бол аль хүнд төрлийн зөрчилд шийтгэл оногдуулна гэж заасны дагуу 3.1.4 дах заалтыг зөрчсөн. Ийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Н.Э-ийн “.... хойд талд байрлах .... плаза төв нь 7 дугаар сарын 26-ны өдөр шөнийн 04:00 цаг хүртэл ажилласан. Шөнийн цагаар ажиллаад байгаа тул шалгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч “Б.Э.Т ” ХХК-ийн менежер Ц.Ү-ыг байлцуулан 7 дугаар сарын 27-ны өдөр хянан шалгалтыг хийсэн.
Хянан шалгалтын явцад банкны хуулгыг шалгахад 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 00.11.39, 00.12.04, 00.35.10, 01.00.53 цагуудад тооцоо хийгдсэн байна. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү хэлэхдээ “...23 цагаас хаалгаа барьсан, хүмүүсийг тооцоогоо
хий гэхэд халамцуу согтуу хүмүүс байж бай, хүлээж бай, авсан зүйлээ дуусгая гэх мэтээр аашилдаг бид учирлаж хаах цагаа хэлдэг. Хаалгаа бариад гаднаас үйлчилгээ явуулахгүй дотор цэвэрлэгээгээ хийдэг. Цэвэрлэгээгээ хийхдээ хөгжмөө унтраадаггүй байдал маань хүмүүст ажиллаж байна гэх хардалтыг төрүүлдэг бололтой. Түүнээс биш Нийслэлийн Засаг даргын захирамж, танай байгууллагаас өгсөн мэдэгдлийг зөрчиж ажиллагаагүй болно ...” гэх тайлбарыг өгсөн.
Гомдол гаргагч иргэнтэй 990.... дугаарын утсаар холбогдож гомдлыг
тодруулахад ажиллаж байгаа бололтой хөгжмийн дуу хангинаад байсан, одоо очиж тайлбар өгөх боломжгүй хөдөө явж байна гэх хариуг хэлсэн. Баар нээгдэн ажиллаж байгаатай холбогдуулан улсын байцаагчид болон миний бие Нийслэлийн Засаг даргын удаа дараагийн гаргасан захирамжууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын гаргасан мэдэгдэл, заавар зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргэн халдварт өвчний үед хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч, мэдэгдэл хүргэж ажилласан. “БЭТ ” ХХК-д миний бие 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/8..., А/9... захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/2.... дугаартай мэдэгдэл, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж зэргийг хүргэж дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар үүрэг болгосон.
Урьдчилан сэргийлэх шалгалтаар өгсөн үүргийн дагуу тодорхой ажлыг зохион байгуулаагүй (тухайн үед үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчийг хүндэтгэн шууд хөөж гаргах боломжгүй байсан. Иймд тооцоог хаах цагаас хойш хийсэн) гэх тайлбар болон тооцооны баримтыг үндэслэн улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулж, шийтгэлийг бүрэн барагдуулж ажилласан болно. Тухайн байгууллагад хүргэж байсан захирамж, мэдэгдэл, зөвлөмж зөвлөгөөг өгсөн талаарх баримтыг нотлох баримтаар нэмж хариу тайлбарт хавсаргав...” гэжээ.
Хариуцагч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: Миний хувьд гомдлын дагуу хяналт шалгалт явуулсан. Караоке үйл ажиллагаа зогссонтой холбоотой зөвлөмж гарсан. Цагдаагийн байгууллагаас очиж шалгахад цаг хэтрүүлсэн байдлаар тооцоо хийгдсэн байсан тул тооцоог үндэслэж арга хэмжээ авагдсан…” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын чанар улсын байцаагч Б.Ө ын иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 1-р хороо, “БЭТ ” ХХК-ийн “Түмэн” төвд үйл ажиллагаа эрхэлдэг караокед 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн цаг хэтрүүлэн ажилласан гэх гомдлын дагуу тайлбар өгөх нь: Дэлхий нийтийг хамарсан корона вирусийн улмаас манай байгууллага 5 сар үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Нийслэлийн засаг даргын А-504 захирамжийн дагуу 7 сарын 7-ноос эхлэн мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа мөрдөн ажиллаж эхэлсэн.
Тухайн өдөр манай байгууллага нь 00:00 цагаас хойш үйлчлүүлэгч авч ажиллаагүй бөгөөд үйлчлүүлж байсан нэг өрөөний үйлчлүүлэгч нар ууж байсан зүйлээ дуусгаж байж гарна гэсний дагуу үйлчлүүлэгчийг хүндлэх үүднээс зөөгч бармын нар маань хүлээн 00:00 цаг өнгөрсөн болно. Тухайн үйлчлүүлэгч нар хоорондоо маргалдан маргааныг нь салган тус тусад нь таксинд суулгаж өгч явуулсан болно. Үйлчлүүлэгч гарсны дараа ажилчид караокены нийт 14 өрөөнд 3-4 зөөгч нар 02:00 цаг хүртэл их цэвэрлэгээ хийсэн болно...” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: Манай байгууллага корона вирустэй холбоотой 5 сар үйл ажиллагаа явуулаагүй байсан. 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд үйл ажиллагаа эхэлсэн. 7 дугаар сарын 26-нд манайхыг цаг хэтрүүлсэн гэх иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн. Тухайн үед үйлчлүүлж байгаа хүн тооцоогоо хийхэд 00 цаг хэтэрсэн байсан. Манайх 00 цагаас хойш гаднаас үйлчлүүлэгч авч ажиллаагүй. 00 цагаас хойш манайх өдөр бүр их цэвэрлэгээ хийгээд хүүхдүүдээ гаргасан байгаа...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх .... дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-аас ... дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө т холбогдуулан гаргасан “.... дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0157... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурор, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч прокурорын бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, ... дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0157... дугаар шийтгэлийн хуудсаар “Б.Э.Т ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 15.2. дугаар зүйлийн 1.1.-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Прокурорын зүгээс зөрчилд холбогдогч “Б.Э.Т ” ХХК-ийн “Т...” караоке нь хорио цээрийн үед дэглэм тогтоосон үед ажиллах цагийн хуваарийг хэтрүүлэн ажилласан зөрчил гаргасан байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл. “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах”, 1.1. “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;” гэж зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй холбогдогчийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл. “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих”, 2. “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар шийтгэл оногдуулах ёстой байсан. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчаас баар, караокены үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан улсын байцаагч нараас Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын мэдэгдэл, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж зэргийг хүргүүлж ажилласан. Зөрчилд холбогдогч “Б.Э.Т ” ХХК-ийн “Т...” караокед 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дээрх захирамж, мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлж ажилласан. 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Түмэн” караоке нь шөнийн цагаар ажиллаад байна гэсэн иргэн Н.Э-аас ирсэн гомдлын дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр очиж шалгасан. Тооцоо хийгдсэн цагуудыг үндэслэж, зөрчил гаргасан байна гэж үзсэн. 00.11.39, 00.12.04, 00.35.10, 01.00.53 цагуудад тооцоо хийгдсэн байсан. Зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн үед үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчийг хүндэтгэн шууд хөөж гаргах боломжгүй байсан. Иймд тооцоог хаах цагаас хойш хийсэн” гэх тайлбар болон тооцооны баримтыг үндэслэн улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь корона вирустэй холбоотой 5 сар үйл ажиллагаа явуулаагүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 26-нд манайхыг цаг хэтрүүлсэн гэх иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн. Тухайн үед үйлчлүүлж байгаа хүмүүс тооцоогоо хийхэд 00 цаг хэтэрсэн байсан. Манайх 00 цагаас хойш гаднаас үйлчлүүлэгч авч ажиллаагүй. ... Хамгийн сүүлийн хүн 00.35.10 цагт тооцоогоо хийсэн байсан. Харин 01.00.53 цагт хийгдсэн тооцооны хувьд манай зөөгч хүүхэд удаа худалдаж аваад картаа уншуулж тооцоогоо хийсэн байсан” гэжээ.
Дээрх тайлбаруудаас үзвэл, зөрчилд холбогдогч “Б.Э.Т ” ХХК-ийн “Т...” караоке нь хорио цээрийн үед дэглэм тогтоосон үед ажиллах цагийн хуваарийг хэтрүүлэн ажилласан зөрчил гаргасан үйл баримттай талууд маргахгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл. “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих”, 2. “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”, 7. “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн ... 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ... дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй зөрчил гаргасан бол цагдаагийн байгууллага шалгаад, эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх зохицуулалттай байна.
Маргаан бүхий тохиолдолд зөрчилд холбогдогч “Б.Э.Т ” ХХК-ийн “Т... ” караоке нь хорио цээрийн үед дэглэм тогтоосон үед ажиллах цагийн хуваарийг хэтрүүлэн ажиллаж байгаа талаарх гомдлыг иргэнээс Мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасан байх бөгөөд түүнийг хариуцагч улсын байцаагч шалгаад Зөрчлийн тухай хуулийн 15.2. дугаар зүйлийн 1.1.-д заасан зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл. “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах”, 1.1. “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;”,1.3. “хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”, 6.“Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”, 6.10. “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ... заасан зөрчил;” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах эрхтэй байна.
Тухайн тохиолдолд, хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас зөрчилд холбогдогчид хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажиллах цагийн хуваарь, ажиллах нөхцөл, ажиллах журамтай холбоотой захирамж, мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлж ажилласан байх бөгөөд түүнийг биелүүлж ажиллагаагүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсныг буруутгах нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь хариуцагч улсын байцаагч нь иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгалтаар илэрсэн Зөрчлийн тухайн хуульд заасан зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Мөн зөрчилд холбогдогч нь гаргасан зөрчлөө ухамсарлаж торгуулийг төлсөн байх бөгөөд хэрэв зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13. дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулбал 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгохоор байх тул зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдал дордохоор байна.
Зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлөө ухамсарлаж шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан 5 сар үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажиллах цагийг хуваарийг 1 цаг хүрэхгүй хугацаагаар хэтрүүлсэн, энэ төрлийн зөрчлийг дахин гаргаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1., 1.3.-т заасныг баримтлан ... дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-ын “... дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө-ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0157... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ