Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0501

 

 

АБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор АБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 дугаар актын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгийг буюу 25 383 311 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал-ыг баримтална. Энэхүү ангиллыг үзэхэд Даатгалын зуучлал нь 651 буюу даатгалын үйл ажиллагааны ангилалд багтахгүй байгаа ба даатгалын зуучлал /6622/ үйлчилгээ нь /66-д/ санхүүгийн бусад үйлчилгээнд хамаарахыг заажээ. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно.

3. Даатгалын хураамжид нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй. Тиймээс зуучлалд нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад аливаа татварын давхардлыг гаргахгүй ба зуучлалын үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ-нд орно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4,8 дугаар зүйлийн 8.2,8.3, 13 дугаар зүйлийн 13.6.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АБ ХХК-ийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 дугаар актын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгийг буюу 25 383 311 төгрөгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Эдавж заалдах гомдолдоо: Манай компани даатгалын зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд даатгалын компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс чөлөөлсөн байдаг тул урд онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй байсан. Учир нь даатгалын зуучлалын орлого нь даатгалын эрсдэлийг хаах зорилгоор актуар тооцооллыг үндэслэн тооцсон нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй даатгалын хураамжийн орлогын хэсэг юм. Даатгуулагчаас даатгагчид төлж байгаа даатгалын хураамжид зуучлалын үйл ажиллагааны зардал болон нэмэгдсэн өртгийн албан татварын зардал шингээгүй байдаг. Иймээс даатгалын зуучлалын компани урд онуудын татвар төлөлтөд нөхөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх боломжгүй юм.

... Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын мэргэжлийн оролцогч компанийн сар бүрийн орлогын мэдээ, улирал бүрийн санхүүгийн тайлан, мөн даатгалын зуучлагч компанийн орлогын дэлгэрэнгүй тайланг Д8, Д8-А маягтын дагуу тус тус авч бидний үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг.

Даатгалын зуучлагч компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байх талаар Санхүүгийн зохицуулах хороо бидэнтэй адил саналтай байгаа бөгөөд энэ тухайгаа илэрхийлсэн албан бичгийг Сангийн яаманд явуулж байсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 532 дугаар шийдвэртээ үндэслэл болгосон Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж тус тус заасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 14 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Одоогоор Монгол Улсад 31 даатгалын зуучлагч (үүний 8 нь банк) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бөгөөд эдгээр компанийн алинаас нь ч нэмэгдсэн өртгийн албан татвар авах талаар асуудал үүсээгүй байгаа. Энэ нь Татварын ерөнхий хууль болон Монгол Улсад үйлчилж буй бүх хуулийн үндэс болсон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болно.

Учир нь манай компаниас нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэх ёстой гэж үзсэн атлаа бусад даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниас төлүүлэх талаар яригдаагүй байгаа нь тэгш байдлыг зарлан тунхагласан Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

Даатгалын салбар нь манай улсын хувьд харьцангуй шинэ салбар бөгөөд үүнтэй холбоотойгоор даатгалын салбарын үйл ажиллагааг зохицуулсан бодлогын баримт бичиг болон даатгалын салбарын эрх зүйн барим бичгийн бусад салбартай уялдах байдал муу байгаагаас үүдэж өмнөх онуудын нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэх гэх зэрэг манай компанид тохиолдсон шиг асуудлууд үүсэж байгаа бөгөөд энэ нь мөн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор урьд онуудад төлдөггүй байсан нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр гаргасан шийдвэр гэж үзэж байна.

Иймээс манай компанийн өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татварын татвар төлүүлэхээр заасан татварын байцаагчийн 24/0002845 дугаар актыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 532 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдаас АБ ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ. 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.4. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчиж 1/2010 онд 1000000.0, 2011 онд 1787600, 2012 онд 2018500 төгрөгийн баримтгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон, 2/2011 онд 36155900, 2012 онд 132818500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож төсөвт төлөөгүй гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 заалтыг үндэслэн 17269040 төгрөгийн нөхөн татвар, 8558398 төгрөгийн торгууль, 102590 төгрөгийн алданги, 50666 төгрөгийн хүү, нийт 25980694 төгрөгийг АБ ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэснээс АБ ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар буюу 25,383,211 төгрөгтэй холбоотой хэсгийг үл зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.3 /даатгал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ-г/ дахь заалтад даатгалын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 /даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг/, 4.1.5 /даатгалын хураамж гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг/, 4.1.2 /даатгагч гэж даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг/, 4.1.3 /даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг/ дахь заалтуудаас үзвэл даатгагчийн үйлчилгээний орлого буюу даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгуулагчаас төлж байгаа төлбөр болох хураамж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг байна.

 

Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д Даатгалын үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулийн 3.1-3.4-т зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна, 3.3. Даатгалын зуучлагч... эрх зүйн байдлыг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар зохицуулна, 12 дугаар зүйлийн 12.1 Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо... хэрэгжүүлнэ гэх заалтууд, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-ын даатгалын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг, 3.2.5. Зохицуулах хороо гэж Даатгалын тухай хуулийн 12.1-д заасан байгууллагыг хэлэхээр заасан зэргээс үзвэл даатгалын зуучлалыг даатгалын буюу даатгалын тохиолдол бий болоход гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх үйл ажиллагаанаас салгаж ойлгохооргүй байна.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч АБ ХХК-ийн хувьд зуучлалын орлогыг даатгалын компанитай байгуулсан Даатгалын зуучлалын гэрээ-ний үндсэн дээр гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгээс хамаарч даатгуулагчийн төлсөн хураамжаас зохих хувиар тооцон авдаг байна. /ХХ-77-138/ Тиймээс нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн даатгалын хураамжаас тодорхой хувиар тооцон авсан даатгалын зуучлалын хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах боломжгүй.

 

Энэ талаар даатгал, даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тэдгээр үйл ажиллагааг эрхлэх дүрмийг /түүний дотор даатгалын хэмжээ, даатгалын хураамжийн хэмжээг тооцох аргачлал/ батлан хэрэгжүүлдэг, түүнийхээ үндсэн дээр хяналт тавих чиг үүргийг хуулиар хэрэгжүүлдэг байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос байр сууриа илэрхийлж даатгалын зуучлагч компанийн зуучлалын орлого нь даатгалын эрсдэлийг хаах зорилгоор актуар тооцооллыг үндэслэн тооцсон, Нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй даатгалын хураамжийн орлогын хэсэг болох-г илэрхийлж Татварын байгууллагад удаа дараа хандаж байжээ. /ХХ-10-12/

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д албан татвар ногдуулах, 13 дугаар зүйлд уг албан татвараас чөлөөлөхдөө Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал-ыг баримтлахаар, 8.3-д тухайн Ангилал-ыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан бөгөөд Сангийн сайдын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал-ын салбар К-д Санхүүгийн болон Даатгалын үйл ажиллагааг заасны дотор дэд салбарын 64-т Даатгалын болон тэтгэврийн санхүүжилтийн үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээний үйл ажиллагаа-г, 65-т Албан журмын нийгмийн даатгалаас бусад даатгал, давхар даатгал, тэтгэврийн санхүүжилтийн үйл ажиллагааг заасны бүлэг 651-д Даатгалын үйл ажиллагаа, 652-д Давхар даатгалын үйл ажиллагаа-г, дэд салбарын 66-д Санхүүгийн бусад үйл ажиллагаа-г заасны дотор 662-ын Даатгал ба тэтгэврийн сангийн туслах үйл ажиллагааны 6622-д Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа-г хамаарахаар зааснаас харвал даатгалын зуучлалын үйл ажиллагааг санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарт /К/ хамаарахаар заажээ.

 

Үүнээс гадна шүүх маргааны үйл баримтад хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй буюу Улсын Их Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн найруулж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3 /даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал.../ дахь заалтыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй.

 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, даатгалын зуучлалын үйлчилгээнээс олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 13 дугаар зүйлийн 13.6.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 дугаар актаар тогтоосон төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгээр буюу 25.383.211 төгрөгөөр бууруулсугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР