Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 0043

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

шүүгдэгч Э.Дашням, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд ирүүлсэн Э.Дашнямд холбогдох 201618010108 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн засварчин мэргэжилтэй, “Хойд сэртэн” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Овоотын задгай, 1-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистерийн  МЙ дугаартай, Тавууд овогт Энхбатын Дашням.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Дашням нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Овоот хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр иргэн Э.Баттөгсийг цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Э.Баттөгсийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-7/,
  2. Гэрч Ж.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-11/,
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт №857 /хх-16/,
  4. Шүүгдэгч Э.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-24, 26/,
  5. Шүүгдэгч Э.Дашнямын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-27-29/,
  6. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирогч Э.Баттөгс, Э.Дашням нарын эвлэрлийн гэрээ /хх-55/,
  7. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Э.Дашням нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Овоот хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Э.Баттөгстэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу цүнхэн дээр байсан утас унагачихлаа, цүнхэн дээр суучихлаа гэсэн асуудлаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа, хөлөөрөө нэг удаа  тус тус цохисоны улмаас хамар ясны хугарал, 2 нүд, хамарт цус хуралт, хацар хамарт зулгаралт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн,

хохирогч Э.Баттөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би тэр өдөр 20 цагийн үед Овоот хороололын сагсны шийдэн дээр тоглох гэж очсон. Тухайн үед хүүхдүүд миний бөмбөгөөр тоглож байсан юмаа. Би сандал дээр сууж байсан чинь Дашням гэгч залуу хүрч ирээд миний цүнхэн дээр байсан утсыг унагаачихсан. Би тэгэхээр нь чи хүний утас эвтэйхэн аваад суучихааж гэсэн чинь миний өөдөөс юу гэнээ гэсэн. Тэгэхээр нь би дахиад хүний юм эвтэйхэн аваад суучих гээд маргалдаад утсаа авах гээд доошоо тонгойсон чинь миний нүүр рүү шууд өшиглөсөн. Би цусаа тогтоох гээд сагсны талбайгаас гарсан чинь миний хамар эвгүй болчихсон, нүд хавдсан байсан. Тэгээд би гэрийнхэндээ хэлээд шууд эмнэлэг явсан....” гэсэн мэдүүлэг /хх-7/,

гэрч Ж.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед би овоот хороололын сагсны талбайд сагс тоглож байсан юмаа, Би Дашнямтай тоглож байсан юм. Тэгээд Дашням тоглож дуусчихаад сагсны шийдний хажуу талын сандал дээр суусан. Би бас хажууд нь очоод суусан. Тухайн үед Дашням суухдаа цүнхэн дээр байсан гар утсыг унагаачихсан юм. Тэгээд буцааж аваад цүнхэн дээр нь тавьсан чинь Баттөгс гэдэг залуу чи жоохон аятайхан суучихаач гээд байсан. Тэр цүнх нь Баттөгсийх байсан. Тэрнээс болоод Дашням, Баттөгс 2 хэрэлдээд Дашням Баттөгсийг 1 цохиод, доошоо тонгойход нь өшиглөсөн. Баттөгсийн хамраас цус гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-11/,  

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Баттөгсийн биед хамар ясны хугарал, 2 нүд, хамарт цус хуралт, хацар хамарт зулгаралт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ” /хх-16/,

шүүгдэгч Э.Дашням мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Овоот хороололын сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байгаад дуусчихаад сандал дээр суух гэсэн чинь сандал дээр нэг цүнх байсан. Цүнхний дээр гар утас байж байсан. Тэгээд би сандал дээр суухдаа санаандгүй утсын унагаачихсан юм. Унасан утсын аваад буцаагаад цүнхэн дээр тавьчихаад цүнхийн цааш нь түлхээд суух гэсэн чинь Баттөгс Чи наад цүнхэн дээр суучихлаа гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь яачихаад байгаа юм бэ? Цаашлуулцан байгаа юм биш үү гэсэн чинь бараг суучихлаа гээд дахиад хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би босож ирээд нүүр рүү нь цохиод нүүрээ дараад тонгойход нь нүүр рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-24, 26/,

шүүгдэгч Э.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Овоот хорооллын сагсны талбай дээр тоглож байсан. Тоглож дуусаад сандал дээр суух гэтэл цүнхэн дээр утас байхаар нь цаашлуулаад суутал утас нь унахаар нь аваад тавьсан. Гэтэл хохирогч Э.Баттөгс хэрүүл өдөөд цүнхэн дээр суучихлаа гээд байхаар нь нүүрэн тус газарт нь гараараа нэг, хөлөөрөө нэг цохьсон. Өөр зүйл болоогүй гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч Э.Дашнямыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Дашням урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-29/

Шүүгдэгч Э.Дашням нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул хохирогчийн хувьд шүүгдэгчтэй эвлэрэхийг хүсч, хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй, хэн аль нь сайн дураараа эвлэрч байгаа нь тогтоогдож байх тул Э.Дашнямд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.           

                   Эрүүгийн 201618010108 дугаар хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч Э.Дашням цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                               

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тавууд овогт Энхбатын Дашнямыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сумын дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дашнямд яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих бичих эрхтэй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Дашнямд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХБАЯР