Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

7,515,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганбаяр, иргэдийн төлөөлөгч О.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч миний бие 2017 оны 8 сарын 21-ний өглөө 5 цаг 30 минутын үед Хьюндай Старекс маркийн 0548 УНП улсын дугаартай, Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг Медика Монголиа ХХК-ийн өмчлөлийн түргэн тусламжийн автомашиныг жолоодон үүрэг гүйцэтгэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн 4 замын уулзварыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэн Нарантуулаас Сансарын тунел дээш өгсөх үед зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтрэн замын хөдөлгөөнд оролцож байсан. Гэтэл хариуцагчийн өмчлөлийн Тоёота Приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явсан Гомбосүрэнгийн Шинэбаяр нь Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чигт шууд чиглэлтэй уулзвар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон улаан гэрлээр хурдтайгаар уулзварт орж ирэн улмаар түргэний тэргийг мөргөн их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед түргэний тэрэгт их эмч Д.Тунгалаг, сувилагч З.Уранчимэг нар албан ажлаа гүйцэтгэн сууж явсан ба уг ослын улмаас тэдний болон миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан. Замын цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс энэ ослын дагуу Зөрчлийн хэрэг нээж шалгаад Г.Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх заалт “Хориглосон дохиогоор жолооч Зогс шугам тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” гэснийг зөрчсөнөөс Хьюндай Старекс маркийн 0548 УНП дугаарын Б.Б жолоочтой автомашиныг мөргөж жолооч Б.Б, зорчигч Д.Тунгалаг, З.Уранчимэг нарын биед хөнгөн гэмтэл, бусдад 12,244,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гээд Б групп ХХК-ийн өмчлөлд байдаг Тоёота Приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай суудлын автомашины жолооч Г.Шинэбаярыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Хариуцагчийн жолооч Г.Шинэбаяр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч 2017 оны 9 сарын 9-ний өдөр торгуулиа төлсөн. Харин Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн №08165565/2518 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар түргэний тэргэнд нийт 6,228,000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон. Уг ослын улмаас манай эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд ихээхэн хохирол учирч, эмнэлгийн үйлчилгээ хэвийн ажил явагдах боломжгүй, удааширч саатсан тул миний бие аргагүй эрхэнд Худалдаа хөгжлийн банкнаас 2017 оны 9 сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай авч, нийт 7,515,702 төгрөг болгон буцаан төлөх нөхцөлтэйгөөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, тус мөнгөөрөө түргэний машиныг яаралтай засуулж, байгууллагаа хохиролгүй болгосон. Г.Шинэбаярын жолоодож явсан Тоёота Приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай суудлын автомашин нь хариуцагчийн өмчлөлд байдаг болохыг уг машины №01411793 дугаартай техникийн гэрчилгээ нотолж байна. Иргэний хуулийн “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” гэсэн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтад “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан . Иймд энэ гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү нэхэмжлэлийн үнэ “Авто машин техникийн үнэлгээний №08165565 дугаар тайланд “Хьюндай Старекс маркийн 0548 УНП дугаарын автомашинд 6,228,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх дүгнэлтийн дагуу өөрийн нэр дээр цалингийн зээл авч, уг засварыг хийлгэсэн тул өөрт зайлшгүй орох байсан орлогоор тооцон 7,515,702 төгрөг, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжаар тодорхойлогдоно.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Иргэн Цэнд-Аюуш овогтой Намжилдорж нь Б ХХК-тай 2017 оны 5 сарын 18-ны өдөр 2072 тоот Барьцаат зээлийн гэрээ /фидуци/ байгуулсан. Зээлийг хүүгийн хамтаар 2017 оны 10 сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулснаар талуудын гэрээгээр харилцан хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйл “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г үндэслэн Ц.Намжилдоржийн өмчлөлийн 1202 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Б ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Дээрх зээлийн гэрээний “Гэрээний хариуцлага” хэсгийн 4.4-т заахдаа барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших ашиглах явцад гуравдагч этгээдэд хохирол учруулсан бол хохирлыг зээлдэгч дангаар хариуцна гэж зааж өгсөн байхаас гадна гэрээний хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж энэ хэсэгт зээлдэгч Ц.Намжилдорж тусгайлан гарын үсэг зурсан байна. Түүнтэй байгуулсан фидуцийн гэрээний 1.6-т гэрээний хугацаанд барьцаа болох автомашины эзэмшил, ашиглалтыг барьцаалуулагчид үлдээнэ гэж заасан учраас тээврийн хэрэгсэл нь зээлдэгч Ц.Намжилдоржийн эзэмшил, ашиглалтад зээл олгосон өдрөөс буюу 2017 оны 5 сарын 18-ны өдрөөс хойш байсан байна. Мөн гэрээний 4.4-т: барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байхдаа бусдад хохирол учруулсан бол уг хохирлыг барьцаалуулагч дангаар хариуцна гэж зааж өгсөн байдаг. Зээлдэгч Ц.Намжилдорж нь фидуцийн гэрээний 3.2.4-т заасан барьцаа хөрөнгийн эзэмшил, өмчлөх эрхийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчиж, барьцаа хөрөнгө болох тухайн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд буюу Г.Шинэбаяр гэгчид шилжүүлж, улмаар тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд нь зам тээврийн осол гаргаж, бусдад хохирол учруулсан байна. Зээлдэгч Ц.Намжилдорж нь фидуцийн гэрээгээр зээлээ төлж барагдуулаагүй болон зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалсан автомашиныг Б ХХК-д захиран зарцуулах эрх олгогдох байсан. Үүнээс өөр эрх эдлэхгүй, үүрэг хүлээхгүй, Г.Шинэбаярын буруутай үйлдлээс бусдад учруулсан гэм хорыг Б ХХК хариуцах үндэслэлгүй юм. Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлэхэд чиглэсэн хэлцэл биш юм. Фидуцийн гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах хөшүүрэг, арга болохын хувьд эд хөрөнгийн өмчлөх эрх нь гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгчид шилждэг. Б ХХК нь тус иргэний хэрэгт хариуцагч болохгүй байх гол үндэслэл нь 1202 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл нь байгууллагын мэдэл, эзэмшилд байгаагүй, Ц.Намжилдорж гэх зээлдэгч иргэний эзэмшил, ашиглалтад гэрээ хийгдсэн өдрөөс эхлэн шилжин ашиглагдаж байсан, уг тээврийн хэрэгсэл барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготойгоор барьцаалсан барьцааны зүйл бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл буюу барьцааны зүйлийг тус байгууллага Ц.Намжилдорж гэх хүнд шилжүүлсэн, Б ХХК-ийн эзэмшил ашиглалтад байгаагүй, хэн нэгэн этгээд бидний зөвшөөрөлтэйгөөр унаж ашиглаж, жолоодож яваад тээврийн осол гаргаагүй, өөрөөр хэлбэл жолооч дээрх зам тээврийн осол хэргийг гаргахдаа манай байгууллагын хяналтаас гадуур буюу зээлдэгч Ц.Намжилдоржийн эзэмшилд ашиглагдаж байсан тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд жолоодож яваад зам тээврийн ослыг гаргасан байгаа явдал юм. Иймд тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэм хор учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцах этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч Г.Шинэбаяр, түүнчлэн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байсан, барьцаалагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгч явуулсан эзэмшигч, ашиглагч болох иргэн Ц.Намжилдорж нар хариуцахаар байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйл. “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” 499.1 “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан ба тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авч, эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч этгээд нөхөн төлөх үүрэгтэйг зааж өгсөн байна. Тухайн тээврийн хэрэгслийг Б ХХК эзэмшиж, ашиглаж байгаагүй, зээлдэгч Ц.Намжилдорж эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч нь юм. Мөн 499.3 “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан нь Б ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаад хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүй авч яваад бусдад гэм хор учруулсан бол барьцаалагч байгууллага өөрийн буруугаас автомашиныг хэн нэгэнд ашиглах боломж олгосон байсан бол Б ХХК нь дээрх гэм хорыг хариуцах тухай асуудал яригдах байсан бол уг автомашиныг зээлийг эргэн төлж дуустал хугацаанд зээлдэгч Ц.Намжилдоржийн эзэмшил, ашиглалтад гэрээний дээр дурдсан заалтуудаар үүрэг болгож, өөрт нь хариуцуулан өгсөн байна. Өөрөөр хэлбэл хуулийн 499.3 дахь заалтад байх өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг Б ХХК нь хэн нэгэнд олгоогүй юм. Зээлдэгч Ц.Намжилдорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдад автомашиныг жолоодох, ашиглах тэр боломжийг олгосон нь харагдаж байна. Ц.Намжилдорж нь зээлийн гэрээгээр хүлээсэн барьцааны зүйлийг бусдад шилжүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс болж дээрх гэм хор учирсан байна. Мөн уг гэм хорын хохирол нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн жолоочийн үйлдлээс шууд шалтгаалсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б групп ББСБ ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол, уг хохирлыг арилгаж тээврийн хэрэгслийг яаралтай засварлах үүднээс авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулсан зардал нийт 7,515,702 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн ажил олгогчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгсэл байсан тул тээврийн хэрэгслийг засварлаж, эмнэлгийн ажил үйлчилгээг хэвийн явуулах боломжоор хангах үүднээс өөрөө цалингийн зээл авч засварлуулсан, ажил олгогчийн зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй болохыг нь зөвшөөрсөн тул зам тээврийн осол гаргасан буруутай жолоочийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэр нь бичигдсэн Б групп ББСБ ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч нь Б групп ББСБ ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрийг Б ХХК болгон өөрчилсөн, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-36 тал/-г шинээр авсан бөгөөд зам тээврийн осол гаргасан буруутай жолоочийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Ц.Намжилдорж гэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан ба Ц.Намжилдорж нь Б ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс фидуцийн гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн байсан, Б ХХК нь уг тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн 4 замын уулзварт 2017 оны 8 сарын 21-ний өдрийн 05.25 цагт  Тоёота приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хьюндай Старекс маркийн 0548 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол хэрэг гарсан, Тоёота приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Шинэбаяр, Хьюндай Старекс маркийн 0548 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Б нар жолоодож явсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал нэртэй баримт /хх-17 тал/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дахь заалтад “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Б ХХК гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, Хьюндай Старекс маркийн 0548 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Медика Монголиа ХХК нь гэм хорын хохирлыг Б.Б нэхэмжлэн авах эрхтэй болохыг шүүхэд тодорхойлсон /хх-4 тал/ тул нэхэмжлэгч гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь Медика Монголиа ХХК-д тээврийн хэрэгслийг засварлахад шаардлагатай зардлыг өөрөө төлсөн гэж тайлбарласан мөн нэхэмжлэлийн шаардлагад тээврийн хэрэгслийг засварлахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг олохын тулд авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр багтсан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтад “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу үүрэг бүхий этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ.

Тоёота приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2016 оны 11 сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Цэнд-Аюушын Намжилдорж, 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Б ХХК бүртгэлтэй байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-48 тал/-гаар тогтоогдож байна.

Зам тээврийн осол гарах үед буюу 2017 оны 8 сарын 21-ний өдрийн байдлаар Тоёота приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б ХХК болон Ц.Намжилдорж нарын хооронд 2017 оны 5 сарын 18-ны өдөр байгуулагдсан МУ-2072 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-43,44 тал/-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс байгуулагдсан Барьцааны гэрээ буюу фидуцийн гэрээ /хх-45 тал/-ний дагуу мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцсон байсан байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дахь заалтад “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, уг гэрээний дагуу үүссэн харилцаа нь үүрэг гүйцэтгүүлэгч шилжүүлэн авсан эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг бус харин үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэх хүртэлх хугацаанд эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаартайгаар шилжүүлэн авах эрхийг олж авдаг, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болдог онцлог бүхий гэрээний харилцаа юм.

Б ХХК нь зээлдэгч Ц.Намжилдорж нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж тайлбарласан ба 2017 оны 10 сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Намжилдорж нь Б ХХК-д тээврийн хэрэгслийг Д.Бямбад 3,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тухайгаа мэдэгдэж тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжүүлэх хүсэлт /хх-47 тал/-ийг гаргасан, улмаар уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрх 2017 оны 10 сарын 19-ний өдөр Н.Мөнхсайханы нэр дээр шилжсэн болох нь Авто тээрийн үндэсний төвийн лавлагаа /хх-48 тал/-гаар тогтоогдож байх тул Б ХХК болон Ц.Намжилдорж нарын хооронд үүссэн фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

Зам тээврийн осол гаргасан жолооч Г.Шинэбаярын жолоодон явсан Тоёота приус маркийн 1202 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол гарах үед Б ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч Б ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 449.4 дэх хэсэгт заасан эзэмшигчийн нэгэн адил тээврийн хэрэгслийг захиран зарцуулах, ашиглах эрхтэй, эрх бүхий эзэмшигч болон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн  496.1 дахь заалтад заасан үүргээсээ чөлөөлөгдсөн үүрэг бүхий этгээд биш гэж тус тус үзнэ.

Иймд Б ХХК буюу хуучнаар Б групп ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Б групп ББСБ ХХК нь Б ХХК гэж нэрээ өөрчилсөн гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан, нэхэмжлэгч уг үйл баримтын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б групп ББСБ ХХК /хуучнаар/-аас 7,515,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 сарын 8-ны өдөр урьдчилан төлсөн 135,201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР

                                                 ШҮҮГЧ                                              Т.ГАНЧИМЭГ

                                                 ШҮҮГЧ                                              С.ЭНХБАЯР