| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/00293/И |
| Дугаар | 181/ШШ2017/02977 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2017/02977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................ оршин суух, ...... овогт Л /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..........................................айрлах, НШШГГ/хуучнаарНШГА/-т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: НШГАнаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03928 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу 50.130.000 төгрөг гаргуулж Ш.Цогтод олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр НШГА нь миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205057283 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот 44.95 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан. Миний бие НШГАнд тус байрыг 195.000.000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа өгсөн юм. Гэтэл Б ХХК-г томилж, хөрөнгийг 83.703.620 төгрөгөөр үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177.1-т заасны дагуу 70 хувиар тооцож 58.592.534 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдэгдэх хуудсыг 2017оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3\472 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болно. НШГА нь миний өмчлөлийн орон сууцыг зэх зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Гэтэл НШГА миний байрыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж байгаа явдалд гомдолтой байна. Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205057283 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг 83.703.620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээ бага гэдэг нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хийсэн тайлангаар тогтоогдож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу 50.130.000 төгрөг гаргуулж Ш.Цогтод олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.Л, Б.Мөнх-Эрдэнэ нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 83 дугаар байр 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177 1-д зааснаар үнийн санал авахад Б.Л, Б.Мэ нар барьцаа хөрөнгийг 195.00.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлгээ тогтоолгоход 83.703.620 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/472 тоот албан мэдэгдлээр мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 83 дугаар байр, 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлэгдсэн үнэ 83.703.620 төгрөгийн 70 хувь буюу 58.703.620 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй байна. Анхны албадан дуудлага худалдаа шүүхээс түдгэлзүүлсэн захирамж ирэхээс өмнө явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Л нь НШШГГ/хуучнаар: НШГА/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар шийдвэрээр Б.Л, Б.Мөнх-Эрдэнэ нараас 50.130.000 төгрөг гаргуулж, Ш.Цогт олгохоор шийдвэрлэжээ. /хх 19/
Тус алба 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэж, улмаар барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205057283 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 83 дугаар байрны 20 тоотод байрлах 44,95 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16/595 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16/648 дугаар тогтоолоор хураажээ. /хх 18, 20-24/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч Б.Лгээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийг 195.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 37.2.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 230 дугаар тогтоолоор Б ХХК-г шинжээчээр томилсон байна. Дээр дурдсан ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна. /хх 25-28/
Шинжээч хөрөнгийг 83.703.620 төгрөгөөр үнэлснийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/473 дугаар мэдэгдлээр хүргүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрийн хаягаар очиж мэдэгдэн, энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөгч Б.Л гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-35/
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцанд үнэлгээг хийлгэхээр “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-г томилж, шинжээч хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 91.050.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 63-70/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б ХХК хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тооцож хөрөнгийг 83.703.620 төгрөгөөр үнэлсэн байх ба цаг хугацааны хувьд өөр хугацаанд хийгдсэн дээрх хоёр үнэлгээг шууд харьцуулан адилтгах боломжгүйгээс гадна уг үнэлгээнүүд хоорондоо хэт зөрүүтэй гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүйгээс гадна дээрх хүсэлтийг хуульд заасан дэг, журмын дагуу хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт, зохигчдод шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш тул хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар НШШГГ /НШГА/-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Лгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2017/01772 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ