| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/03127/И |
| Дугаар | 181/ШШ2017/02976 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2017/02976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................................н суух, .... овогт Б /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......................................... байрлах, С.Е. б. 35 . холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор нийт 2.239.640 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г., Г.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Б нь Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуульд 2007 оноос 2014 оныг дуустал тасралтгүй 7 жил нарийн бичиг, лаборантаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ зохих түвшинд гүйцэтгэн ажиллаж байсан. Гэтэл тус сургуулийн захирал Д.О.н 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/98 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлсөн юм. Дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4311 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхйн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1121 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 874 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч 35 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 1.007.830 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн юм. Миний бие тус сургуульд 410.610 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд шүүхээс 2015 оны 6 сарын 15-ны өдрөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалин гаргаж шийдвэрлэсэн. Уг мөнгийг 2015 онд хүлээн авсан нь үнэн.
Шүүхийн шийдвэр гарсны дараа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сургуулийн захиралтай уулзахад намайг авахгүй гэсэн. Улмаар би ажилгүй удсан тул 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуульд няраваар ажилд орсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 06 сарын 15-ны өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэлх буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 4 сарын 14 хоногийн олговорт нийт 1.829.030 төгрөгийн гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн надад 2015 онд ээлжийн амралтын мөнгө олгогдоогүй, ажиллаж байсан бол олгох ёстой тул 2015 оны ээлжийн амралтын олговор 410.610 төгрөгийг нэмж, нийт 2.239.640 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Шүүхийн шийдвэрээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй ч бичилт хийгээгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.
2016 оны 4 дүгээр сард миний охин хүндээр өвдөж улмаар 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Мөн тэр үед би жирэмсэн байгаад 2016 оны 11 дүгээр сард амаржиж нялх хүүхэдтэй гарч хөөцөлдөж чадахгүй байсаар шүүхэд сая нэхэмжлэл гаргасан болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсны дараа ажилдаа эргэж ороогүй, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, өөр байгууллагад ажил хөдөлмөр эрхлэх болсон. Түүнд өмнөх шийдвэрийн дагуу олговрыг 2015 оны 9 дүгээр сарын 22-нд буюу хяналтын шатны шүүх хуралдаан болохоос өмнө өгсөн. Нэхэмжлэгч 2015 онд ажил хөдөлмөр эрхлээгүй тул ээлжийн амралтын олговор олгох үндэслэлгүй. Мөн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлөх асуудлыг өмнөх шүүхийн шийдвэрээр шийдсэн. Хариуцагч байгууллага шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч өөрөө сайн дурын даатгалаар төлсөн байсан тул давхар бичилт хийж болохгүй байгаа. Нэхэмжлэгч өөр байгууллагад ажиллах болсноор тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Нэхэмжлэгчид хүнд гачигдал тохиолдож 2016 оны 8 дугаар сар дуустал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзсэн ч үүнээс хойш дахин 1 жил өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Амаржсан талаарх баримтгүйгээс гадна амаржсан явдал шүүхэд гомдлоо гаргах боломжгүй нөхцөл гэж үзэх үндэсгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Б нь Сүхбаатарын дүүргийн ЕБд холбогдуулан ажилгүй байсан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 1.829.030 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын олговор 410.610 төгрөг, нийт 2.239.640 төгрөг гаргуулах, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4311 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1121 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 874 дүгээр тогтоолоор, нэхэмжлэгч Т.Бг Сүхбаатар дүүргийн ЕБд лаборантын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.007.830 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. /хх-7-17/
Мөн дээрх шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргийг хүлээх ба шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцан арилгах юм.
Хариуцагч шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилоогүй ч нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өөр байгууллагад ажиллах болсон нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар дараагийн ажил хөдөлмөр эрхлэх хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговрыг тус тус шаардах эрхтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч шаардах эрхтэй ч тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хэсэгт зааснаар эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 9 дүгээр сард олговрыг олгосон гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч үүнд маргаагүйгээс гадна тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөр байгууллагад ажил, хөдөлмөр эрхлэх болсноос эхлэн хариуцагч байгууллагаас өмнөх ажилгүй байсан хугацааны олговор, амралтын олговрыг гаргуулахаар шаардах эрх үүсэхээр байна.
Нэхэмжлэгч төрсөн охин нь 2016 оны 4 дүгээр сараас хүндээр өвдөж 2016 оны 8 дугаар сарын 24-нд нас барсан, 2016 оны 11 дүгээр сард өөрөө амаржиж нялх хүүхэдтэйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй гэж тайлбарлан шүүх хуралдааны үеэр хүүхдийн нас барсны гэрчилгээг эх хувиар шинжлэн судлуулж, хариуцагч үүнд маргаагүй байна. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар гэнэтийн шинжтэй онцгой нөхцлийн улмаас шүүхэд гомдлоо гаргаж чадаагүй гэж үзэн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар энэ хүртэл хугацааг түр зогссон гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч амаржсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ч түүний нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 10 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөс үзвэл тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан жирэмсний болон амаржсны 120 хоног хүндэтгэх шалтгаантай байсан хугацаа 2017 оны 2 дугаар сард дуусч байна. Мөн өдрөөс хугацааг дахин тоолбол хуульд заасан гурван сарын хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 22-нд гаргасан байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Сүхбаатарын дүүргийн 35 дугаар дунд сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 2.239.640 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.940 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ