| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/05803/И |
| Дугаар | 181/ШШ2017/02959 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2017/02959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .........................................тоотод оршин суух, ........ овогт Д /Регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................................байрлах, Ни. /хуучнаар: НШ-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч., гуравдагч этгээд Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М.р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Ж.Дийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 77-ын 1 дүгээр байрны 58 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад байрыг албадан үнэлүүлж, зах зээлийн үнээс хэт доогуур буюу 65.262.600 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны 5/179 тоот тогтоол нь үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хувь хүний өмчийг үнэгүйдүүлснийг зах зээлийн бодит үнэлгээгээр дахин үнэлүүлж, үнийн саналыг зөвшөөрөхгүй тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар шүүгчийн захирамжаар Жанцангийн Доос 90.607.950 төгрөгийг гаргуулж Д.Рт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205023482 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө гудамж 77-1 дүгээр байр 58 тоот орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 11-нд хураасан. Албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч Ж.Д 300.000.000 төгрөгөөр, хамтран өмчлөгчөөс мөн адил 300.000.000 төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Итгэлт эстимэйт” ХХК-г томилсон. Шинжээч хөрөнгийг 97.518.000 төгрөгөөр үнэлсэнийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/14498 дугаар мэдэгдлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа, журмын дагуу явуулсан байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс гомдол гаргаж байгаагүй. Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаа, журмын дагуу гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй, улмаар өмгөөлөгч нь оролцохгүй гэдгээ утсаар мэдэгдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл төлбөрөө авч чадаагүй, цаг хугацаагаар асар их хохирч байна. Удаа дараагийн хуралд нэхэмжлэгч талаас ирэхгүй байгаа тул хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Ж.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хуучнаар: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Доос 90.000.000 төгрөгийг гаргуулж Д.Рт олгохоор, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 77-1 байр 58 тоот 2 өрөө орон сууцыг төлбөрийг төлж дуусгахаар барьцаанаас чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож, шийдвэрлэжээ. /хх-18,19/
Тус алба 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр төлөгчийн эзэмшилд бүртгэлтэй хөрөнгө бий эсэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг холбогдох газруудад явуулжээ.
Эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/2-84 тогтоолоор Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол 77/1 байрны 58 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хураах тогтоолоор хураан авсан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хураах, битүүмжлэх ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх 167-168, 173-174/
Хэрэгт авагдсан баримтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023482 дугаарт бүртгэлтэй, дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Ж.Д, Д.Батнасан, Д.Нандин-Эрдэнэ, Ш.Уранчимэг нарын өмчлөлийн хөрөнгө байсныг Д.Рт 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу хөрөнгө Б.Энхтуяагийн өмчлөлд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шилжиж бүртгэгджээ. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө талууд хөрөнгийг төлбөр авагч Д.Рын эхнэр Б.Энхтуяагийн өмчлөлд шилжүүлсэн ч уг хөрөнгө Ж.Дийнх мөн гэсэн үндэслэлээр уг хөрөнгөд ажиллагааг явуулах тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасныг хариуцагч байгууллага хүлээн авч уг хөрөнгийг хураах, битүүмжлэх ажиллагааг явуулсныг шүүх буруутгах боломжгүй байна гэж үзлээ. /хх 148, 150-153, 164-166, 171-172/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч Ж.Д 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 300.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ирүүлж, харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 37.2.2-т зааснаар хөрөнгийг үнэлүүлэхээр 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХК-г шинжээчээр томилсон байна.
Шинжээч хөрөнгийг 97.518.000 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/14498 дугаар мэдэгдлээр хүргүүлснийг Д.Батнасан гэж түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн хүлээн авч гарын үсгээ зурсан байхаас гадна мөн өдрөө баталгаат шуудангаар нэхэмжлэгчийн гэрийн хаягаар явуулсан байна. /хх 189,190-191/
Улмаар үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дууудлага худалдаанд тус тус оруулсан байна.
Нэхэмжлэгч үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур гэж маргах боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцанд үнэлгээг хийлгэхээр “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-г томилж, шинжээч хөрөнгийг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 100.320.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 129-135/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Итгэлт эстимэйт” ХХК хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тооцож үнэлгээг гаргасан байх тул хоёр өөр цаг хугацаанд хийгдсэн дээрх хоёр үнэлгээг харьцуулан адилтгах боломжгүйгээс гадна уг үнэлгээнүүд хоорондоо зөрүүтэй гэх байдал тогтоогдоогүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан байх ба нэхэмжлэгч үнэлгээг 2016 оны 4 дүгээр сарын 20-нд мэдсэн ч гомдлоо 2016 оны 5 дугаар сарын 10-нд гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдаанд өөрөө оролцож байсан, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн биечлэн оролцох хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулж байсан байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт гарснаас хойш шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн ч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг тус тус хангаж 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн товлон зарлагдсан хуралдааныг хойшлуулжээ. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Мөн хавтаст хэргийн 80-91 дэх талд авагдсан баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд байх тул үнэлээгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2016/00204 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ