Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0357/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О-,

Шүүгдэгч Б.Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Т-д холбогдох эрүүгийн 1718001670133 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* Б-ийн Д.Т-,1981 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Дархан-Уул аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Д.Т- нь 2017 оны 8 дугаар эхэн үеэс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******багийн нутаг “*******" гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 1 719 225 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д.Т- нь 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн нутаг “*******" гэх газраас нийт 2547 м2 талбайд ухалт хийн экологи-эдийн засагт 1 719 225 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Б.Д.Т-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

           

            ...2017 оны 7  дугаар сард Шарын гол сумын *******багийн *******гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг “*****” ХХК-ний захирал Г- гэдэг хүнтэй уулзаад танай уурхайн ашиглаад хаясан эпилээс чинь угааж үзэж болох уу гэж асуусан. Тэгэхэд Г- захирал манай эпилээс угаагаад үзэхгүй юу жоохон юм гарч магадгүй гэж хэлээд эпил угаах талаар зөвшөөрсөн. Би Г-ийн хаягдал эпилийг угаах гэхэд ойр орчим ус олдохгүй байсан. Би өөрийн эцэг Б-ээр “******” ХХК-ний захирал Б- гэдэг хүнтэй уулзаад танай нуурын эрэг дээр усан буу тавьж байгаад эпил угааж болох уу гэж асуулгасан. Тэгэхэд захирал Б- манай нууран дээр эпил зөөгөөд угааж болно. Би гарсан эпил гаалийг чинь ковш гаргаад түрээд өгчихөж болно гэж хэлээд зөвшөөрсөн. Би танил Г-тай уулзаад эпил угаах зөвшөөрөл авсан чамд техник хэрэгсэл олдох уу гэж асуусан. Тэгэхэд Г- 2017 оны 8 дугаар сарын эхээр 1 экскаватор, нэг ширхэг усан буу олж ирсэн. Тэгээд 8-р сарын сүүлээр “******” ХХК-ний нуурын эрэг дээр усан буугаа суурьлуулаад хүний ачааны хово маркийн тээврийн хэрэгсэл түрээсээр ажиллуулахаар болсон. Тэгэхэд Г-ын бие өвдөөд Улаанбаатар хот руу явахаар болсон. Би Г-тай ярилцаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 09-р сарын 10-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаатай 9 000 000 төгрөгөөр түрээсийн гэрээ хийгээд техник хэрэгслийг авч үлдсэн. Г- Улаанбаатар хот руу гэрлүүгээ явсан. Би одоо Г-т түрээсийн 9 000 000 төгрөгийн өртэй. Би эпил угаагаад ашиг олсон зүйл байхгүй. Би нуурын хажууд эпил угааж байхад хажууд гар аргаар ашигт малтмал ухдаг хүмүүс ирээд нуурын хажуу талын газрыг хулганы нүх шиг шүрүүп ухаад орсон байсан. Тэр хүмүүс газраа ухаад өг гээд байхаар нь нэг өдөр ухаж газрыг нээж өгсөн. Би тэр газрыг буцаагаад булна гэж байсан боловч нэг экскаватор нь эвдрээд байхаар нь тэр чигт нь орхисон. Намайг эпил угааж байхад ****** гэж хүн ганц хоёр удаа ирсэн. Би түүнэс ямар учиртай хүн бэ гэхэд Г- Улаанбаатар хот руу явахдаа техник хэрэгслээ надад захиж үлдээсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Ц.Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

            ...Би Шарын гол сумын тамгийн газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 21 дэх жилдээ ажиллаж байна. Би 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Г-оор ахлуулсан ажлын хэсэг Шарын гол суманд ирээд хамтарч шалгалтаар ажилласан. Тухайн шалгалт хийж байх хугацаанд Шарын гол сумын *******гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан “******” ХХК-ний лицензтэй ашиглаад нөхөн сэргээлт хийсэн газар дээр Д.Т- нь эпил угаасан байсан. Тухайн үед Дархан-Уул аймгийн байгаль орчны аялал жуулчлалын газрын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Д.Д.Б- хамт явж байсан Шарын гол сумын ******* гэх газарт нийт 1.719.225 төгрөгний хохирол учирсан. Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулсан байгаа. Тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байгаа гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би дээрх газарт Б-ийн Д.Т- гэж залуутай хамтарч ****** ХХК-ийн захирал Б- гэж хүний 10 дугаар блок дээр байрлалтай нууран дээр эпил угаах гэж хамтарч ажилласан юм. Б.Д.Т-ийн хувьд эпил, эпил угаах газраа зохицуулсан харин миний хувьд техник тоног төхөөрөмж гаргасан юм. Үйл ажиллагаа 2017 оны 8 дугаар сард эхэлсэн яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Ингээд дээрх газарт эпил угаасан боловч Д.Т- бид хоёр гарсан зардлаа нөхөж чадахгүй байсан. Тэгээд Д.Т- бид хоёр хамтарч ажиллахаа болъё зам мөрөө хөөе гээд больсон гэх мэдүүлэг /хх 66/,

 

Гэрч Ш.******ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Миний сонссоноор Г-, Д.Т- гэж 2 хүн хамтраад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* гол гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан ****** ХХК-ны 10 дугаар блок дээр байрлалтай нуурны хажуу талд овоолсон эпил /угаагаад гаргасан шороо/-г дахин угааж олборлолт явуулъя гэж ярилцаад Г- миний танихгүй нэг хүнээс техник түрээслээд дээрх газарт эпил угаасан. Г- гэж хүн миний найз байгаа. Одоогоос 10 хоногийн өмнө Г-ын бие нь муудаад Улаанбаатар хот руу явсан. Тэрээр надад явахдаа Д.Т- намайг хоосон газар дээр авч ирээд шаатаачихлаа би хэд хоног эмнэлгээр явж байгаад ирье тэр болтол манай хэдийг хараад эргэж тойрч байгаарай гэж хэлсэн. Ингээд Г-, Д.Т- нарыг дээрх газарт үйл ажиллагаа явуулж байхад дээрх газрын хуучин эзэн ****** ХХК-ны захирил Б- гэж хүн ирээд “энэ миний газар гээд Г-, Д.Т- нарыг хөөсөн байдаг. Анх Д.Т- манай найз Г-тай хамтарч ажиллахаасаа өмнө энэ газар дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах хүсэлт өгчихсөн байгаа гээд Г-ыг хамтарч ажиллъя гээд Түшинтөгс, Г- хоёр хамтарсан гэж байсан. Тэгээд Б- гэж хүн гарч ирээд Д.Т-, Г- хоёрыг газраасаа хөөгөөд байхаар нь Г- Д.Т-т хандаж чамд энэ газрын ямар ч бичиг баримт байхгүй юм байна чамтай хамтарч ажиллахаа болилоо гэсэн. Тэгээд Г- бид хоёр ****** ХХК-ний захирал Б-той очиж уулзахад Б- Г- бид хоёрт тухайн газар миний газар байгаа юм гээд ах нь энэ газраа буцааж авах гээд 3 шатны шүүхээр яваад шүүхийн шийдвэр манай талд шийдэгдээд гарчихсан байна гээд шүүхийн шийдвэрээ үзүүлж байсан юм гэх мэдүүлэг /хх 69/,

 

Байгаль орчин аялал жуулчлалын газрын газар, газрын хэвлий, түүний баялагийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Д.Б-ийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан дүгнэлт:

 

“Үзлэгээр хууль бусаар олборлолт явуулах зорилгоор хөрс хуулалт хийсэн нь тогтоогдсон. Тухайн үед авсан фото зургаар баримтжуулан, газар дээр нь СР5-р /газар зүйн байршил тогтоогч/ хийсэн хэмжилтийн дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тогтоов. Талбайн хэмжээ 2547м2, гүний хэмжээ 1.5м, нийт 2547м2 * 1.5м = 3820м3 шороог угаахаар завдсан байлаа.

 

 

ХХК-1;

Газрын хэвлийн экологи эдийн засгийн унэлгээ:

 

3820м3 *450 төгрөг = 1.719.225төгрөг

 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* гэх газарт иргэн Г-, т- нар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алт олборлохыг завдан ухалт хийсэн нийт 2547 м2 талбайд газрын хэвлийд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцоход байгаль орчинд учруулсан шууд хохирол нь нийт 1 719 225 төгрөг байна.” гэжээ. /хх 40/,

Хэргийн  газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 61-70/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 74-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулж экологи-эдийн засагт 1 719 225 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Д.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

            3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 5.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ