Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2407

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02616 дугаар шийдвэртэй, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ҮТ” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 300 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 24 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж Зингер, Овсюген экпресс, Тедагард нэрийн 86 400 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгаалалтын бодисыг “ҮТ” ХХК-д худалдсан бөгөөд урьдчилгаа төлбөр 50 хувь буюу 43 200 000 тегрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа болоход худалдан авагч тал ургамал хамгаалалтын бодисын үнээс 2 900 000 төгрөг төлж үлдэгдэл 40 200 000 төгрөгийг төлөөгүй, төлөхийг удаа дараа шаардсаар байхад бодитой үйлдэл хийгээгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Иймд худалдах худалдан авах гэрээний төлбөр 40 200 000 төгрөг, гэрээний 4.1.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэний алданги 20 100 000 төгрөг, нийт 60 300 000 төгрөгийг “ҮТ” XXК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр 40 200 000 төгрөг гэрээний 4.1.6-д заасны дагуу алданги 20 100 000 төгрөг, нийт 60 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Манай компани нэхэмжлэгч компанитай 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 24 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж Зингер, Овсюген эксресс, Тедагард нэрийн 86 400 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгаалалтын бодисыг худалдан авсан. Гэрээгээр тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 43 200 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлж, гэрээний хугацаанд 2 900 000 төгрөгийг мөн төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 40 200 000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Учир нь санхүүгийн байдал сүүлийн жилүүдэд тогтворгүй болж, чадваргүй байгаагаас одоог хүртэл төлж барагдуулаагүй. Гэрээний дагуу төлбөрийг төлөх боловч график гаргаж барагдуулах саналтай байна.

Харин хугацаа хэтрүүлсэний алданги 20 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад 24 тоот гэрээнд ургамал хамгааллын бодис Овсюген экпрессын хэмжээг 750, нийт үнийг 43 500 000 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд хавсаргасан зарлагын баримтанд Овсюген экпрессын хэмжээг 650, нийт үнийг 37 750 000 төгрөг гэж бичигдсэнээс үзэхэд гэрээндээ 750 кг-ыг шилжүүлэхээр биччихээд, баримт үйлдэж шилжүүлэхдээ 650 кг-ыг шилжүүлсэн тул зарлагын баримтаар шилжүүлсэн үнийн дүнгээр тооцож төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг төлөх нь зүйтэйг шүүх харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ҮТ” ХХК-иас 51 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459 450 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “ҮТ” ХХК-иас 416 700 төгрөгийг гаргуулж “Ш” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 43 200 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлж, гэрээний хугацаанд 2 900 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин хугацаа хэтрүүлсний алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар шүүх хуралдаанд нотлох баримтын хүрээнд тайлбарласан боловч шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Учир нь тус компани газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны хавар, тариалалт хийх зорилгоор Хаан банкнаас 700 000 000 төгрөг зээлснээс, одоо үлдэгдэл 549 289 268 төгрөг байна. Мөн татварын өр нийт 28 276 756 төгрөгийн төлбөртэй байгаа.

2017 оны хавар Дорнод аймгийн Халх гол суманд 2150 га талбайд тариалалт хийсэн боловч ган болон намар оройн усархаг борооноос шалтгаалан 100 хувь ургац алдсан. Энэ нь компанийн гол ашиг орлого олох, өр зээлээ дарах боломж байсан. Энэхүү тариалалтыг хийхээр “Ш” ХХК-иас ургамал хамгаалалтын бодисыг худалдан авсан. Компанийн 2017 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан балансаар орлого олоогүй, өр зээлтэй нь тодорхой харагдана. Ийм нөхцөл байдлын улмаас компанийн санхүүгийн байдал сүүлийн жилүүдэд тогтворгүй, чадваргүй болж эдийн засгийн чадавхи доройтсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардсан анхын хэмжээ хэт их байвал анзын хэмжээг багасгуулахаар шүүхэд хандах эрхтэй. Манай компани үндсэн төлбөр 34 500 000 төгрөгийг төлж барагдуулах тул алданги 17 250 000 төгрөгийг төлөх боломжгүй байгаагаа шүүхэд илэрхийлсэн. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Өөрөөр хэлбэл, алдангийн хэр хэмжээ нь үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд хүрэлцэхүйц нөлөөлөх эсэх нь чухал байтал гэрээний үндсэн гүйцэтгэл дээр алданги тооцож байгаа нь санхүү, эдийн засгийн байдал доройтсон байдлыг шүүх харгалзаж үзээгүйг харуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд алдангийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Ш” ХХК нь хариуцагч “Үйзэнтал” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 200 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 20 100 000 төгрөг, нийт 60 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “ҮТ” ХХК-д ургамал хамгаалах зориулалт бүхий “Тедагард” /1000 кг-ыг 39 000 000 төгрөг/, “Зингер” /15 кг-ыг 3 900 000 төгрөг/, “Овсюген эксресс” /750 кг-ыг 43 500 000 төгрөг/ гэх нийт 86 400 000 төгрөгийн бодисыг  худалдах, худалдан авагч тал үнийн 50 хувь буюу 43 200 000 төгрөгийг тухайн өдөр төлөх, үлдэх төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 5/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлон дүгнэжээ.

 

Хариуцагч гэрээнд зааснаар худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн урьдчилгаа төлбөр 43 200 000 төгрөг, гэрээт хугацааны дотор 2 900 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, үлдэгдэл төлбөрийг төлөөлгүй талаар маргаагүй боловч нэхэмжлэгч тал “Овсюген эксресс” бодсыг гэрээнд зааснаар 750 кг хэмжээтэй байхаар тохиролцсоноос зарлагын баримтаар 650 кг-ыг нийлүүлсэн байна. /хх 6/

 

Дээрх нэрийн бодисыг нийлүүлсэн хэмжээгээр тооцож, үлдэгдэл төлбөрийн үнэ 37 700 000 төгрөг байх талаар шүүх хэргийн баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийж, гэрээний нийт үнийг 80 600 000 төгрөг, үлдэгдэл төлбөр буюу үүргийн гүйцэтгэлд шаардах үнийн дүнг 34 500 000 төгрөг гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Хариуцагч “ҮТ” ХХК-ийн хувьд алдангийг гаргуулахдаа шүүх тус компанийн санхүүгийн чадвар, хэргийн бодит нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй гэж давж заалдах гомдол гаргах боловч түүний тайлбарт дурдаж буй өмнөх өр төлбөр, тайлан блансад тусгагдсан байгааг үндэслэн гэрээний үүргийг чөлөөлөх боломжгүй юм. Түүнчлэн байгалийн гамшиг, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал тухайн компанийн санхүүгийн чадварт нөлөөлөл үзүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүх хариуцагчаас төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь талуудын байгуулсан гэрээний 4-ийн Б, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж, гүйцэтгээгүй үүргийн үнэ 34 500 000 төгрөгт 0.5 хувийн алданги тооцож 17 250 000 төгрөг, нийт 51 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр алдангийг үүрэг гүйцэтгэгчийн эдийн засгийн байдлыг харгалзалгүй тооцож буруу шийдвэр гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 244 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА