| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1814005420280 |
| Дугаар | 2019/ДШМ/006 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2019/ДШМ/006
А.Эод холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа
Шүүгдэгч А.Э
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЗ/972 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр А.Эод холбогдох эрүүгийн 1814005420280 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Тангад овогт А.Э, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 оны 9 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- д зааснаар 1 жилийн хугацаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,
А.Э нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-37 тоот дахь иргэн Г.Гын гэрээс LG-K4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЗ /972 тоот захирамжид: Шүүгдэгч А.Э нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Найман худаг гэх газарт байх иргэн Ш.Мөнх-эрдэний эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 278500 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгтээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 245 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Эын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-37 тоотод оршин суух Г.Гын гэрээс LG-K4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэх үйлдэл нь түүнд холбогдох 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Найман худаг гэх газарт байх иргэн Ш.Мөнх-эрдэний эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийг шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 245 дугаар шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулагдаагүй, эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд дээрх хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шүүгдэгч А.Эод холбогдох эрүүгийн 1814005420280 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай гэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.Үүнд:
1. Шүүхээс яллагдагч А.Э нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 278500 төгрөгийн хохирол учруулж гэмт хэрэгт Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. Гэвч А.Э нь уг шийтгэх тогтоол гарахын өмнө 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бусдын эзэмшлийн LG-K4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно “ гэж хуульчилсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шийтгэх тогтоол илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэгтгэх талаар 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулаагүй, эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна. Шүүгдэгч А.Э нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх бөгөөд дээрх хэргийг нэгтгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч А.Э нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэг нь шийтгэх тогтоол гарснаас хойш илэрч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шийтгэх тогтоол илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэгтгэх талаар 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулаагүй, эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 972 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор В.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-37 тоот дахь иргэн Г.Гын гэрээс LG-K4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт болсон болох нь эрүүгийн 1814005420280 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Нансал, гэрч Г.Г, Н.Ганбаатар, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Энх нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлж 278.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээс өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г.Гын эзэмшлийн LG-К4 маркийн гар утсыг хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь илэрч Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн, шүүгдэгч А.Э нь өмнө нь нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь зүйтэй гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуулийн үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 972 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн прокурор В.Дэлгэрмаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЗ /972 тоот захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 32 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ