Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/0504

 

МР ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, Ц.О, хариуцагч Р.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор МР ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Ц, О.Цнарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Ц, О.Цнарын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МР ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ Тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл худалдах, худалдан авах гэрээ-гээр ИР ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 1.905.000.0 мянган төгрөгөөр шилжүүлэн авсан боловч татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд нь 381.000.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 114.300.0 мянган төгрөгийн торгууль, 66.793.1 мянган төгрөгийн алданги, бүгд 562.093.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 577 шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч МР ХХК-ийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Ц, О.Цнарын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэг. Шүүх материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

МР ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу зохих албан татвар буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд тодорхойлсон биет бус хөрөнгө борлуулсны орлого хэмээн үзэж 10 хувиар тооцон татвараа төлсөн.

Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан борлуулсны орлогын албан татвар гэж тусгайлан хуульчлаагүйгээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд эрх-ийг биш, анхдагч материал, тайлан зэрэг мэдээлэл-ийг худалдах замаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр зохицуулжээ. Энэ тохиолдолд шууд эрх борлуулсны орлогын албан татвар гэж үзэх боломжгүй ба харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан биет бус хөрөнгө борлуулсны орлого гэж бид үзсэн ба мөн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 5-д Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ хэмээн шууд тогтоосныг, мөн Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх зааврын 2 дугаар бүлэгт заасан биет бус хөрөнгийн ангиллыг тус тус үндэслэсэн болно.

Ийнхүү хууль тогтоомжид биет бус хөрөнгөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хамаарна гэснийг анхан шатны шүүх дүгнээгүй, тодорхой бус зохицуулалтаар буюу таамаглал төдийгөөр эрх борлуулсны орлого гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэргийг худалдан авахад зохих албан татвар төлөгдөөгүй эсвэл дутуу төлөгдсөн байсан бол энэхүү хайгуулын тусгай зөвшөөрөл МР ХХК-ийн нэр дээр шилжиж ирэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн дагуу татвараа төлсөн байхад торгууль, алданги ногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Бид шүүх хуралдааныг үед Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан үйлдэл, эс үйлдэл хийгээгүй гэж тайлбарласан боловч шүүх үүнд хууль зүйн дүгнэлт хийлгүй торгууль, алдангийг хэвээр үлдээн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдсэн.

Хоёр. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нарын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан ч шийдвэрт бидний үндэслэлийн талаар бараг дурдаагүй, түүнтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь туйлын ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгч зөвхөн хариуцагч талын гаргасан тайлбар болон үндэслэлийг илт хамгаалсан байдалтай байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч МР ХХК-аас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Ц, О.Цнарын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актаар тогтоосон төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасан үүргийн дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Нэг. МР ХХК 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ИР ХХК-тай Тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумын нутаг дахь 3448.42 гектар талбай бүхий 8159Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн мэдээллийг 1.905.000.0 мянган төгрөгөөр худалдах, талбайн мэдээллийг худалдсантай холбогдуулан болон хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлэх үүрийг хүлээсэн, уг үүргийнхээ дагуу мөн өдрөө Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулсныг үндэслэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг худалдан авагч талд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан /Хх-65-74/ баримтаар тогтоогджээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг, 4.1.17 /хайгуулын талбай гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэлэхээр зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл нь үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт бичиг бөгөөд хайгуулын талбайн мэдээлэл нь тэрхүү тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал эрэх, хайх эрхийнхээ хүрээнд явуулсан үйл ажиллагааны үр дүн байна.

 

Тиймээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл нь ашигт малтмал эрэх, хайх эрх буюу тусгай зөвшөөрөлтэй салшгүй холбоотой бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүйгээр худалдан авсан тохиолдолд тухайн мэдээллийг үндэслэн тодорхой үйл ажиллагаа, тухайлбал ашигт малтмал эрэх, хайх, олборлох боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл нь дангаараа Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломж олгохгүй тул уг мэдээллийг хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээс тусад нь авч үзэхээргүй байна.

 

Энэхүү салгаж үл болох эрх гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 /Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно/-т зааснаас мөн харагдаж байна.

 

Дүгнэн үзвэл тусгай зөвшөөрлийн талбайн мэдээлэл худалдсан үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 /Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна/-д заасан эрх борлуулсан гэдэгт хамаарахаар байна.

 

Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Биет бус хөрөнгө борлуулсны орлогод мөн хуулийн 4.1.4-т заасан эдийн бус хөрөнгийг өмчлөх эрхээ бусдад хуульд заасан хэлбэрээр төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулахаар, 13 дугаар зүйлийн 13.2.5-д Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг байгуулахад Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/-ийн талаар заасан нь хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдсаны орлогыг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан биет бус хөрөнгө борлуулсны орлогод хамааруулах үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 /Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д /биет бус хөрөнгө гэж биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг/ дэх заалтуудаас үзвэл эзэмшигч этгээддээ ашигт малтмал эрэх, хайх эрхийг олгож байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан биет бус хөрөнгө гэдэгт хамаарах нь тодорхой байна.

 

Эндээс харвал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд албан татвар төлөгчид татвар ногдуулах үйл ажиллагааны орлогыг тодорхойлохдоо 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан биет бус хөрөнгийг ялгавартай байдлаар авч үзэж, 8 дугаар зүйлийн 8.2-т эрх борлуулсны орлогыг, 8.3-д биет бус хөрөнгө борлуулсны орлогыг тодорхойлж, улмаар 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсны орлогод ногдох татварын хувь хэмжээг бусад биет бус хөрөнгөөс ялгавартай байдлаар тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

 

Энэ асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хоёр. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 /суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг/-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан борлуулсны орлого олсон МР ХХК нь албан татвар суутгагч болох бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу эрх худалдан борлуулсан МР ХХК нь суутгагчийн үүргээ биелүүлж холбогдох татварыг суутган төсөвт төлөх үүрэгтэй.

 

Харин Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл. Татварын улсын байцаагчийн бүрэн эрх, 29 дүгээр зүйлийн 29.1.5 /татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх/-д татварын улсын байцаагчид зөвхөн татварыг суутган нөхөн төлүүлэх эрх олгосон байтал суутгагчийн үүргээ биелүүлээгүй МР ХХК-д татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэн торгууль болон алданги ногдуулсан нь буруу байна.

 

Тодруулбал, хуулийн дээрх заалтуудаас харвал татварыг суутган авч төсөвт төлөөгүй татварыг нөхөн төлүүлснээр татварын байцаагчийн эрх хязгаарлагдах бөгөөд татвар суутгагчийн үүргээ биелүүлээгүй МР ХХК-д татвар төлөгчид хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрт татварын улсын байцаагчийн тогтоосон төлбөрөөс торгууль, алдангийг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 577 шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Ц, О.Ц нарын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6762 дугаар актаар ногдуулсан төлбөрийг торгуулийн 114,300.0, алдангийн 66,793.1, нийт 181,093.1 мянган төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР