Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 258

 

                                                                         Э.Ө-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,  прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/14 дүгээр шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалтай Э.Ө-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Э.Ө-ын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Ш овогт Э.Ө-д нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлснийг Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 7 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэсэн ба одоо уг ялаа эдэлж байгаа,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/14 дүгээр шүүгчийн захирамжаар: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Ө-ыг цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас чөлөөлж, оногдуулсан хорих ялд хууль буцаан хэрэглэхээс татгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ө-ын эдлээгүй үлдсэн 2 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалаар: ...Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/14 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Э.Ө гаргасан гомдолдоо:  “...Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус хорих анги дээр хуулийн тэгшитгэлтэй холбогдуулан явуулсан шүүх хуралдаанаар миний эдэлж буй ялыг шинэ Эрүүгийн хуулийн 21.12.1-д заасантай дүйцэж байна гэж үзсэн хирнээ тус зүйлд сонгох санкц байгааг анхаарч хуучин хуулиар ял шийтгэгдсэн миний ялыг торгох ялаар солих боломж байгааг анхаарсангүй гэж үзэж байна... Хуучин хуулийн 251.1-д сонгох ял байгаагүй ба одоогийн хуулиар гэм буруутай этгээдэд ял оногдуулахад 21.12.1-д заасан ялуудаас сонгох санкц орж ирсэн нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж харамсаж суугаа... алдаагаа давтахгүй зөв ажиллаж амьдрах боломж олгосон энэрэнгүй хууль болсон гэж бодож хүлээж байсан. Гэтэл шүүх ял эдэлж суугаа надад дээрх хуулийн зүйл заалтад шинээр орж ирсэн сонгож хэрэглэх боломжтой торгуулийн ялыг надад хэрэглэх боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна. Ялтанд хуулийг аль ашигтай байдлаар хэрэглэнэ гэж хуулиндаа заасан байтал надад хэрэглээгүйд гомдолтой байгаа тул миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Оролцсон прокуророос: Шүүгчийн захирамж, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ялтан Э.Ө-ыг гэм буруутайд  тооцож, ял шийтгэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн (Эрүү шүүлт тулгах) 251.1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг заагаагүй боловч үүнийг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна” гэж зааснаар ойлгон хэрэглэх ба мөн зүйл, хэсэгт хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн (Эрүү шүүлт тулгах) 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 1 жил, дээд хэмжээг 5 жилээр тогтоон хуульчилснаар энэхүү төрлийн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ өөрчлөгдөөгүй байна.

Харин хууль тогтоогч шинэ Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өмнөх Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан байсан “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах” нэмэгдэл ялыг хүчингүй болгосноос гадна уг зүйл, хэсэгт байгаагүй, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн торгох ялыг (таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг) шинээр нэмжээ.

Анхан шатны шүүх шинэ Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн ялтан Э.Ө-д оногдуулсан цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялаас чөлөөлж, үндсэн ял болох 3 жил 4 сарын хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэлгүй гэж дүгнэж, хууль буцаан хэрэглэхээс татгалзсан шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байх бөгөөд энэхүү дүгнэлт, шийдлийг хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/14 дүгээр шүүгчийн захирамж, мөн  аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Э.Ө-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН