Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/228

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0239/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Т.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Т.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718000560019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Тоосгоны үйлдвэрт ажилладаг, ... аймаг, .... сум, ...  дугаар баг, ... гудамж, ... тоотод оршин суух хаягтай, одоогоор ... аймаг, ... сум, ... хороолол ... гудамжны ... тоотод оршин суух Б.Б гэрт түр амьдарч байгаа гэх, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Т.Б /РД.../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ... аймаг, ... сум, ... дугаар баг, Хүнсний үйлдвэрийн зүүн талын задгай хашаанаас иргэн О.М БНХАУ-д үйлдвэрлэсэн ... маркын мотоциклийг нууцаар хулгайлж, 1,100,000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ... аймаг, ... сум, ... дугаар баг, Хүнсний үйлдвэрийн зүүн талын задгай хашаанаас иргэн О.М БНХАУ-д үйлдвэрлэсэн ... маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М ах надад бирж орох ажил байна гэж хэлээд бид хоёр салсан. Би бирж дээгүүр явж байгаад нэг найзтайгаа таараад бид хоёр нэг шил архи хувааж уусан. Би аргалын гарам дээр байгаа найз Б утсаар ярихад намайг хүрээд ир гэхээр нь би очиж чадахгүй гэж хэлсэн. Ингээд Д ахын гэр рүү явж байгаад Д ахтай таараад хашаан дотор чинь мотоцикл байна уу? гэж асуухад Д ах хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд хашаанд нь ороод мотоциклийг нь асааж чадахгүй байсан болохоор түрээд хашаанаас гаргаад зам руу явсан.  Тэгээд би найз Г мотоцикль асаагаад өгөөч гэж гуйхад манай гэрийн хашаанд аваад ир үзээд өгий гэж хэлсэн. Тэгээд зам дагаад мотоциклийг түрээд явж байгаад портер машинд гар өргөсөн. Портер машин зогсоод хаа хүрэх гэж байгаа юм бэ? гэж асуухад нь деревен явж байна гэж хэлсэн. Миний мотоцикль асахгүй байна. Та тэвшин дээрээ тавиад жоохон дөхүүлээд өгөөч гэхэд тэг тэг гэж хэлсэн. Ингээд би деревенд Г найзынхаа хашаанд буулгасан. Найз Г мотоциклийг үзэж байгаад асаагаад өгсөн. Би мотоциклийг унаад аргалын гарам руу Б гэрт нь очоод тасраад унтаад өгсөн. Ингээд маргааш нь чи мотоцикл авсан юм уу, цагдаа нар хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд би удалгүй цагдаад баригдсан. Маш их гэмшиж байна” гэх гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21/,

 

Гэрч У.Г “...Би гэртээ очиход Б нэг улаан өнгийн мотоциклтой манай гэрийн гадаа байсан. Тэгээд би түүнээс “мотоциклийн эзэн нь хаана байгаа юм бэ?” гэж асуухад надад “эзэн нь архи уугаад тасраад уначихсан байгаа” гэж хэлсэн. ... Би энэ мотоциклийн утсыг нь холбоод асаана, мөн би хөдөө Хонгор явлаа” гэж хэлээд мотоциклоо манай гэрийн гаднаас асаагаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Капитал зууч ХХК-ийн “...маркийн мотоциклийн зах зээлийн үнэ 1,100,000 төгрөг” гэх 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37/,

 

Гэрч О.М “Би мотоцикл тавьсан газраа очоод мотоциклийнхоо мөрийг харсан чинь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хажуу талын хар зам хүртэл түрээд мөр нь алга болсон байсан.  Миний мотоциклийн ард сууж явж байсан залуу надад өөрийгөө О гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б нь “мотоциклыг эзнийх нь зөвшөөрөлгүй авч яваад буцаагаад авчраад өгнө гэсэн бодолтой байсан” гэх боловч тухайн өдөр эргүүлэн авчирч өгөлгүй, цагдаад баригдсаны дараа мотоциклыг хаана байгааг зааж өгсөн, түлхүүргүйгээр асаах боломжгүй байхад машин дээр ачин аваачиж бусдаар асаалгасан зэргээс шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоциклийг О.М хүлээлгэн өгсөн /хх-ийн 21/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

 

 

 

 

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Т.Б бусдын эд хөрөнгийг нууцаар,  хууль бусаар авч, бага бус хэмжээний хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Т.Б 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт  зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтэх байгууллагад даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1. Шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бат-Отгод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД