Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/02924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Б.................................тоотод оршин суух ....... овогт  Б /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ...................................  байрлах “С” ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох,

Хохиролд 900.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э. иргэдийн төлөөлөгч Я.У.г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.

                                                                                                    

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч П.Б 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр unegui.mn сайтаас гар утас зарна гэх зарын дагуу Сийн 96209194 гэх дугаар бүхий утастай үл таних нөхрөөс 900.000 төгрөгөөр Эс-7 загварын гар утас худалдан авч хэрэглэж байтал 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж уг худалдан авсан утас нь хулгайд алдагдсан тухай надад мэдэгдэж, гэрчээр байцаасан. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх гар утсыг хураан авч, хохирогч Ц.Энхтуулд хүлээлгэн өгсөн болно. Миний бие хохирлоо барагдуулахын тулд хулгайн утас худалдсан үл таних хүнийг олж, хохирол барагдуулах хүсэлт гаргасан боловч Сийн 96209194 тоот дугаар нь тус компанид эзэмшигчийн ямар нэгэн бүртгэлгүй болохыг олж мэдлээ. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 749 тоот тогтоолоор хөнгөн хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж уг асуудлаар Цагдаагийн байгууллагын зүгээс хэрэг шалгах ажиллагааг дуусгавар болгосон.  Нэхэмжлэгч П.Б би “С” ХХК буюу түүний эрх бүхий албан хаагч эзэмшигчийн бүртгэлгүй дугаар олгосон улмаас өөрийн мөнгөн хөрөнгөөрөө хохирсон. Өөрөөр хэлбэл 96209194 тоот дугаар нь эзэмшигчийн бүртгэлтэй байсан бол энэхүү бусдын гар утас хулгайлсан хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, миний бие хохирлоо түүнээс бүрэн барагдуулах боломжтой байсан. Ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нэгэнт эцэслэн дуусгавар болж хулгайн хэрэг үйлдсэн үл таних этгээдийг эрэн хайх ажиллагаа дуусгавар болсон тул энэ хэрэг гарч бусдад гэмт хэргийн замаар хөрөнгөжих боломж олгосон С” ХХК-иас 900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зарын дагуу уулзаад өөрийн банкны данснаас мөнгө авч бэлнээр өгсөн. Иргэд хооронд ийнхүү худалдаа хийхэд заавал бичгийн гэрээ шаардлагагүйгээс гадна нэг хоёр хоногийг алдаж хэлсэн гээд баримтыг үгүйсгэх боломжгүй гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан  тайлбартаа: П.Б нь гар утас худалдан авахдаа хэн болох нь тодорхойгүй этгээдээс хулгайн гэмт хэргийн замаар олж авсан зүйлийг өөрийн хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас авсан. Мөн гар утас худалдсан хүнийхээ овог, нэрийг тодруулах, бичиг баримтыг нь шалгах, гэрээ хэлцэл байгуулах, мөнгө өгсөн, авсан баримт үйлдэх зэргээр үүсч болох эрсдлээс сэргийлж болох байсан боловч тийм үйлдэл хийгээгүй байна. Нөгөө талаас П.Б нь хулгайн гар утсыг үл таних нөхрөөс авсан, түүнд хариу төлбөр болгон 900.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ үйлдлийг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй байна.  Тэрээр нэхэмжлэлдээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр худалдан авсан гэх боловч хэрэгт авагдсан “Үнэгүй групп”ХХК-иас ирүүлсэн хариунд зарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн дараа тавьсан байна.  Мөн хохирогч Ц.Энхтуулын гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч Б.Олзбаяр нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16.1, 21.1, 28.2.11 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй буюу гар утас хулгайлсан этгээдийг олж тогтоогоогүй байна. Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гарсан боловч түүнийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага олж тогтоож чадалгүй хугацаа алдаж улмаар хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Дээр дурдсан “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг нь гэмт хэрэг гарсныг үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү байцаан шийтгэх ажиллагаа явуулж болох хугацаа дууссан гэсэн ойлголт юм. Энэхүү маргаанд нэхэмжлэгч П.Б болон Үл таних этгээдийн хооронд үүссэн гар утас худалдах, худалдан авах асуудалд “С” ХХК-ийг ямар ч холбогдолгүй. Хулгайн гар утас худалдан авсны хариу төлбөр болгон үл таних этгээдэд төлсөн гэх 900.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 96209194 дугаарын хувьд энэ нь урьдчилсан төлбөрт дугаар тул компанийн зүгээс бүртгэх үүргийг Харилцаа холбооны тухай хуулиар хүлээдэггүй. Харин дараа төлбөрт хэрэглэгчдийн бүртгэлийг хөтөлдөг. Нөгөөтэйгүүр худалдаанд байгаа урьдчилсан төлбөрт дугаар бүрийг бүртгэх боломж хязгаарлагдмал, иргэд шууд цэнэглэх байдлаар ашиглаад явдаг.  “С” ХХК нь уг хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч П.Б “С” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банк дах данснаас 18.15 цагийн орчим хоёр удаагийн үйлдлээр нийт 900.100 төгрөг бэлнээр авсан,  unegui.mn  сайтад 96209194 гэсэн дугаараас Самсунг Эс 7 эджи маркийн гар утас зарах тухай зарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 45.117.32.6 ай-пи /IP/ хаягнаас оруулсан болохыг “Үнэгүй групп” ХХК-иас тодорхойлсон, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс уг гар утсыг хураан авч, хууль ёсны эзэмшигч Ц.Энхтуулд хүлээлгэн өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн этгээд тогтоогдоогүй ч хөнгөн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 сар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл үүссэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх 4, 9-10/

Уг эрүүгийн хэргийг шалгах явцад “С” ХХК-иас дээрх утасны аймей кодоор шалгахад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 96209194 дугаар бүртгэгдсэн, дээрх 96209194 дугаарын эзэмшигчийн мэдэээлэл бүртгэлгүй гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 28, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч байгууллага утасны дугаар эзэмшигчийг бүртгэх үүргээ хэрэгжүүлсэн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох боломжтой байсан гэж тайлбарлан эд хөрөнгөд учирсан хохирол 900.000 төгрөгийг гаргуулахаар шаардав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заажээ. 

Нэхэмжлэгч эрхийн доголдолтой хөрөнгийг худалдан авч улмаар түүнд 900.000 төгрөгний хохирол учирсан байх боловч хариуцагч байгууллагын гар утас эзэмшигчийг бүртгээгүй үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Түүнчлэн эрхийн доголдолтой гар утас худалдан авсан нэхэмжлэгчийн өөрийн үйлдэлд хариуцагч гэм буруугүй байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагчаас хохирол шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “С” ХХК-иас эд хөрөнгөд учирсан хохиролд 900.000 төгрөг гаргуулах тухай П.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ

                       

ШҮҮГЧ                                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ

                                                                                   

Б.УУГАНБАЯР