Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Ганчимэг ,

Шүүгдэгч: П.Энхсайхан түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000800335 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Рашааныхан овогт Пүрэвийн Энхсайхан, / Регистрийн дугаар /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Энхсайхан нь хуульд түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Хаш шоо” барилгын материалын дэлгүүрийн хажуу талд баригдаж байсан 4 давхар барилгын 2 давхарт дотоод заслын ажил хийж байсан 53 настай эмэгтэй С.Даваахорол нь барилгын угсармал шатнаас унаж Аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч П.Энхсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....Хөх бүрдний эх ХХК-тай барилга бариулах гэрээ байгуулсан байсан. Мөн давхар 2019 оны 5 дугаар сард барилгын карказ хийдэг. Эрдэнэт хотын гаралтай. Ганхуягтай угсралт хийх гэрээ байгуулан барилгаа эхлүүлсэн тухайн байгуулсан гэрээгээ одоо танд гаргаж өгч байна. Надад албан ёсоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан бүртгэлийн дэвтэр байхгүй гэхдээ амаараа өдөр тутамдаа эхнэрийн хамт ажиллаж байгаа ажилчдад болгоомжтой ажиллаарай гэдгийг хэлж байсан миний зүгээс хамгаалалтын малгай каск аюулгүй бүс бээлий зэргийг авч өгч байсан. Ажилдаа гарахдаа үүнийгээ өмсөх талаар хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 123-124/

...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад албан ёсоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан бүртгэл дэвтэр байхгүй гэхдээ амаараа өдөр тутамдаа эхнэрийн хамт ажиллаж байгаа ажилчдад болгоомжтой ажиллаарай гэдгийг хэлж байсан, миний зүгээс хамгаалалтын малгай каск аюулгүй бүс бээлий зэргийг авч өгч байсан ажилдаа зарахдаа үүнийг өмсөх талаар хэлж байсан. Би өмсүүлж ажилд гаргаж байгаагүй өмсөх төлөөр хэлэхэд заримдаа өмсөөд халууцаад байна гээд тайлаад хясан байдаг байсан. Тухайн осол болдог өрөөний шалыг плита шалаар хийсэн байсан. Аймгийн Мэргэжилийн хяналтын байгууллагаас ирэхдээ ямар нэгэн бүртгэл хөдөлдөггүй надад байдаг барилгын ажлын улаан дэвтэр гэж ярьдаг зүйл дээр холбогдох хяналт шалгалт хийсэн талаараа бичээд явдаг. 2019 оны 05 дугаар сард барилын комисс хүлээж авахад надад байсан тэгээд хааш нь хийснээ хайгаад олохгүй байгаа комисст тухайн улаан дэвтэр үлдэггүй. Би барилын ажлын графикт дуусах хугацааг дуусахаар дахин сунгуулдаг эсэхийг мэдээгүй ерөнхийдөө барилгын ажил дуусах шатандаа цөөхөн хоногийн дотор заслын ажил үлдсэн болохоор л хийлгэж байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 222-223/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Энхсайхан мэдүүлэхдээ: Ярих зүйлгүй гэв.

3. Хохирогч Г.Ганболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 40 минутын үед миний төрсөн дүү Амгалан ээж шатнаас унаад эмнэлэг аваад явсан гэж надад хэлсэн. Тухайн үед манай дүү бид 2 Улаанбаатар хотод байсан манай дүүд талийгаачийн төрсөн эгч нь хэлсэн байсан. Тэгээд тэр оройны 22 цаг өнгөрч байхад дүүгийн хамт Улаанбаатараас гараад 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 07 цаг ирээд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ирсэн. Тэгэхэд манай ар гэрийн зүгээс хүсэлт гаргасны дагуу зохиомол амьсгалын аппаратад оруулсан байсан. Тэгээд уг аппаратыг 9 цаг өнгөрөөгөөд салгаж ажил явдлыг нь хийсэн. Миний зүгээс шинжээчийн дүгнэлттэй танилцсан хамт ажиллаж байсан хүмүүс гишгэж байсан шатнаасаа унасан гэдэг дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй байна. иймээс өндрөөс унасан тохиолдол дүгнэлтэд заагдсан гэмтлүүд үүсэх боломжтой эсэх талаар шинжээч эмчээс асуумаар байна. Талийгаачийн ажиллуулж байсан барилгын зээн Энхсайханаас 2019 оны 01 дүгээр сарын 14-ны орой эхнэртэйгээ ирээд. буяны ажилд зарцуулаарай гээд 1.500.000 төгрөг, мөн цалин гээд 1 сая төгрөг бидэнд авч ирж өгсөн. Талийгаач нь өөрийн ажлаа хийж яваад амь насаараа хохирсонд гомдолтой, шинжээчийн дүгнэлтээр биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэсэн боловч олон удаагийн, нэг удаагийн хүчин зүйлээр үүссэн эсэхийг тодруулж асуулгах хүсэлтэй байна. Мөн баримтаар талийгаачийн оршуулгын зардал 9 сая гаран төгрөг зарцуулагдсан түүнийг ажиллуулж байсан хүмүүсээс нэхэмжилмээр байна баримтгүй цаана нь зан үйлийн шинжтэй мөнгө зарцуулсан байгаа гомдолтой байна... Миний хувьд бол өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй гомдол санал байхгүй миний зүгээс талийгаачийн оршуулгын зардал буюу хохирол П.Энхсайханаас нийт 17 сая төгрөгийг гаргуулан авсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29-35/

4. Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас эхлүүлсэн тэгээд өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн үед бид хоёр таазны имүс хийж байсан тэгэхэд 3 шат буюу япон шат зэрэгцүүлсэн байсан 2 ширхэг шатыг талийгаач зэрэгцүүлээд байрлуулсан 1 шатыг хөндлөнгөөр нь нөгөөг үлдсэн 1 шатан дээр нь имүс хийх гээд шатаа урагш нь татаад ахиулаад гарах гээд байж байтал талийгаачийн зогсож байсан 1 шатных нь тавцан таг гээд дуугарсан тэгтэл газар шалан дээр ойчсон тэгээд би яваад очиход нүд нь ерөөсөө цавчихгүй сонин дуугараад байсан тэгээд би дээш 3 давхар луу гүйгээд Уранбилэгийг дуудсан тэгээд орж ирээд 103 дуудсан талийгаач унахад чихнээс нь их бүлэгнэсэн суусан тэгээд 103 нээх удаагүй ирсэн иртэл нь талийгаачийг өндийлгөөд түшсэн байсан тэгээд 103 ирээд аваад явсан. Адьяагийн зүгээс амаараа шатан дээр болгоомжтой ажиллаарай гэж өглөө болгон орж ирээд хэлж байдаг байсан. Зааварчилгааны дэвтэр дээр гэж барьж явдаггүй гарын үсэг зуруулдаггүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

5. Гэрч Б.Адъяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх иргэнээр явж байгаа ямар нэгэн компани нэр дээр баригдаагүй нөхөр бид хоёр банкнаас зээл авч бариулж байгаа. Ерөнхий угсралт буюу барих ажлыг барилга угсралтыг Эрдэнэт хотоос ирсэн компаниар бариулаад дотор заслын ажлыг өөрсдийн хариуцсан хувь засал хийдэг хүмүүстэй тохиролцоод хийлгэж байсан. Ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй амаараа ярилцан тохиролцон хийлгүүлж байгаа. Тийм хөтөлж бүртгэсэн дэвтэр гэж байхгүй хөтөлж гарын үсэг зуруулаагүй. Зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулж ажилд гаргахыг би мэддэг байсан өөрөө хажууд нь байж байдаг болохоор санаанд ороогүй гэхдээ би өглөө болгон болгоомжтой байгаарай шатнаас бууж, суухдаа эвтэйхэн явж байгаарай гэж хэлдэг байсан... гэх мэдүүлэг. / хх-ийн 42- 44/,

6. Гэрч Д.Уранбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 35 минутын үед 2 давхраас талийгаачтай хамт ажиллаж байсан Ганчимэг Даваахорол шатнаас унаад ухаан алдчихлаа гээд орилсон тэгэхээр нь би гүйгээд очтол талийгаач хажуугаараа ойчсон тархинаас нь нэлээн их цус гарсан байдалтай байсан. Энхсайхан, Адьяагийн зүгээс амаараа шатан дээр болгоомжтой ажиллаарай гээд өглөө болгон орж ирээд хэлдэг ээлжлээд бид нар дээр орж ирдэг байсан. Зааварчилгаа танилцууллаа шүү гэж хэлсэн зүйл байхгүй тийм зааварчилгааны дэвтэр гэж барьж явдаггүй гарын үсэг зуруулдаггүй байсан. Бид нар өөрсдөө багаж шатаа аливаа барилга дээр ажиллахдаа авч очдог талийгаач өөрийнхөө авч явдаг угсармал шатнаас унасан байсан талийгаачийн шатны тавцан нь өлхөн түгжээ байхгүй юм байн лээ тийм шатны ирмэг хэсэг дээр гишгээд нөгөө зэрэгцээ тал руугаа гарах гэж байгаад холбирон унасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

7. Гэрч П.Ариунаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан энэ өдрийн 19 цаг 20 минутад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиход шатнаас унасан гээд нэг эмэгтэй байсан хувцас нь барилгын шохой мэт зүйл болсон үс нь цус болоод цусандаа барьцалдсан, баруун чихнээс нь цус гарсан, толгойн баруун талын шанаа хэсгээр хавдартай үзэхэд ухаан санааны байдал бүдэг баруун гараараа ухамсарт үйлдэл хийнэ хүүхэн хараа өргөндүү хоёр талд жигд өргөн дүү эвэрлэг сормуусны рефлекстэй дагзны булчингийн хөшингөгүй, артерийн даралт 180/120 пүлс 60-тай хүчилтөрөгчийн хананд 94 хувьтай байсан тэгээд хүлээн авах хэсэгт өвдөлт намдаах, шингэн сэлбэг, өвдөлт намдах тархи дэмжих эмчилгээ хийж байх явцад өвчтөний биеийн байдал ирэх үеийнхээс дордож хурхирч амьсгалан доороо шээсэн, мэдрэлийн статус буурсан тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн тэгээд тархины рентген зургаар суурь ясны хугаралтай гэж гэмтлийн эмч уншсан. Намайг үзэхэд ямар нэгэн зүйл яриагүй. Ганц нэг үг хэлээгүй ухаан санааны байдал бүдэг өвдөлтийн хариу урвал үзүүлж байсан. Энэ нь талийгаач хөл гараа хөдөлгөх зэрэг хариу урвал үзүүлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/

8. Гэрч Б.Дүүрэнхундага мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед байх би Уранбилэг, Цогзолмаа нарын хамт 3 давхрын өрөнд засал хийгээд байж байтал 17 цаг өнгөрч байхад 3 давхрын шат өгсөөд талийгаачтай хамт ажиллаж байсан Ганаа талийгаачийг шатнаас уналаа гээд орилоод гараад ирсэн тэгээд бид нар 2 давхрын өрөө рүү буугаад очиход төмөр шатны дунд хэсэгт талийгаач баруун талаараа хэвтэж байсан тэгээд түргэн ирэхийн өмнө өөрөө унасан шалнаасаа өндийж суугаад би шатнаас эвгүй уначихлаа баруун талын мөр, толгой их өвдөж гэж хэлсэн тэр хооронд цусаа эргэж хараад эвгүйрхээд дахиад уначиж магадгүй гээд нэгнийгээ явуулж элч авчирч араар нь сэмхэн хийсэн тэгээд байж байтал Энхсайхан ирээд түргэн ирсэн. Тэгэхэд талийгаачийн баруун талын хулхинаас цус эхээр гоожиж байсан түргэн ирээд аналгина, демидрол хийгээд доороос нь насилка аваад ир гэсэн тэгээд машинд тээвэрлээд явсан. Талийгаач имүүстэй холилдсон имүүс асгарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

9. Гэрч Т.Норовренчин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Засгийн газрын 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгодог хугацааны хувьд тухайн иргэн аж ахуй нэгжийн гаргасан график төлөвлөгөөний дагуу холбогдох материал бүрдсэн тохиолдолд барилгын ажил эхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гэж нэг хуудас гардаг. Иргэн П.Энхсайханы зүгээс хүсэлт гаргаж сунгуулсан зүйл байхгүй, тухайн барилгыг баригдаж эхэлж байхад нь 2018 оны 2 удаа хяналт шалгалт хийсэн. 2019 оны 5 дугаар сард улсын комисс ажиллахад би өөрөө очиж ажилласан. Зөвшөөрлийн хугацааг дууссаныг манай зүгээс мэдээгүй байсан. Аймгийн хэмжээнд болон барилга баригдаж байгаа....гэх мэдүүлэг /ххийн 202-203/

10. Шинжээч эмч Б.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мохоо хүчин зүйл нь зөвхөн өөрийн гадаргуугаар гэмтэл учруулдаг бөгөөд хатуу болон зөөлөн байж болно эдийн анатомын бүтцийн эвдрэл нь мохоо эд зүйлийн үйлчлэлээр үүсдэг, мохоо зүйлийн механизм нь цохилт, доргилт, шахалт, сунгалт гэх мэт болно. Мохоо зүйл нь зөөлөн эд судас яс дотор эрхтнүүдэд гэмтэл учруулж болно. Энэ нь мөн гадаргуу дээр унах мөн мохоо хүчин зүйлийн төрөлд орно. Дээрх гэмтлүүд нь хатуу гадаргуу дээр унах нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно. Гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу хатуу гадаргуу дээр унах нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Учир нь талийгаачийн гавлын ясанд авсан гэмтэл нь баруун талдаа буюу баруун чамархай хэсэгт үүссэн ба зүүн чамархай хэсэгт үүссэн цус хуралт, эдийн няцрал нь хүч үйлчилсэн газрын эсрэг талд байгаа бөгөөд энэ нь хүчтэй доргилтоос тархи эсрэг талын гавлын ясанд цохигдож уг цус хуралт эдийн няцрал үүссэн байж болно. Хүн унахдаа биеийн янз бүрийн хэсгээр унаж болдог, унаж буй гадаргуун онцлогоос хамаарч янз бүрийн хугарал гэмтлүүд үүсэж болдог үүнээс үзэхэд уг хавирга, эгэм ясны хугарлууд үүсэж болно.. гэх мэдүүлэг /хх-ийн 86-88/

11. Шүүгдэгч П.Энхсайхан мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ....Би өчигдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад миний бариулж байгаа барилгын 2 давхрын заалны дотор заслыг хийж байсан Даваахорол Ганаа нарт өнхрүүлэг авч ирж байтал миний утас дуугарсан. Тэгтэл манайд ажилладаг Уранбилэг шатнаас Даваахорол унаад ухаан алдчихлаа хурдан ирээрэй гэсэн. Тэгээд яваад очтол имүс нь асгарсан цус шалан дээр гоожсон байдалтай цонхоо онгойлгоод агаар оруулаад ухаан орлоо гээд талийгаачийг өндийлгөөд суулгасан байсан. Тэгээд түргэн ирээд аваад явсан. Ямар нэг компани нэр баригдаж байгаа барилга биш миний нэр дээр баригдаж байгаа би банкнаас зээл авч бариулж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 38- 41/

......Би хөх бүрдний эх ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2018 оны 5 дугаар сард хийж барилга бариулж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сард худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын үед мөнгөний боломжгүй болоод Хөх бүрдний эх ХХК байгуулсан гэрээгээ цуцлахаар болсон ба тус компани сул зогсолтын алданги тооцно гэсэн. Мөн гэрээг цуцлах үед барилгын угсралтын ажил шаврын засвар дууссан байсан болохоор гэрээгээ цуцалсан тус барилгад үлдсэн ажил нь имүс, замаскийн ажил үлдсэн байсан болохоор хувь хүмүүс авч тохироод хийлгэхээр болж авч ажиллуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

12. Гэрч Ц.Бадмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .....Би Хөх бүрдний эх ХХК болон иргэн П.Энхсайхан гэх хүнийг танихгүй. Шинжээчээр оролцож дүгнэлт гаргахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /ххийн 65-66/,

13. Гэрч Н.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......2018 оны 4-5 дугаар сард иргэн П.Энхсайхантай ярилцаж түүний үйлчилгээний зориулалттай давхар барилгыг барихаар гэрээ хийж холбогдох зөвшөөрлийг аймаг орон нутгаас гаргуулан авсан. Улмаар манай ажил Улаанбаатар хотод барилгын ажил эхлээд тэр ажил амжаагүй тэгээд танай барилгын ажлыг гүйцэтгэхэд амжихгүй боллоо гэж амаар мэдэгдсэн тэгтэл П.Энхсайхантай надад тэгвэл өөр компани олж барилга эхлүүлэхээр болсон. Тэгээд нэг мэдэхэд нэг компаниар барилга бариулахаар болсон байсан. Сураг нь Эрдэнэт хотын компани гэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/

14. Гэрч Ч.Өлзийчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....... Би П.Энхсайхантай 2009 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа Энхсайхан нь “Есөн-Эрдэнэ” зэх дээр барилгын материалын худалдаа эрхэлдэг. Ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Архи, тамхи хэрэглэхгүй, төлөв даруу зантай найз нөхдөдөө тусархуу амьдралын төлөө зүтгэдэг хөдөлмөрч, томоотой, гэр бүлдээ их анхаарал халамж тавьдаг. Хүүхдүүдийнхээ сайн эцэг. Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 76- 77/

15. Гэрч Ч.Сайнбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .....Би П.Энхсайхантай 2003 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа Энхсайхан нь хувиараа бизнес эрхэлдэг би өөрөө мөн эрхэлдэг учир нэг нэгнийгээ сайн мэднэ. Уг хүн нь үг дуу цөөтэй даруухан элдэв янзын муу зуршил байхгүй зах зээлийн өнөөгийн нийгэмд ажил амьдарлаа авч яваа, аймаг орон нутагт ажлын байр гаргаад аймаг орон нутагтаа хэрэгцээт барилгын материалыг худалдаалдаг, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг залуу байгаа юм. Миний ажигласнаар ар гэрийн амьдралаа авч явах гээд цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүн а юм. Манайх Энхсайханыхтай гэр ойр байдаг тэр утгаараа зарим нэг зүйл дээр туслалцаа дэмжлэг гарахад өөрийн байгаа зүйлээрээ тусалж, дэмжлэг үзүүлдэг. Би өөрөө “Аз” хүүхдийн дэлгүүрийг ажиллуулдаг тэр утгаараа одоогийн баригдаж байгаа барилгын ажилчдаас нь гэртээ 2-3 удаа засвар үйлчилгээ хийлгэж байсан тэдгээр хүмүүс ч Энхсайханд ам сайтай цаг хугацаанд нь цалин хөлсөө өгдөг манайд ажил хийсэн хүмүүс ч сайн хийж өгсөн үүгээр нь чадварлаг барилгын бригад авсан байна гэж бодож байсан. Өнөөдрийг хүртэл олон жил нөхөрлөж харснаар Энхсайхан нь үйл сэтгэлээрээ тусалдаг ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй сургуулийн насны хүүхэдтэй тэд нартаа хайр халамжтай сайн аав юм. Энхсайхан нь барилгын материал, унадаг дугуйн худалдаа эрхэлдэг....гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн: 1. Талийгаач С.Даваахоролын биед гавлын ясны баруун чамархай хэсгээс 2 салаалж урагшаа суурь ясны баруун дунд хонхрын чулуулаг яс, арагш баруун дунд хонхор, уг хугарлын урд хэсгийн хугарал нь суурь ясны урд хонхрын дотор хэсэг хүрсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун талд дух, зулай хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн няцрал, зүүн зулайн хатуу хальсны доорх, баруун чамархайн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун талын 2,3,4,5,6-р хавирга, эгэм ясны хугарал, толгойн хуйхны гадаргуун чамархай, дагзны хэсгийн цус хуралт, чих, эгэм хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Талийгаач нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаач С.Даваахоролын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачид гавал, тархины хавсарсан хүнд гэмтэл учирсан ба энэ нь нас барахад шууд нөлөөлсөн болно. 5. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн ши промилл спиртийн агууламж илрээгүй. 6. Талийгаачийн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна. 7. Талийгаачийн тархины хатуу хальсны доор үүссэн цусан хураа нь харахад уг цусаа нь нас барахаас 12-18 цагийн өмнө боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 82-83/,

17. МХЕГ-ын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 031/24 дугаартай шинжээчийн: 1. Осолдогч С.Даваахорол болон түүнтэй хамт ажиллаж байсан ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” ММЗ 4969:2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 5.11.3 /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММ5 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй./ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн хүлээх уургийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д /Ажил олгогч нь ... аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж тодорхойлсон байна. 3. “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04”-ийн 7.4.27-д /... Тулаасан ба өлгөөсөн шатнууд нь ашиглалтын үед шилжих ба холбирохоос урьдчилан сэргийлэх тоноглолоор хангагдсан байвал зохино. ... (паркет г.м) толигор гадаргуу дээр тулах шат ашиглах үед гулсдаггүй материалаар ивүүр, дэр хийсэн байвал зохино./ “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04- 06”-ийн 13.11-д /Шавардлага ба хуурай шавардлага, дүүжин тааз хийх, төрөл бүрийн хавтанцраар өнгөлгөөний ажил гүйцэтгэхэд ажиллагсдын зогсох түвшин нь газрын гадаргаас дээш 1.3м-ээс өндөр болмогц шат, вандангийн гадна хүрээгээр 1м-ээс багагүй өндөртэй хашлага тоноглох ба ажилчдыг хамгаалах бүстэй ажиллуулна./ заалтыг зөрчин шатны болон шатан дээрээс ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй байна. 4. П.Энхсайхан нь өөрийн бариулж буй барилгын дотор заслын ажлыг хийлгэхээр осолдогч С.Даваахоролтой хийх ажил, ажлын хөлс мөнгийг амаар тохиролцон ажиллуулжээ. Иймд Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 4 дэх заалт /... Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно./ гэж заасны дагуу Р.Энхсайхан нь ажил олгогч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах эрх бүхий албан тушаалтан нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./-д заасны дагуу ажил олгогч байх бөгөөд тэрээр ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна....гэх дүгнэлт / хх-ийн 91-92 / болон хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 11-26 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлийн тэмдэглэл, хавтаст хэргийн 155-156 дугаар хуудсанд авагдсан тусгай зөвшөөрөл олгох асуудал, хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, хавтаст хэргийн 158-171 дүгээр хуудсанд авагдсан эрчимт эмчилгээний хяналтын хуудас, хавтаст хэргийн 172-174 дүгээр хуудсанд авагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд авагдсан барилга угсралт, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний “Хөх бүрдний-эх” ХХК-н тодорхойлолт, хавтаст хэргийн 179 дүгээр хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 182 дугаар хуудсанд авагдсан дунд боловсролын үнэмлэх, хавтаст хэргийн 187-188 дугаар хуудсанд авагдсан дурсамж, орлогын мэдүүлгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр 5 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч П.Энхсайхан нь амь хохирогчоор ажил үүргээ гүйцэтгүүлж байх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал тухай хууль, барилгын холбогдох норм дүрэм, стандартуудыг зөрчсөний улмаас хүний амь нас эрсэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч П.Энхсайханд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.

Тухайн зүйл ангид тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Хохирлын хувьд шүүгдэгчээс хохирлыг төлж барагдуулсан. Гомдол саналгүйгээ хохирогч илэрхийлсэн байгаа гэв. Шүүхээс шүүгдэгч П.Энхсайхан нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хаш шоо” барилгын материалын дэлгүүрийн хажууд өрийн хөрөнгөөр бариулж баригдаж байсан 4 давхар барилгын 2 давхарт дотоод заслын ажил хийж байсан 59 настай эмэгтэй С.Даваахорол нь барилгын шатнаас унаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр нас барсан буюу хүний амь насыг эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохироосон үйл баримт болсон нь хохирогч Г.Ганболд, гэрч Г.Ганчимэг, Б.Адъяа, Д.Уранбилэг, П.Ариунаа, Б.Дүүрэнхундага, Т.Норовренчин, Б.Баяртогтох, Ц.Бадмаа нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 12, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 031/24 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Энхсайханыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Энхсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч П.Энхсайхан нь уг барилгыг өөрийн хөрөнгөөр “Хөх бүрдний эх” ХХК-аар бариулж байгаад гэрээ цуцлагдсан үед хохирогч С.Даваахоролтой аман гэрээ байгуулж заслын ажлыг гүйцэтгүүлэхдээ хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зааварчилгааг ор нэр төдий амаар өгч байсан, мөн тулгуур шатны аюулгүй ажиллагааг шалгаж байгаагүй үйлдлийн улмаас хохирогч нь шатнаас унаж нас барсан нь шүүгдэгчийн гэмт эс үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч П.Энхсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийн анх удаа үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх үзлээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь хохирогчийн оршуулгын зардалд арван долоон сая төгрөг төлсөн талаар хохирогчийн өмгөөлөгч тайлбар дүгнэлт гаргасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар, хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв..

Шүүгдэгч П.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Энхсайхан нь урьд нь шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Рашааныхан овогт Пүрэвийн Энхсайханыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч Рашааныхан овогт Пүрэвийн Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил найман / 1 жил 08 сар / сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн шийдвэрт хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ялтан П.Энхсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзсэнийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан П.Энхсайхан нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Уг хэрэгт шүүгдэгч П.Энхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ