Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, 15 дугаар баг Мангиртын 10-р хэсэг 7-84 тоотод  оршин суух, Боржигон овогт Осоржангаагийн Н /регистрийн дугаар: ТЛ87082373/

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 5 дугаар баг Зүүнсайханы 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,  Шаргууд овогт Алтантуяагийн О /регистрийн дугаар: ГМ86082201/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н /онлайнаар/, нарийн бичгийн дарга Н.Одгариг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Алтантуяа овогтой Отэй 2007 онд танилцаж 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байдаг. 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүү Н.Төрболд нь төрсөн. Бид 2008 оноос 2011 онд хамт амьдарч байгаад 2011 оны 02 дугаар сард салж тусдаа амьдрах болсон. Алтантуяа овогтой О нь хүүг 2 нас хүрээд байхад гэр бүлээс гадуур харьцаатай болж, өөр хүнтэй суусан. Одоо бид тус тусдаа амьдарч байгаа. Эвлэрэх ямарч боломж байхгүй. Тэр хүн өөр хунтэй суусан, нэгэнт тус тусдаа амьдралтай болсон тул эргэж нийлэх боломжгүй. Алтантуяа овогтой О нь хүү болох Н.Төрболдыг миний асрамжиид өгнө гэж хэлж, зөвшөөрч байгаа. Иймд дээрх байдлыг минь үзэж гэрлэлтийг минь цуцалж, Н.Төрболдыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

       

Нэхэмжлэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Би энд гэр бүлтэй болсон. Мөн А.О бас тусдаа гэр бүлтэй болсон. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрөө асран хамгаалах хүсэлттэй байна. Хүүхдээ төрсөнөөс нь хойш хамт амьдарч байгаа. Дархан-Уул аймагт хамтдаа амьдарч байсан. Тэгээд би үүрэг гүйцэтгэж яваад ирэхэд А.О өөрөө Өмнөговь аймаг руу ажил хийнэ гээд хүүхдээ аваад явсан. Тэгээд би хүүхдээ өөрөө өсгөнө гэхэд хамаатныхаа хүнээр автобусанд суулган Улаанбаатар хот руу явуулсан байсан. Тэгэхэд нь би Дархан-Уул аймагт ажилтай байсан учир аавдаа хэлээд аав маань Улаанбаатар хотод тосч аваад Дархан-Уул аймаг руу авчруулсан тэрнээс хойш А.О нь хүүхэдтэйгээ нэг удаа уулзсан тийм учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Нтай 2007 онд танилцаж 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 02 дугаар сард салж тусдаа амьдрах болсон. О.Н нь хамт амьдрах хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаатай болж өөр хүнтэй суусан. Одоо бид тус тусдаа амьдарч байгаа тул эвлэрэх боломжгүй. Иймд гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох О.Нын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3397 дугаартай тодорхойлолт, 0363117 дугаартай Н.Төрболдын төрсний гэрчилгээний хуулбар, 0037369 дугаартай О.Н, А.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэр бүлийн тодорхойлолт, “МЭДС ТОБ” өрхийн эрүүл мэндийн төвийн Н.Төрболдыг эрүүл бойжиж буй тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р сургуулийн сургалтын менежерийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, ангийн багш Б.Содонтуяагийн тодорхойлолт, А.Оийн хариу тайлбар, насанд хүрээгүй хүүхэд Н.Төрболдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н нь А.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

О.Н, А.О нар нь 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 0037369 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүү Н.Төрболд төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан ба гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах хүсэлгүй, гэрлэгчдийн хэн хэн нь тусдаа хамтран амьдрагчтай болж тэдний дундаас бага насны хүүхэдтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул мөн хуулийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Төрболдыг эцэг О.Нын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

 Дархан-Уул аймгийн Дархан сумын “МЭДС ТОБ” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхэд Н.Төрболд нь одоо эцгийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.

Нэхэмжлэгч О.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд “... А.О өөрөө 2 хүүхэдтэй учир хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй...” гэсэн тайлбарыг гаргаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч А.О нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч А.Оээс тэтгэлэг гаргуулан хүү Н.Төрболдыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Н нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн болно.

Хариуцагч А.От шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Осоржангаагийн Н, Шаргууд овогт Алтантуяагийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Н.Төрболдыг эцэг О.Нын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, 5 дугаар баг Зүүнсайханы 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,  Шаргууд овогт Алтантуяагийн О /регистрийн дугаар: ГМ86082201/-ээс 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Төрболдыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. А.Оээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар О.Н, А.О нарын гэрлэлтийг цуцлаж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Н.Төрболдыг хүссэн үед нь уулзаж байхыг  эх А.От даалгасугай.

 

7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Оээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Нт олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР