| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0083/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/159 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0083/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч Б.Д-,
Шүүгдэгч О.Д-ий өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Т.Энхжаргал,
Шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1818002910556 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, О.Д ......... хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, , ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, Б.Б ......... хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
3.Монгол Улсын иргэн, Б.М 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Д- нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЭИ” ХХК-ны Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байхдаа “ЭИ” ХХК-ны Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-, иргэн Б.М- нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “ЭИ” ХХК-аас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЭИ” ХХК-ны Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа “ЭИ” ХХК-ны Дархан салбарын /“Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, иргэн Б.М- нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “ЭИ” ХХК-аас 26 удаагийн үйлдлээр 54.765.400 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М- нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЭИ” ХХК-ны Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, “ЭИ” ХХК-ны Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б- нартай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “ЭИ” ХХК-аас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч О.Д-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Анх Б.М- над дээр ирээд өмнөх салбарын эрхлэгчтэй нийлж осолдсон, явах боломжгүй, эсвэл задаргаанд орсон тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг барьцаалан зээл авч байсан талаар хэлсэн. Б.М- тухайн үед ээж нь өвчтэй гээд байхаар нь эхний удаа тусалсан. Цаашдаа өмнөх зээлээ төлөх зорилгоор дахин хуурамч зээл гаргасаар ийм байдалд хүрсэн. Би 2018 оны 03 дугаар сард хууль бус зүйл хийснээ ухаарч захирал, эдийн засагч нартаа өөрөө очиж үнэнийг хэлж, өөрийн буруутай үйлдлээ илчилсэн. *****, ***** хоёрын нэр дээр зээл авсан асуудлыг МТ мэдэхгүй, энэ үйлдэлд оролцоогүй.
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 08 сард “ЭИ” ХХК-ийн ажлын зарын дагуу очиж О.Д-тэй очиж уулзан ажилд орсон. Ажлын явцын дунд зээлээ төлдөггүй харилцагч дунд А.МТ байсан. Тэгээд Б.М- нь зээлээ төлөх боломжгүй талаар О.Д-д хэлж, улмаар хуурамч гэрээ байгуулж мөнгө авах ажлыг хийж эхэлсэн. *****, ***** хоёрын нэр дээр зээл авсан асуудлыг МТ мэдэхгүй, энэ үйлдэлд оролцоогүй. Хохирол төлбөрийг өөрийн боломжийн хэмжээгээр төлж барагдуулж байгаа. Амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны сүүлээр би 6360 ДАХ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашинын үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг “Ялалт” авто ломбардтай гэрээ байгуулан зээлээр худалдан авсан. Гэтэл 2015 оны шинэ жилээр найз маань унаж яваад осол гаргасан. Тэгэд хохирлоо иргэний журмаар нэхэмжилсэн боловч мөнгийг нь өгөөгүй тул би “Ялалт” авто ломбардтай байгуулсан зээлийн төлөлтийг хийж чадаагүй юм. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ялалт” авто ломбардын захирал ***** гэх хүн надтай “Хас” банкны ард талын автомашины зогсоолд уулзаж осолдсон.... ДАХ Тоёота Аллион маркийн автомашин байгаа, түүнийг өөрийнхөө нэрээр “Ялалт” авто ломбардтай гэрээ байгуулан зээл аваад өгвөл миний өмнөх зээлийг төлж өгнө гэсэн тул би зөвшөөрсөн. Тэгээд миний зээл бүрэн төлөгдсөн гэж бодож явтал “ЭИ” ХХК-ийн ажилтан О.Д- гэх залуу залгаж “зээлээ төл” гэсний дагуу очиж уулзахад ***** Бүгд Найрамдах Солонгос Улс руу явчихсан гэж хэлсэн. Тэгээд бүх болсон зүйлсийг О.Д-д хэлтэл түүнд мөнгөний хэрэг гарсан тул энэ аргаар эхлээд 2 удаа бусдын нэр дээр зээл гарган авсан. Тэгээд өмнөх авсан зээлээ төлөхөөр энэ үйлдлээ давтсаар ийм байдалд тулсан. Зарим нэг зээлийн асуудлыг би мэдэхгүй, миний оролцоогүй үйлдэл байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны эхээр анх Д.Ц гэж зээлдэгч манай төв салбар луу хандаж “танай ломбард миний нэр дээр хуурамч зээл гаргасан байна” гэж гомдол гаргасны дагуу би зээлийн эдийн засагч Ж-н хамтаар Дархан-Уул аймгийн салбар “Ялалт” авто ломбарданд 2018 оны 04 дүгээр сарын эхээр ирж шалгалт хийхэд нилээд олон төрлийн барьцаагүй, авто машины гэрчилгээг ашиглан зээл гаргаса, мөн манай зээлдэгч нар зээлээ төлсөн байхад тэдгээрийн бичиг баримтыг нь ашиглан дахин зээлийн гэрээ үүсгэсэн байсан. Энэ шалгалтаар бүх зөрчлийг илрүүлж, түүний дараа нэр бүхий хүмүүс дээр зээлийн гэрээ хуурамчаар хийсэн талаар 27 хүний баримтыг өгч, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Манай салбарын эрхлэгчээр ажиллаж байсан ДН, эдийн засагчаар ажиллаж байсан Батчулуу нар машины бичиг баримтыг ашиглан МТ гэж хүнтэй хамтарч хуурамч зээл гаргасан талаараа хүлээн зөвшөөрч байсан. Ерөнхийдөө үйл ажиллагаанд хэрэглэх зардал бэлнээр байгаагүй. Гэхдээ харилцагч нараас бэлнээр мөнгө авах касс байсан учраас Дөлгөөн, Батчулуу нар бол бэлэн мөнгөтэй харьцаж байсан. Бэлэн мөнгөний касснаас ямар нэгэн дутагдал гараагүй. Зөвхөн дээрх 27 хүний зээлийн асуудал л гарч ирсэн юм. Би гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 55.137.600 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17/,
-Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай “ЭИ” ХХК-ийн Дархан салбарын “Ялалт” нэртэй ломбарданд захирлаар ажиллаж байсан О.Д-, эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б- нар хуурамч бичиг баримт буюу бусдын бичиг баримтыг ашиглаж, хуурамч зээл гаргаад манай компанид хохирол учруулсан талаар өргөдөл гаргасан. О.Д- нь 2016 онд манай компанид ажилд орсон. Харин Б.Б- 2017 онд ажилд орсон. Манай төв салбар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг болохоор байнга биечилж хяналт тавих боломжгүй байсан юм. Тэгтэл О.Д-, Б.Б- нар нь зээл нь хаагдсан хэсэг хүмүүсийн бичиг баримтыг ашиглан 6 зээл, харин огт байхгүй 20 машины бичиг баримтыг ашиглан зээл авсан байдаг. Би хянахдаа машины бичиг баримт манай компани дээр шилжсэн эсэхийг шалгаж, зээл авч байгаа хүний бичиг баримт зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгаж байсан, тэгэхээр бүгд тохирч байсан. Зээл авч байгаа данс нь зээлдэгчийн данс байдаг. Тэгэхээр нь зээл олгоод байдаг байсан юм.
...харин сүүлийн 20 зээлийг бол унаж гэмтээд, задаргаанд ороод байхгүй болсон машины бичиг баримтыг МТ гэж хүнтэй хамтарч олж аваад тэр бичиг баримтаа манай “ЭИ” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд зээл гаргадаг талаар хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51/,
-Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 онд Дархан-Уул аймгийн “Ялалт” авто ломбарданд Приус 20 автомашинаа тавьж 2.000.000 төгрөгийн зээл авсан юмаа. Тэгээд авсан зээлээ цаг хугацаанд нь дарж дуусгасан. Тэгээд би өнөөдөр ажлаа хийж байтал 80116006 гэсэн дугаараас залгаад “Ялалт” компанийн захирал байна, таны зээл хугацаа хэтрээд 40 хоног болсон байна.” гээд намайг зээлээ төлөхийг шаардсан. Тэгэхээр нь би “мөнгөө төлөөд дуусчихсан шүү дээ, би машинаа зараад удаж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь “таны нэр дээр 2.700.000 төгрөгийн зээл байна, та 2017 оны 11 сард дахиж зээл авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дарханы “Ялалт” авто ломбард дээр ирж Батчулуу, Дөлгөөн гэж хүмүүстэй уулзахад “бид хоёр тийм зээл гаргаагүй тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би 80116006 гэсэн дугаар луу нь залгаж хотод байдаг төв захиралтай нь холбогдоод энэ хоёр хүн ийм зээл гаргаагүй гээд байна гэж хэлсэн. Би захиралтай нь утсаа чанга яригч дээр нь тавиад яриултал захирал нь “2017 оны 11 сард 2.700.000 төгрөгийн зээлийг Батчулуу гэж хүн гаргасан байна” гэж ярьсан. Тэгсэн чинь Батчулуу, Дөлгөөн хоёр зээл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд 7 хоногийн дотор барагдуулж өгье гэж гуйсан.
...миний бичиг баримтны хуулбарууд бүгд байсан. Өмнө зээл авч байсан. Миний гарын үсгийг хуурамчаар дуурайж зурсан байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68/,
-Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баяраагийн МТ гэж ах “виза картаа өгөөч, түр хэрэглээд өгье” гээд надаас аваад 2-3 хоног хэрэглэж байгаад буцаагаад өгсөн. Тэгж байхдаа л мөнгө авсан байх аа. Надад бол ямар нэгэн хүнээс ийм их мөнгө ирээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69/,
-Гэрч П.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгтэл өнөөдөр машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн чинь миний нэр дээр зээл гарчихсан байгаа талаар хэлж цагдаатай уулз гэхээр нь ирж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70/,
-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын эхээр өөрийнхөө машиныг нэр дээрээ шилжүүлж авъя гээд очсон чинь цагдаад хандсан байгаа, таны нэр дээр зээл гарсан байна, цагдаад хандах хэрэгтэй гэж хэлсэн байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71/,
-Гэрч П.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед МТ миний иргэний үнэмлэхийг нэг удаа гуйж авсан. Тухайн үед нэг машин авч байгаа, цагаан өнгийн Приус 20 маркийн машин байгаа гэж байсан. Тэр машиныг нь хараагүй, зүгээр нэг машины бичиг баримт шилжүүлж авч ирсэн. Тэгэхдээ иргэний үнэмлэхтэй хүн байхгүй байна гээд миний нэр дээр тэр машины бичиг баримтаа шилжүүлж авч ирж байсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 /,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Удалгүй миний Хаан банкны ***** дугаартай данс руу 2.786.000 төгрөг орсон. Тэгээд МТ ахтай Парк тауны АТМ дээр уулзаад МТ ахын данс руу шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73/,
-Гэрч Н.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд зээлийн гэрээ хийгээд би гарын үсэг зурсан. Миний Хаан банкны ........гэсэн данс руу 3.395.000 төгрөг орсон. тэр мөнгийг АТМ дээр очоод МТ тэр 3.395.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шууд шилжүүлээд авсан. Би тэр зээлээс нэг ч төгрөг аваагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78/,
-Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад .... ДАР улсын дугаартай машин байхгүй. Бичиг баримтыг нь яаж шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн надад бичиг баримтыг үзүүлэхэд ЭИ ххк-ийн нэр дээр шилжсэн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80/,
-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний нэр дээр энэ Приус-20 маркийн ..... ДАР улсын дугаартай машины бичиг баримтаар 3.400.000 төгрөгийн зээл гаргасан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82/,
-Гэрч Л.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэрийг нь нарийн ойлгоогүй. Тэгээд удалгүй миний дансанд мөнгө ороод харахад 3.495.000 төгрөг орж МТ өөрөө миний картыг авч яваад 3.490.000 төгрөгийг МТ өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83/,
-Гэрч А.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Саяхан МТ ах надтай утсаар холбогдоод “цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна, би чиний иргэний үнэмлэхийг ашиглаад зээл авсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь надад ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэсэн чинь ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87/,
-Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...МТ надаас гуйгаад байсан болохоор нь би энэ зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад мөнгө нь миний данс руу орохоор нь МТад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89/,
-Гэрч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...МТ надаас гуйж байгаад нэг зээл авах гэсэн чинь над дээр зээл гардаггүй, чиний нэр дээр энэ машиныг шилжүүлж байгаад зээл авъя гээд хар өнгийн Приус-20 маркийн машинтай ирээд тэр машины бичиг баримтыг нотариат орж гэрээ хийгээд “Ялалт” ломбарднаас нэг бичиг аваад тэр бичиг баримтаа авто тээвэр лүү өөрөө барьж ороод шилжүүлсэн би шилжүүлэхэд нь ороогүй, гадна машинд сууж байсан. Тэгээд гэрчилгээг нь солиулаад “Ялалт” ломбард дээр ирж 3.000.000 төгрөгний зээл авсан. Тэр 3.000.000 төгрөг нь өдөртөө миний данс руу ороод бүх мөнгийг МТ өөрийнхөө данс руу шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92/,
-Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би огт мөнгө аваагүй. Нэг удаа МТ надаас виза картаа өгөөч гэж гуйж авсан юмаа. Тэгсэн чинь миний дансаар энэ зээлээ авсан байсан юм байна лээ. Миний 5108162034 гэсэн дансаар 3.695.000 төгрөг ороод удалгүй миний данснаас гарсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93/,
-Гэрч У.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “ЭИ” ХХК-ийн “Ялалт” нэртэй ломбарднаас 4.500.000 төгрөгийн зээл аваагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94/,
-Гэрч Ю.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “ЭИ” ХХК-ийн “Ялалт” нэртэй ломбарднаас 3.800.000 төгрөгийн зээл авч байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б- ажлаасаа гараад “Ялалт” нэртэй ломбарданд ажилд орсон байсан. 2017 онд надтай Б.Б- ганцаараа ирж уулзаад “найз нь нэг машин барьцаанд тавих гэсэн юмаа, би өөрийнхөө нэр дээр авч болохгүй байна, би өөрөө дотор нь ажилладаг болохоор болдоггүй юм. Чиний нэр дээр зээл авчихаад би төлнө” гэхээр нь”үгүй, би ямар нэгэн зээлийн асуудалд ормооргүй байна” гэсэн чинь надаас 10 орчим хоног ажил дээр ирж гуйгаад байсан. Тэгэхээр нь “чи найдвартай төлнө биз дээ” гэсэн чинь “би найдвартай төлнө” гэхээр нь би зөвшөөрөөд гэрээн дээр гарын үсэг зурсан. 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад тэр мөнгө нь манай эхнэрийн дансанд ороод би тэр мөнгийг эхнэрийн картнаас авч Б.Б-д өгсөн. Б.Б- авахдаа бэлнээр эхэлж 500.000 төгрөг аваад, дараа нь ***** дугаарын данс руу 2.895.000 төгрөг шилжүүлэн авсан. Үлдсэн 100.000 төгрөгийг бэлнээр картнаас авсан. Тэгтэл намайг “ЭИ” ХХК-иас шүүхэд өгөөд шүүхээс намайг 6.982.500 төгрөгийг төлөх шийдвэр гараад би шүүхийн шийдвэрийн дагуу 6.982.500 төгрөг дээр нь шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны зардал 80.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 63.335 төгрөг, нийлээд 7.126.000 төгрөгийг “ЭИ” ХХК-ийн ......... дугаарын дансанд төлсөн. Би зээлээс нэг ч төгрөг аваагүй. Бүх мөнгийг Б.Б-д өгсөн. Би нэгэнт зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан болохоор зээлийн хүүтэй хамт буцаан 7.126.000 төгрөгийг “ЭИ” ХХК-ийн дансанд төлж, өмгөөлөгч 400.000 төгрөгөөр авсан. Ингээд би Батчулуу, Дөлгөөн нараас 7526000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-47/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны эхээр манай найз Б.М- надаас “цахим үнэмлэхээ өгөөч, чиний нэр дээр машины бичиг барьцаанд тавих хэрэгтэй байна” гээд гуйхаар нь би “үгүй” гээд хэлсэн чинь дахин дахин гуйгаад би сард төлбөрийг нь хийх болно гээд гуйгаад байхаар нь би зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад миний данс руу 2.500.000 төгрөг ороод тэр мөнгийг нь Б.М- миний картнаас авсан. Би нэг ч төгрөг аваагүй. Б.М- зээлийн ажилтан Б.Б-д 200.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нөгөө ломбарднаас яриад байхаар нь би “тэр зээлийг би аваагүй, Б.М- гэж хүн авсан, танай зээлийг өгсөн хүмүүс мэдэж байгаа, тэр хүмүүс чинь бид нар зээлийг нь сар сардаа төлөөд байх болно гээд байсан” гэж хэлсэн. Түүнээс хойш намайг “ЭИ” ХХК-иас шүүхэд өгөөд би гэрээн дээр гарын үсэг зурсан учраас намайг уг мөнгийг төлөх ёстой гээд шүүхийн шийдвэр гарч би 3.956.250 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан. Би Б.М-тай эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч миний мөнгийг одоо хүртэл өгөхгүй байгаа. Би шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 3.956.250 төгрөгийг Б.М- болон нөгөө 2 залуугаас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50/,
-“ЭИ” ХХК-ийн Салбарын захирал О.Д-, Зээлийн эдийн засагч Б.Б- нар ажиллаж байх хугацаандаа /зээлдэгч нартай байгуулсан гэрээний талаархи мэдээллийг хүснэгтийн тайлбар хэсэгт харуулсан болно/ нийт 27 гэрээгээр 89.700.000 төгрөгийн зээл гаргасан байна. Үүнээс 34.562.399.99 төгрөгийн зээлийн төлбөр хийгдсэн. Нийт 55.137.600.01 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 2018 оны 03 дугаар сарын 16-ны хооронд гаргасан. Зээлийн төлбөр орж ирээгүйн улмаас дээрх зээлийг гаргасан О.Д-, Б.Б- нараас нийт 55.137.600.01 төгрөгийн авлага үүсгэж байна.”гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 113-120/,
-Зээлийн гэрээний хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 126-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-17/,
-О.Д-ийг Дархан салбарын эрхлэгчийн ажилд томилсон “ЭИ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 57-62/,
-Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 62-68/,
-Хаан банкны депозит дансны дэлгэрэгүй хуулгууд / 2 дугаар хавтаст хэргийн 80-117, 134-250/,
-“ЭИ” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/67, 69 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал /3 дугаар хавтаст хэргийн 05-06/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Д-ийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЭИ” ХХК-ийн Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байхдаа “ЭИ” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-, иргэн Б.М- нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “ЭИ” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б-г 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЭИ” ХХК-ийн Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа “ЭИ” ХХК-ийн /Дархан салбарын “Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, иргэн Б.М- нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “ЭИ” ХХК-иас 26 удаагийн үйлдлээр 54.765.400 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М-ыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЭИ” ХХК-ийн Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, “ЭИ” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б- нартай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “ЭИ” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог дараах байдлаар тооцож, бодит хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1 дүгээр хавтаст хэргийн 113-120/ иргэн *****ийн нэрээр авсан зээлийн үлдэгдлийг 3090000 төгрөгөөр тооцож, хохирлын хэмжээнд оруулан тооцжээ.
Гэтэл “ЭИ” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 827 дугаартай шийдвэрээр иргэн *****ээс 4642167 төгрөг гаргуулж, “ЭИ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нарын “ЭИ” ХХК-нд учруулсан хохирлоос 3090000 төгрөгийг хасаж, шүүгдэгч О.Д-ий гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг 52047599 төгрөг, шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг 51675400 төгрөг гэж үзэхээр байна.
Харин шүүгдэгч Б.М- нь Б.*****, П.***** нарын нэрээр олгосон зээлийн асуудалд оролцоогүй болох нь шүүгдэгч О.Д-, Б.Б- нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1 дүгээр хавтаст хэргийн 113-120/ тусгагдсан дүнгээр буюу Б.*****ын зээлийн үлдэгдэл 4500000 төгрөг, П.*****ын зээлийн үлдэгдэл 1596000 төгрөг, мөн *****ийн нэрээр авсан зээлийн үлдэгдэл 3090000 төгрөг, нийт 9186000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Б.М-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг 45951600 төгрөг гэж тогтоох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч О.Д-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “ЭИ” ХХК-нд 52047599 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б-г албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “ЭИ” ХХК-нд 51675400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “ЭИ” ХХК-нд 45951600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Д-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Харин шүүгдэгч Б.М-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ 45951600 төгрөг байх тул шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
“ЭИ” ХХК-нд шүүгдэгч О.Д- нь 18427233 төгрөг, шүүгдэгч Б.Б- нь 18241133 төгрөг, шүүгдэгч Б.М- нь 15379233 тус тус хариуцан төлөх ёстой бөгөөд шүүгдэгч О.Д- нь 13172000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч О.Д-өөс 5255233 төгрөг, шүүгдэгч Б.Б- нь 7000000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Б.Б-гаас 11241233 төгрөг, шүүгдэгч Б.М- нь 6500000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Б.М-аас 8879233 төгрөгийг тус тус гаргуулж, “ЭИ” ХХК-нд олгож, ЭИ” ХХК-ийн иргэний нэхэмжлэлээс 3090000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Ц нь өөрийн нэрээр 3500000 төгрөгийн зээл авч, шүүгдэгч нарт өгсөн бөгөөд “ЭИ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 785 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн*****аас 6982500 төгрөг гаргуулж, “ЭИ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсний дагуу дээрх төлбөрийг***** төлж барагдуулсан болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолоор /1 дүгээр хавтаст хэргийн 37/ нотлогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Ц- нь 6982500 төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны зардал, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 7126000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нараас дээрх төлбөрийг хувь тэнцүүлэн хүн тус бүрээс 2375333 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч*****т олгохоор шийдвэрлэв.
Харин иргэний нэхэмжлэгч Г.Ц нь сайн дураар өмгөөлөгч сонгон авсан байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 400000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Г.Нямсайхан, ***** нар нь шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан зээлийн төлбөрийг шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Д-, Б.М- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт торгох, шүүгдэгч Б.М-ад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч О.Д-г албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “ЭИ” ХХК-нд 52047599 /тавин хоёр сая дөчин долоон мянга таван зуун ерэн ес/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б-г албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “ЭИ” ХХК-нд 51675400 /тавин нэгэн сая зургаан зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “ЭИ” ХХК-нд 45951600 /дөчин таван сая есөн зуун тавин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б, О.Д нарт тус бүр 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялын 10000000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эхний 35 сарын хугацаанд сар бүр 280000 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 200000 төгрөгөөр тооцон, нийт 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-ад анхааруулсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Д-өөс 5255233 /таван сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун гучин гурав/, шүүгдэгч Б.Б-гаас 11241233 /арван нэгэн сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/, шүүгдэгч Б.М-аас 8879233 /найман сая найман зуун далан есөн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж “ЭИ” ХХК-нд, шүүгдэгч О.Д-өөс 2375233 /хоёр сая гурван зуун далан таван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч Б.Б-гаас 2375233 /хоёр сая гурван зуун далан таван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч Б.М-аас 2375233 /хоёр сая гурван зуун далан таван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дархан-Г.Ц-д тус тус олгож, “ЭИ” ХХК-ийн иргэний нэхэмжлэлээс 3090000 төгрөг,*****ын иргэний нэхэмжлэлээс 400000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Нямсайхан, ***** нар нь шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан зээлийн төлбөрийг шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ