Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 23

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.УгтахБ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: ******* *******, *******, ******* ******* /регистрийн дугаар: *******/

Хариуцагч: ******* *******ын *******, /регистрийн дугаар: 9/

2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Л.Б нь 2011 оны 05 дугаар сараас 2012 оны 02 дугаар сарыг дуустал тэтгэвэрийн зээлийн 10 сараар хийлгүүлж авсан. Тухайн үеийн сарын тэтгэвэр 106.000 төгрөг байсан. Нийт 1.060.000 төгрөгийг авсан. Мөн хоёр дахь удаа буюу 2012 оны 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал 10 сарын цалингийн зээл хийлгэж 1.060.000 төгрөгийг нэмж авсан. Нийт хоёр удаагийн зээл 2.120.000 төгрөг авах ёстойгоос 2011 оны 05, 06, 07, 08, 09 дүгээр саруудын тэтгэвэр 530.000 төгрөгийг эргүүлж өгсөн. Мөн Л.Баас бэлнээр 390.000 төгрөгийг сувруулж авсан. Үлдэгдэл 1.200.000 төгрөг авах ёстой. Мөн 2013 оны цагаан сар болохоос өмнөхөн зээл хаагаад маргааш эргүүлж өгье гэж хэлээд 800.000 төгрөг аваад одоо болтол өгөөгүй. Иймд нийт 2.000.000 төгрөгийг Л.Баас гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 2 удаа тэтгэвэрээ зээлж мөнгөө энэ хүнд өгсөн. Олон удаа нэхсэн боловч өгөөгүй. Сүүлдээ утсаа авахаа больсон. Тэр хүн мөнгө авсан нь үнэн боловч өөрөө хэрэглээгүй гэдэг тайлбарыг өгдөг. Би тэр хүнд мөнгө өгсөн нь үнэн болохоор хэн нь хэрэглэсэн нь надад хамаагүй. Энэ хүнээс л мөнгөө гаргуулж авна. Энэ хүн авснаа хүлээдэг боловч өгч чадахгүй гэсэн тайлбар өгсөн байсан. Миний хувьд авах нь үнэн. Би одоогийн ханшаар мөнгөө хүүлж хүү мөнгө нэхээгүй. Тухайн үед өгсөн мөнгөө одоо авна гэж хэлсэн гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Б миний бие нэхэмжилж байгаа 2.000.000 төгрөг нь миний дансаар орж ирсэн нь үнэн боловч тухайн үед уг мөнгийг би хэрэглээгүй. Цэрэнноровын Өлзийсайхан уг мөнгөөр фургон машин худалдан авсан. Миний бие БОЭТ-ийн төрөх тасагт үйлчлэгч хийдэг. Сарын цалин 387.000 төгрөг авдаг. Үүнээс банкны зээлэнд 350.000 төгрөг төлж гар дээр 27.000 төгрөг авдаг. Иймд уг мөнгийг төлөх боломж байхгүй. Тав хоногийн өмнө Ц.Өлзийсайхантай холбоо барьхад авга ах болох З.Дансран, эхнэр Ж.Д нарт тооцоо дууссан гэсэн. Өөрийн биеэр ирж эдгээр хүмүүстэй уулзана гэсэн. Иймд миний тайлбарыг хүлээн авч хуулийн хүрээнд шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: овогтой Б миний бие хүлцэл өчье. Хүүхдийн бие өвдөөд Улаанбаатар хотын ЭХЭМҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаа тул миний биеийн оролцоогүй хэргийг шийдэж өгч тусална уу гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлсөн баримт, хариуцагч Л.Бын хариу тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Д нь Л.Бт холбогдуулж 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Д нь  Л.Бт 2.000.000 төгрөгийг зээлүүлсэн гэж, 

Хариуцагч Л.Б нь “ ... 2.000.000 төгрөг нь миний дансаар орж ирсэн нь үнэн боловч тухайн үед уг мөнгийг би хэрэглээгүй. Цэрэнноровын Өлзийсайхан уг мөнгөөр фургон машин худалдан авсан...” хэмээн маргаж байна.

2011, 2013 онд Ж.Д нь Л.Бын хүсэлтээр тэтгэврийн зээл авч нийт 2.120.000 төгрөгийг өгсөн ба үүнээс хариуцагч 920.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.200.000 төгрөг дээр 800.000 төгрөгийг нэмж нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож, талууд энэ талаар маргахгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”  заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Л.Б нь “... уг мөнгийг төлөх боломж байхгүй. Тав хоногийн өмнө Ц.Өлзийсайхантай холбоо барьхад авга ах болох З.Дансран, эхнэр Ж.Д нарт тооцоо дууссан гэсэн...” гэсэн тайлбарыг гаргаж маргаж байх боловч энэ тухай нотлох баримтаар нотлоогүй болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн хуулийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх  үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлж байсан тухай тайлбарыг хариуцагч няцаагаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг түүний оршин суух хаягаар мэдэгдэх хуудсаар хүргүүлж мэдэгдсэн бөгөөд өөрийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Баас 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгосугай.

2. нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 46.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР